МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа
2019.12.12
Хууль, эрх зүй

Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.12\ хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа.

Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” үндсэн эрхийг хангах зорилт бүхий Өмгөөллийн тухай хуулийн ололттой зарим үзэл санаа, зохицуулалтыг дэмжиж байгаа боловч 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын хуульчдын холбоонд бүрэн шилжсэн “Өмгөөлөгчдийн холбоо” гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй байна. Учир нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, онцлог бүхий, манай Хуульчдын холбооных шиг тогтолцоо хэдийгээр түгээмэл биш боловч шүүмжлэн буруутгах үндэслэл болохгүй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж.

Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, уг хуультай хамт батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн дээрх хэсгүүдэд хэсэгчлэн тавьсан, мөн Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Пүрэвдорж, Н.Учрал нар асуулт асууж тодрууллаа.

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонх үзлээ. Иймд энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

ШИНЭ МЭДЭЭ