МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Далай ашиглах тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2019.12.12
Зам, Тээвэр

Далай ашиглах тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.12\ хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцэд 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хуулийн төсөлд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналт, хянан шалгагчийн зохицуулалт шинээр тусгажээ. Мөн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотойг зохицуулалт, хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлсэн байна.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хуулийг практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээвийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцууллаа. 

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Далай ашиглах үйл ажиллагааны нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын уялдаа, холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжрахаас гадна хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой юм.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-оргил, Ж.Энхбаяр нар асуулт асууж, Гадаад хэргийн сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайд, холбогдох мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар авсан юм. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ