Иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгохыг дэмжив
2019.12.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгохыг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ж.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс хуулийг хүчингүй болгосноор орхигдуулсан заалт, зүйл бий эсэхийг тодруулахын зэрэгцээ Монгол Улсын хүнсний бараа бүтээгдэхүүнд импортын барааны эзлэх хувийг лавлав.

Ажлын багаас Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан албан журмаар баяжуулах хүнсий бүтээгдэхүүний жагсаалт гарсан. Засгийн газраас баталсан  уг журамд заавал баяжуулах хүнсний жагсаалтад гурил, давс орсон тул Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэсэн тул хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор орхигдсон хуулийн зохицуулалт, асуудал байхгүй гэж байлаа. Мөн Монгол Улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний жагсаалтад багтсан хүнсний бүтээгдэхүүний 51.1 хувийг импортын бараа, бүтээгдэхүүн эзэлж байгааг хариултдаа дурдав.

Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Тиймээс хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хууль санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлая"  гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Ингээд энэ талаарх санал дүгнэлтийг чуулганын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Хуралдааны төгсгөлд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг  хэлэлцүүлэгт бэлтгэх  үүрэг бүхий Ажлын баг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. 

ШИНЭ МЭДЭЭ