МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий хяналтын сонсгол боллоо
2019.12.18
Эдийн засаг, Худалдаа

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий хяналтын сонсгол боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2019.12.17/ Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа.

Сонсголд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкуудын холбоо болон арилжааны банкуудын төлөөлөл оролцлоо. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан даргалж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Я.Содбаатар, Б.Ундармаа нар оролцлоо.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг УИХ 2017 оны 5 дугаар сард баталсан бөгөөд 2018.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Ерөнхий хяналтын сонсголын эхэнд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой танилцуулгыг Монголбанкны төлбөр тооцооны газрын бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан танилцуулсан юм.

Уг хууль батлагдсанаар төлбөрийн систем, төлбөрийн үйлчилгээ, цахим төлбөр тооцоо гэх мэт мэдээллийн технологийг даган хурдтай хөгжиж байгаа нэн чухал зүйлсийг шинээр тодорхойлсон бөгөөд энэ системд хэн оролцож, ямар үйлчилгээ үзүүлэх, ингэхдээ ямар шаардлага хангаж, хэрхэн зөвшөөрөл авах, ямар дүрмийн дагуу тоглох  гэх мэт банк санхүүгийн бусад хуулинд байдаггүй зүйлсийг зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл манай төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалт нь олон улсын стандартад нийцэж, шаардлагыг хангаж эхэлсэн гэдгийг илтгэлдээ онцоллоо. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр нар хуулийн хэрэгжилттэй холбоотой өөрчлөлт, үр өгөөж, мөн хаана ямар асуудал байгаа, газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа тухай оролцогчдоос асуулт асууж, хариулт авсан юм.

Уг хууль батлагдсанаар бий болсон хамгийн том өөрчлөлт, шинэчлэлт нь өмнө нь зөвхөн банк, ББСБ гэсэн хоёрхон байгууллага оролцдог байсан төлбөрийн системийн талбарт энэ хоёроос бусад байгууллага оролцож, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх боломжийг Монгол Улсад анх удаа нээсэн явдал гэдгийг тодотгосон юм.  Мөн төлбөрийн картын системд зөвхөн банкууд оролцдог байсан, журам дахь зөвшөөрөл авах шаардлагыг хуулийн этгээд болгож өөрчилснөөр Банкнаас бусад байгууллага оролцох боломжтой болсон, одоогоор Хай пэймэнт солюшнс ХХК буюу энэ HiPay гэсэн байгууллага зөвшөөрлөө аваад байгаа гэлээ.

Хуулийн хүрээнд шинээр бий болсон зохицуулалт нь цахим мөнгө гаргах үйлчилгээ болон төлбөрийн системийн оператор, төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх юм. Үүний нарийвчилсан зохицуулалтыг хийх зорилгоор 2018 оны 2-р сард Цахим мөнгөний журмыг, 10 дугаар сард Клирингийн системийн оператор болон төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагааны журмыг боловсруулж, батлуулсан байна.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд эдгээр зөвшөөрөл авсан оролцогчдод газар дээр шалгалт хийх, зайнаас хяналт тавих эрх, үүрэг Монолбанкинд бий. Төлбөрийн системийн оролцогч бүх банкуудыг хамарсан иж бүрэн шалгалтыг жил бүр хийж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрт мэдэгдэж, залруулах талаар арга хэмжээ авсан байна.

Цахим мөнгө гаргах зөвшөөрөл авсан Мобифинанс ББСБ-ын үйл ажиллагаанд анх удаагаа шалгалт хийж, зөвлөмж хүргүүлсэн гэлээ. Банкууд болон төлбөрийн системийн оролцогчдоос сар бүр тоон мэдээ цуглуулж авдаг бөгөөд энэ тоон мэдээг боловсруулж улирал бүр тайлан гарган, олон нийтэд ил Монголбанкны цахим хуудсанд байршуулж байгаа хэмээн Ерөнхий хяналтын сонсголд Монголбанкнаас мэдээлсэн юм.

Монголбанк болон оролцогчид Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай заалт нь Зөрчлийн хуульд тусгагдаж ороогүй байгаагаас хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэхэд хүндрэлтэй, зарим тохиолдолд боломжгүй байна.

Иймд Зөрчлийн тухай хуульд холбогдох хариуцлагыг тусгаж оруулах шаардлагатай. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төлбөрийн хэрэгсэл гаргах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, цахим төлбөр тооцоо гүйцэтгэх зөвшөөрөл олгох заалтууд нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудтай давхацсанаар ойлгомжгүй байдал үүсгэж, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь хэнээс зөвшөөрөл авах нь тодорхойгүй байна. Үүнийг зохицуулж хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай зэрэг саналуудыг гаргалаа .

ШИНЭ МЭДЭЭ