МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Чингисийн чулууны бичиг"-ийн дурсгалын хуулбарыг шинээр барих Чингис хааны музейд хадгална
2019.12.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Чингисийн чулууны бичиг"-ийн дурсгалын хуулбарыг шинээр барих Чингис хааны музейд хадгална

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санктпетербург дэх дэлхийд алдартай Эрмитаж музейд зочилсон билээ.

Энэ үеэр Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд XIII зууны үед хамаарах Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн юм. Уг дурсгалыг шинээр барихаар төлөвлөж буй Чингис хаан музейд хадгална гэдгээ гэрээ байгуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.

Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский "Шинэ музей барих гэж буйтай холбогдуулан бид энэ дурсгалын хуулбарыг бэлэглэж байна” гэв.

Чингисийн чулууны бичиг нь Монголын уран бичлэгийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг.

Монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн аж. Хуралдайн үеэр Есүнгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ.

Чингис хааны нэрийг дээд мөрнөөс, Есүнгэ мэргэний нэрийг арай доороос, бусад үгийг түүний доод түвшингээс эхлэн бичсэн байдаг нь XIII зууны эхэн үед монгол албан бичгийн гол ёс болох мөр тэтгэн бичих зарчим хэдийн хэвшин тогтсон байсныг гэрчилнэ.

ШИНЭ МЭДЭЭ