Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ
2019.12.19
Хүний эрх

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.19\  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан тохиолдолд оноож буй шийтгэл нь үр нөлөө багатай байна хэмээн үзэж торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг төслүүдэд тусгасан байна. Түүнчлэн санхүүгийн зах зээлийн оролцогчдыг тогтмол хянаж, шалгахтай холбоотой зохицуулалтыг төслүүдэд тусгаад байгаа аж.

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн байдлаар 2010 хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянадаг байна. Хэлэлцэж буй төслүүд батлагдсанаар улсын бүртгэлд бүртгэлтэй 5000 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлал эрхэлдэг хуулийн этгээд, 190 орчим алт, үнэт эдлэлийн арилжаа эрхэлж буй хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд тус хороо хяналт тавих юм байна. Үйл ажиллагаа ийн өргөжиж буйтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах шаардлага үүсч байгаа аж.

Эрх бүхий байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх харъяалал давхардсан, дуудан ирүүлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс зөрчлийн холбогдогч хүрэлцэн ирэхгүй, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хуульд заасан хугацаа дуусч, хэргийг хэрэгсэхгүй болгодог, шинжээчийн эрх үүргийг хуульд тусгаж өгөөгүйгээс дүгнэлт гаргуулахад хүндрэл учирдаг, шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газраас батлуулахаар хуульд заасан боловч шийтгэлийн хуудсыг хэрхэн хэрэглэх нь тодорхой бус байгаа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг заалтыг иш татсан зохицуулалт олон байгаа нь хууль хэрэгжүүлэх ажиллагаанд хүндрэл учруулдаг зэрэг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага бий болоод байна.

Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт болж дуусаагүй байхад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Нямдорж нар  Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх санал гаргаж түүнийг гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд энэ хуулийг түр хойшлууллаа.

ШИНЭ МЭДЭЭ