МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Би хуулийн төсөл санаачлагчдын нэг биш. Өвлийн морин уралдааныг дэмжихгүй
2019.12.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ж.Бат-Эрдэнэ: Би хуулийн төсөл санаачлагчдын нэг биш. Өвлийн морин уралдааныг дэмжихгүй

Itoim Сэтгүүлч Л.Одончимэг

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилжээ. Харин уг төслийг өргөн барихад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зураагүй, бусад гурван гишүүний гарын үсэгтэй төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсэн. Хуулийн төсөл болон Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Таныг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлагчдын нэг гээд байгаа. Тэгсэн хэрнэ хуулийн төсөлд гарын үсэг зураагүй?

-Би хуулийн төсөл санаачлагчдын нэг биш. Яг уралдаж байгаа морьдууд дунд эрлийз цусгүй морь байхгүй болчихлоо. Үүнээс болоод бид наадмаа хийж чадахаа больчихоод байна. Хот, аймаг, суман дээр ч морио уралдуулах гэж бөөн хэрүүл болдог болчихлоо. Том жижиг, дэл сүүл нь өтгөн, шингэн гэж ялгаад л. Тэртээ тэргүй хурдан морь уралдуулъя л гэж байгаа юм бол морьдоо хурдан болгох юмнуудаа хийх хэрэгтэй.

Монголчууд хэзээнээсээ л морьдоо сайжруулахын тулд цусаа сайжруулаад явж байсан. Монгол Улс дулаарчихгүй, цаг агаар өөрчлөгдөхгүй. Хүссэн хүсээгүй цаг агаарын өөрчлөлтдөө ороод монгол адуу Монголоороо байна. Дулаан байшинд байгаа морьд нэг, хоёр жил болоод л монголжоод явж байна. Тиймээс миний барь байгаа бодлого бол морьдоо өндрөөр нь хэмжээд явъя гэж байгаа юм. Морь барьж уяад үлдээхийн тулд таван сая төгрөг төлдөг гэсэн яриа хүртэл гарч байна шүү дээ. Гаргаад явуулбал 10 сая. Монгол наадам ийм муухай байж болохгүй. Тиймээс хуулийн төслийн энэ заалтыг бол би дэмжиж байгаа.

Мөн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл хүүхэд уралдуулахыг зөвшөөрч байгаа. Өвлийн улиралд уралдаан байхгүй байж болно. Хүүхдүүдээ бодох хэрэгтэй. Өөрийнхөө хүүхдийг гоё хувцаслачихаад уяач хүүхдээ нусыг нь гоожуулчихаад дагуулаад явж байдаг уяачид зөндөө байдаг. Тэднийг харахад яс хавталздаг л байхгүй юу. Тиймээс хүүхдийн асуудал дээр би зөвшөөрөхгүй. Хуулийн төслийн тухайд би Болорчулуунтай нөгөө талынх нь хууль дээр ярьж байсан. Тэгээд хуулийн төсөл дээр гарын үсэг зураагүй. “би наадах дээр чинь санаачлагчаар орохгүй” гэж хэлээд явуулсан. Гарын үсэг зураагүй. Тэгсэн харин миний нэр үлдээд санаачлагчаар яваад байгаа юм.

-Та гарын үсэг зураагүй гэж байгаа ч хууль санаачлагчдын нэг болоод явж байна. Тэгэхээр нэрээ татах гэсэн асуудал байх уу?

-Байхгүй шүү дээ. Аливаа юм гарын үсэг зурснаараа баталгаажна. Түүнээс миний нэрийг 1000 тэнд зоогоод хамаагүй. Эсвэл Тамгын газраас бичиг авах юм уу.

-Тэртээ тэргүй хуулийн төслийг Их хуралд өргөн барьсан учраас хэлэлцэн шийдвэрлэнэ. Тэгэхээр та хэрхэн санал өгөх вэ?

-Хурдан морьдыг өндрөөр нь хэмжиж уралдуулахыг дэмжинэ. Харин өвөл хүүхэд уралдуулахын эсрэг санал өгнө.

Авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй. Гурван сая гаруй хүнээс 76-хан хүн сонгож байж нэр цэвэр хүмүүсээ сонгох хэрэгтэй

-УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх санал дэмжигдсэн. Та энэ заалтыг дэмжих үү?

-Би энэ заалтыг дэмжинэ. Өнгөрсөн хавар зөндөө л юм болсныг хүмүүс санаж байгаа байх. Би Их хурлыг таръя гэж хүртэл гарын үсэг зурж байсан. “Үнэхээр Их хурал гадна талдаа муухай харагдаад, ард иргэд үзэн ядаад, хэдэн үл бүтэх этгээд орж ирээд суусан гэж байгаа бол тарах хэрэгтэй. Муу муухайгийн үүр болчихоод байгаа бол тараад буцаад тойрог дээрээ очих улаан нүүр байгаа бол дахиж сонгогдоод буцаад ирье” гэж хэлж байсан хүн шүү дээ. Гурван сая гаруй хүн дотроос 76-хан хүн сонгож байгаа бол энэ 76-гаа цэвэрхэн сонгоод явуулах хэрэгтэй. Заавал албан тушаал, авлигын асуудалд орсон хүнийг ийшээ оруулах ямар шаардлагатай юм. Тэр хүмүүс цаашаа яв л даа. Хийдэг ажлаа хийгээд, бизнесээ хийгээд, амьдардгаараа амьдраад явах хэрэгтэй. Заавал ийшээ ороод байх шаардлага байхгүй.

-Ялаа эдлээд дууссан хүнийг бүх насаар нь яллах хэрэггүй гэдэг байр суурьтай ч гишүүд байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр байнгын хороон дээр энэ санал уначихаад байгаа шүү дээ?

-Авлига албан тушаалын хэрэгт орооцолдож, ял авч байсан хүмүүсийг хохино л гэж хэлмээр байна. Яах гэж анхнаасаа тийм хэрэг хийсэн юм. Одоо яагаад 76 руу орохын төлөө зүтгээд байгаа юм. Чамайг өмнө нь хэрэг төвөгт орсон гэж яллах гээгүй байна. Амьдардгаа амьдраад, бизнесээ хийгээд яв. Заавал 76 руу орох ямар хэрэг байна. Энэ 76-г ард түмэн цэвэрхэн хүмүүсээс сонгоё гэж байгаа биз дээ. Тэгвэл цэвэрхэнээр нь л байлгая.

-Олон мандаттай том тойргийг та дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. 50+26 гэсэн хувилбарыг би дэмжихгүй байсан. Үндсэн хууль дээр ард иргэд шууд сонгоно гэж заасан. Тиймээс том ч байна уу, жижиг ч байна уу мажоритар тогтолцоогоор орж ирэх нь зөв гэж би үзэж байгаа. Сул талыг нь манайхан яриад байна. Нэг намын нөхөд хоорондоо өрсөлддөг, муудалцдаг гэж байна. Тэр хоёр дахь асуудал шүү дээ. Хоорондоо үзэлцдэг ёс зүйгүй хүмүүсийг битгий сонго л доо. Энэ намын дотоод асуудал, хүмүүсийн ёс зүйн асуудал шүү дээ. Бидний гол зүйл бол иргэний сонголтыг л ярьж байгаа биз дээ. Тийм болохоор иргэндээ зөв сонгох боломжийг нь олгоё. Энэ л хамгийн чухал.

-2008 онд энэ хувилбараар сонгууль явуулахад 26 тойрогтой байсан юм билээ. Энэ удаад тойргоо нэмж 30-35 тойрогтой болгоно гэж байгаа. Нам, бүлэг дээр тойргийн талаар ярьсан уу?

-Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай есөн тойрог гэхээр нэг тойрог 170, 180 мянган хүн амтай болох гээд байна. Тэгэхээр энэ их хүн амд өөрийгөө таниулах гэдэг хүндрэлтэй. Тиймээс иргэдэд жигд сонгох боломж бололцоог нь олгохын тулд тойргийг хөдөлгөж магадгүй.

-Булганы мандатыг нэмэгдэх болов уу. Нэг мандаттай хэд хэдэн аймаг байгаа?

-Жигд байлгахын тулд нэмэх ёстой. Яагаад гэхээр Хэнтий аймаг 69 мянган хүн амтай, гурван мандаттай. Харин Булган аймаг 62 мянган хүн амтай хэрнэ ганцхан мандаттай. Тиймээс мандатын тоог нэмэх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ