МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бритиш Колумбын Их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2019.12.20
Гадаад харилцаа

Бритиш Колумбын Их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Канад Улсын Бритиш Колумбын их сургуулиар айлчилж, тус сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн захирал, профессор Мурали Чандрашекаран, Ахисан түвшний сургуулийн захирал, профессор Жулиан Диеркэс болон бусад удирдлагатай уулзав.

Уул уурхайн сургалт, судалгаагаар тэргүүлэгч Бритиш Колумбын их сургууль нь эрэмбээрээ дэлхийд 34 дүгээрт жагсаж байна.

Уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, тус сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Монгол Улс Канад улстай 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд БСШУС-ын яамны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Бритиш Колумбын Их Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хамтран “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд уул уурхай болон бусад нийгмийн салбарын төлөөлөл оролцсон 30 судлаач, инженер, мэргэжилтэнг танхимын болон онлайн хэлбэрээр сургаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол олгохоос гадна уул уурхайн салбарт дэлхийн жишигт хүрч ажиллах мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх сургалтын цогц хөтөлбөрийг бакалавр, магистр, докторын түвшинд боловсруулж байгаа билээ.

Уулзалтын үеэр БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Бритиш Колумбын их сургуультай хийсэн гэрээг шинэчлэн байгуулах, үүнд тус их сургуулийн магистр, докторын сургалтад 50 хувийн хөнгөлттэй нөхцөлөөр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, богино хугацааны сургалтад багш, судлаачдыг онцгой нөхцөлтэйгээр хамруулах боломжийн талаар болон тус их сургуулиас зохион байгуулдаг их суруулийн засаглал, удирдах ажилтнуудыг чадавхжуулах тусгай хөтөлбөрт Монголын их сургуулиудыг хамруулах талаар хүсэлт тавив.

Мөн  Канад Улсын Засгийн газрын дэргэдэх судалгааг дэмжих “Митакс” агентлагт Монгол Улсыг албан ёсны түншлэгч орноор бүртгүүлэх асуудлаар ярилцлаа. “Митакс” нь дэлхийн 70 гаруй их сургууль, 6000 гаруй компанитай хамтран ажилладаг, 1999 онд байгуулагдсан судалгаа, сургалт хөгжүүлэлт, нийгмийн инноваци, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Канадын үндэсний хэмжээний, ашгийн төлөө бус байгууллага юм.

Канадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд нь гадаадын байгууллагуудтай төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх тохиолдолд гаднаас орж ирсэн төсөвтэй тэнцэхүйц төсвийг тус улсын Засгийн газраас нэмж олгодог онцлогтой юм. Энэ нь хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцоогоо тэнцүү байлгах, нөөц хөрөнгө бий болгоход чухал дэмжлэг болдог байна.

Бритиш Колумбын их, сургуулийн удирдлагууд БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы дээрх саналуудыг хүлээн авч, хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлж, тус сургуулийн бодлоготой нийцэж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Мөн тус сургуулиас багш, оюутнуудыг Монгол Улсад богино хугацаагаар ажиллуулах, судалгаа хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ