МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байна
2019.12.24
Зам, Тээвэр

Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байна

Энэ жил Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан авто замын салбарын ахмад, дунд үеийнхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар гардуулан өглөө. Мөн өдгөө салбартаа манлайлан ажиллаж буй мэргэжилтнүүдийг салбарын шагнал, ойн хүндэт медалиар шагнаж урамшуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын авто замын салбарт залуу нас, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулсан ахмадууд, ид хийж бүтээж яваа дунд үеийнхэн, халааг нь авах залуустаа 90 жилийн ойн баярын мэнд хүргээд улиран өнгөрч буй 2019 онд Монгол Улсын Зам, тээврийн салбарт олон томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, ололт амжилтаар дүүрэн жил болсныг онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улс анх удаа хурдны авто зам, хүнд даацын зориулалтын авто замыг ашиглалтад оруулж, жарны түүхтэй Налайхын замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилж, мөн Баянхонгор-Байдрагийн гүүр, Байдрагийн гүүр-Алтай, Хашаат-Толбо, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн гээд зөвхөн авто замын салбарт л гэхэд маш олон бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсныг онцлов.

Мөн тэрбээр ирэх 2020 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбож дуусгах, босоо тэнхлэгийн авто замаа дуусгах зэрэг олон төсөл хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа дуулгаад, монголын нийт авто замчдадаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ