Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 30 ортой хүүхдийн тасагтай боллоо
2019.12.25
Эрүүл мэнд

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 30 ортой хүүхдийн тасагтай боллоо

Хүүхдүүд коридорт хэвтэн эмчлүүлэх тохиолдол гарсаар байна. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт стандартад нийцсэн 30 ортой хүүхдийн тасаг нээгдлээ. "Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтанд орууллаа.

Тус нэгдсэн эмнэлгийн 2 давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий 1 давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй.

Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, ХУД-ийн ЗДТГ-аас хэвтэн эмчлүүлэх ор, шүүгээ бүхий 50 гаруй сая төгрөгийн тавилга, эд материалаар хангалаа.

Тус нэгдсэн эмнэлэг хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед 30 ортой “Мөрөөдөл” тасаг ашиглалтанд орсноор эмнэлгийн хүчин чадал 40 хувиар нэмэгдэж, харьяа дүүргийн 0-16 насны 60 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

“Гүүд Нэйборс” ОУТББ нь Монгол Улсад 2006 онд албан ёсны төлөөлөгчийн газраа нээж, 2011 оноос нийслэлийн зургаан дүүрэн, Дархан-Уул аймагт хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, нийт 9800 гаруй хүүхэд, тэдний гэр бүлд хүрч ажиллажээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 2020 онд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг мөн Хан-Уул дүүрэг болон Чингэлтэй дүүрэгт 200 ортой, хүүхдийн ор нэмэгдсэн эмнэлэгүүд ашиглалтанд орно. Жил бүр шат дараатай хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байгаа учраас эмнэлэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүд  шийдэгдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ