2019.12.02
Эдийн засаг, Худалдаа
Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль анх 1993 онд батлагдаж, 2010 онд хуулийн шинэчилсэн найруулга болох Өрсөлдөөний тухай хуулийг баталсан байна.
Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, хууль хоорондын зөрчил, хийдлийг арилгах, нэг мөр ойлгомжтой болгох, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, орхигдуулсан зарим зохицуулалтыг нэмэх, шинээр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн өрсөлдөөний чиглэлээр хийгдэх үндсэн чиг үүргийн хяналт шалгалтын зохицуулалтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас тусад нь зааглан тодорхойлох шаардлага бий болсныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд:
-Өрсөлдөөний асуудлаар хийгдсэн хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар гаргасан улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шүүхийн өмнөх шатанд урьдчилан хянан шийдвэрлэдэг байх
-Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор хууль хоорондын уялдаа холбоог хангах, хийдлийг арилгах
-Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн асуудлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болох хөөн хэлэлцэх хугацааг өрсөлдөөний зөрчлийн онцлогт нийцүүлэн Зөрчлийн тухай хуульд заасан нийтлэг хөөн хэлэлцэх хугацаанаас өөр байлгах
-Өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн байгууллагын оноосон нэрийг “Хороо” гэсэн тодотголтой болгож, орон нутагт улсын байцаагч ажиллуулах
-Аж ахуй эрхлэгчдийн нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах харилцааны зохицуулалтыг илүү боловсронгуй, хэрэгжихүйц байхаар олон улсын жишигт нийцүүлэх зэрэг онцлог зохицуулалтыг тусгасан байна.
ШИНЭ МЭДЭЭ
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томиллоо
2021.11.25
Шинэ гишүүд тангараг өргөлөө
2021.10.21