2019.12.02
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлаас Патентийн тухай хуулийг анх 1993 онд баталж, 1996, 1999 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2006 онд шинэчлэн найруулсан байна.
Техник, технологийн өндөр хөгжлийг дагаж шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын эрхээ хамгаалуулах ашиг сонирхол идэвхжиж байгаа. Түүнчлэн шинийг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчид мэдлэг, нэмүү өртөг шигэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлзэхээс гадна бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргах, бизнесээ хөгжүүлэх асуудлыг ихээхэн анхаарах болсон байна.
Улсын хэмжээнд патентийн мэдүүлгийн тоо тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд мэдүүлгийн ихэнх хэсэг нь патент, гэрчилгээ авах шалгуурыг хангаж байгаа судалгаа байна. Тухайлбал 2010-2018 онд шинэ бүтээлийн 1974 мэдүүлгийн 66 хувь, бүтээгдэхүүний загварын 2612 мэдүүлгийн 87 хувьд патент олгохоор, ашигтай загварын 2612 мэдүүлгийн 69 хувьд нь гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.
Монгол Улс патентийн хуультай ч хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг зохицуулалгүй орхигдуулсан, хуулийн зүйл, заалтууд хоорондоо зөрчилтэй, түүнчлэн патент, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, олон улсад тогтсон практикт нийцээгүй зэрэг асуудал байгаа ажээ.
Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэгтэй. Төсөлд:
-Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холботой асуудлыг зохицуулж, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлах
-Аж үйлдвэрийн өмчийн эрхийн 3 үндсэн субъект болох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тусад нь зохицуулах
-Мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, шинжээчийн дүгнэлт гаргах, патент олгох, эсэхийг шийдвэрлэх хугацааг хэт богино тогтоосон байсныг өөрчлөх
-Шинийг санаачлагч, мэдүүлэг гаргагчид хугацааны хөнгөлөлт эдлүүлэх боломжийг бүрдүүлэх
-Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчлэх
-Патентийн харилцаатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг тодорхой болгох зэрэг зүйл, заалтууд тусгагдсан байна.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
2019.12.24
УИХ: Энэ долоо хоногт хэлэлцэх асуудал
2019.12.16
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
2019.12.12