НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ж.САНДАГСҮРЭН: Агаарын бохирдлын эсрэг ажилд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй
2019.07.04

Ж.САНДАГСҮРЭН: Агаарын бохирдлын эсрэг ажилд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.

-Гурван дүүргийн зарим хороог хувааж, 17 хороо нэмэхээр нийслэлийн ИТХ шийдвэрлэсэн. Том дүүргээ хуваасан нь дээр байгаагүй гэж үү?

-Танаас асууя. Харьяалах дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт хэзээ хамгийн сүүлд очив?

-Мэдэхгүй, хэзээ очсоноо санахгүй байна.

-Ер нь очиж байв уу, үйлчилгээ авсан уу?

-Хорооны байр, өрхийн эмнэлгээр л голдуу очдог шүү дээ.

-Харин тийм, төрийн үйлчилгээг хорооноос л илүүтэй авч байгаа биз. Жирэмсэн эхийг хяналтад авах, ахмад настны халамж гээд 150 орчим үйлчилгээг хорооны ажилтнууд иргэдэд үзүүлж байна. Сүүлийн үед гадаад паспорт авах, сунгах, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол хороондоо ханддаг болсон. Газрын харилцаатай холбоотой зарим үйлчилгээг дүүргийн Засаг даргын Тамгын газраас авч байгаа. Тэгэхээр дүүргийг хуваалаа гээд маргааш иргэнд яг ямар тустай бол. Үнэндээ дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын байранд тав, зургаан жил ирээгүй хүнд хуваах, эсэх нь падлийгүй. Гагцхүү жирэмсэн эх эмчийн хяналтад орохын тулд хорооны байр, өрхийн эмнэлэг рүүгээ 5-6 км алхаж байгаа нь л хүндрэлтэй байгаа юм. Хорооноос үзүүлэх үйлчилгээг иргэд ойроос, төвөггүй авах нь л чухал. Хороог хуваах талаар бараг дөрөв, таван жил ярилаа. Нэг хороо 8-10 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай гэж үздэг. Манайд тэгэхэд 20 гаруй мянган иргэнтэй хороод бий. Нөгөө талаас гэр хороолол онцлогтой. Орон сууцны таван байрны дундах хорооноос өөр. Тиймээс хороодынхоо тоог нэмж, үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх саналыг нийслэлийн ИТХ-д гаргасан. Бидэнд хороо хувааж байсан туршлага бий. Үйлчилгээ тэс өөр болж, сайжирсныг мэдэх учраас ийм хүсэлт тавьсан юм. Харин дүүргийг хуваах, эсэхийг УИХ шийднэ. Мөн холбогдох хуульд өөрчлөлт оруулна.

-Танай дүүрэгт хэдэн хороо нэмэхээр болсон юм бэ?

-5-6 км явж байж хорооны байран дээрээ очдог хүмүүсийн дунд дахин нэг хороо байгуулах юм. Энэ нь нэгдүгээрт зардал хэмнэнэ. Манай дүүрэгт 11 хороо нэмэхээр шийдвэрлэснээр нийт 43 хороотой болно. Эдгээрийг одоо эмхлэн зохион байгуулах ажил бий.

-Ажил эхэлчихсэн үү?

-Эхлүүлсэн. Ирэх наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаа нь жигдэрчих байх. Холбогдох зардлын тооцоо, шаардлагатай ажилтан, албан хаагчийн тоо гэх мэтчилэн бүх судалгааг хийсэн.

-Ийм олон хүнтэй дүүрэг хариуцаж байхаар нэг хэсгийг нь тасдаж, дахин дүүрэг болгон, өөр хүнд хариуцуулчихвал таны ажил хөнгөрөх юм биш үү. Ажлын үзүүлэлт ч сайжрах байх гэж бодсон юм.

-Зөвхөн ажил дүгнүүлэх, эсвэл цөөн хүн хариуцах, өөрийн ажлыг хөнгөлөх тухай ойлголт биш л дээ. Сонгинохайрхан дүүрэг нийслэлээс татаас авдаг. Ийм л байдлаар 27 жил явж байна. Дүүргийг хуваалаа гээд төсөөлөөд үзье. Төв замаас Баянхошуу руу явах замын баруун, зүүн талаар л хуваах байх. Шинээр байгуулах дүүрэг нь мөн л төсвийн орлого бага хэвээр үлдэнэ. Тэгээд юу өөрчлөгдөх юм бэ. Магадгүй төрийн албан хаагчдын ажлын ачаалал багасаж мэдэх ч иргэдийн амьдралд 5-10 жилийн дотор өөрчлөлт мэдэгдэхгүй. Харин ч ИТХ, Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинээр бий болгоно, сонгоно, томилно. Мөнгөгүй юм чинь тэд юугаа хийх юм бэ, адилхан. Тэгж баахан орон тоо бүрдүүлж байхаар одоо байгаа дүүрэгт, ард иргэдэд нь тохирох хэмжээний мөнгийг нь өгчих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтаа зөв хуваарилах нь л бидний ажил шүү дээ.

-Таны үед хөрөнгө, санхүүгийн байдал арай өөр болсон гэсэн үг үү?

-Энэ дүүргийг 25 жилийн турш орлого багатайгаар, өөрөөр нь зүтгүүлчихсэн байхгүй юу. Жишээ нь, Зайсан хавийн иргэд утаа үнэрлэж, том асуудал үүссэн учраас л өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах тухай томоор, дээд түвшинд ярьж байна. Гэтэл үүний хамгийн том хохирогч нь Сонгинохайрхан дүүргийнхэн. Энэ дүүргийн иргэдийг утаан дунд байлгасаар ирсэн. Лав л 15 жилийн өмнө “Ханын материал” орчим нэлдээ утаатай байсан. Татвараар олигтой юм цуглардаггүй болохоор хогоо гүйцэд, сайн цэвэрлэх гэсэн ч мөнгө байдаггүй. Тэгж л явж ирсэн. Гэхдээ энэ ялгаа санамсаргүй гараад ирчихээгүй. 25 жилийн бодлого, үйл ажиллагааны үр дүнд амьдралын түвшний энэ өөрчлөлт, ялгаа бий болсон. Энэ бол Сонгинохайрханы иргэдийн буруу биш. Бидний хөгжлийн хоцрогдол төрөөс шалтгаалсан. Тиймээс үүнийг арилгах ажлыг төр хийх ёстой. Хөрөнгө оруулалтыг өндөр дүнгээр, тогтвортой хийж байж энэ ялгаа арилна. Яагаад гэвэл бид амьдралын чанарын ялгаагүй иргэдтэй нийслэлийн нэг хэсэг байх ёстой. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн учраас тулгамдсан асуудлуудаасаа шийдэж эхлээд байна.

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн шалтгаан нь юу юм бол?

-Бид асуудлуудаа сайн таньж, түүнийгээ бүх түвшинд ойлгуулж чадсан. Энэ дүүргээс УИХ-д зургаан гишүүн сонгогдсон нь нөлөөлсөн. Гишүүн бүр тойргийнхоо асуудлуудыг гаргаж тавьсан. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-ын есөн төлөөлөгч, дүүргийнхээ ИТХ-ын түвшинд 41-үүлээ анхаарал хандуулахаар арай өөр болж байгаа. Нөгөө талаас манай орлого эрс нэмэгдсэн. Татварын албаныхан маань сайн ажиллаж байгаа. Дүүрэгт зах, үйлчилгээний байгууллагууд нэмэгдсэнтэй ч холбоотой. Байшин, барилга ч гайгүй баригдаж, түүнийг борлуулсны татвар боломжийн байгаа. Бидний зорилго нэг учраас төсвийн нийт хэмжээ нэмэгдэж, улсын төсвөөс жилд 20-30 тэрбумаар хэмжигддэг байсан хөрөнгө оруулалт зөвхөн энэ жил гэхэд л 122 тэрбум болж өссөн. Үүгээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын ордон, ахмадын өргөө, номын сан барина. Гэхдээ үүнийг хөгжлийн хөрөнгө оруулалт биш хоцрогдол арилгах хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй. Энэ өсөлтийг тогтвортой хэдэн жил барьж байж бусад дүүрэгтэй харьцуулах хэмжээнд очно. Амьдрах орчин ч өөр болно.

-Таван жилийн хугацаанд бусад дүүрэгтэй хөгжлөөрөө зэрэгцээд ирлээ гэж бодъё. Цаашид хөгжлийн баримжаагаа яаж тодорхойлж байна вэ?

-Орчин нөхцөл сайжраад ирэхээр үндсэн өнгө төрхийг иргэд өөрсдөө л өөрчилнө. Амьдралаа авч явах чадалтай залуу үе бойжихгүй байгаа нь өнгөрсөн 25 жилийн гол асуудал. Энэ нь бид боловсролын чанараар хоцрогдож байгаатай холбоотой. Сурлагын чанар нь хүүхдийг мэргэжлээ сонгох, сургуулиа төгсөөд хэдий хэмжээний орлого олох вэ гэдэгт шууд нөлөөлөөд байгаа юм. Төвийн дүүргүүдэд хувийн сургууль олон. Тэндээс ядаж л англи хэлтэй хүмүүс бэлтгэгдэж, амьдралаа өөрсдөө аваад явчихаж байна. Гэтэл манай дүүрэгт хүүхдүүд нь эцэг, эхийнхээ хашаанд гэр барьж тусдаа гарахаас хэтрэхгүй нь олон байгаа юм. Эцгийн гэрээс нүүж байгаа хүн олон биш байна. Тиймээс бид боловсролыг дэмжих “Боловсрол” дэд төслийн хүрээнд “Up” хөтөлбөр санаачилж, жижиг номын сангууд байгууллаа. Боловсрол, эрүүл мэндийн салбарт зайлшгүй тусгайлан хөрөнгө төсөвлөх ёстой гэж үзсэн. Социализмын үед айл бүр номын сантай байсан. Одоо ховордсон. Хүүхдүүд ном барьж үзэлгүйгээр цэцэрлэг, сургуульд орж байна. Ингэж болохгүй. Баянхошуунд барьсан номын сангаар өдөрт 30-40 хүүхэд үйлчлүүлдэг. Нэгдүгээр хороололд бид саяхан нэг номын сан нээсэн. Одоо Толгойтод нээнэ. Нэг номын санг 100 гаруй сая төгрөгөөр босгож байна. Үүний оронд нэг гэрэл тавьчихгүй дээ гэж хүмүүс бодож болох. Өнөөдөр тэгж хэлж болох ч ирээдүйгээ бодох ёстой.

Дүүргийн төсвөөр номын сан барих, номын санчийг нь цалинжуулах эрх зүйн үндэс тун муу, бараг байдаггүй. Маш их бэрхшээл туулсан. Гэхдээ л энэ жил хоёр жижиг байшинд номын сан ажиллуулна. Уг нь оройдоо “Үлгэрийн цаг”-тай, гэр бүлээрээ байх боломжтой, хэн бүхэн номын үнэр аваад, сэтгэл дүүрэн гардаг тийм л номын сангууд байгуулна гэж төсөөлсөн ч хамаагүй өндөр өртөгтэй болж байна.

-“Up” хөтөлбөрийн талаар тодруулахгүй юу?

-Энэ жил арванхоёрдугаар анги төгссөн 1060 хүүхэд манай дүүрэгт бий. Тэднийг ЭЕШ-д өндөр оноо авхуулахын тулд зориулсан бүтэн жилийн хөтөлбөр л дөө. Дүүргийн хэмжээнд анх удаа боловсролын хөтөлбөрт тусгайлан хөрөнгө төсөвлөж байгаа нь энэ. Үүнд 200 орчим сая төгрөг зарцуулсан. Үүний цаана багшийн хөгжил, дэд бүтцийн асуудал бий. “Сант” сургуулийнхан цалин авахгүйгээр хүүхдүүдийг маань бэлтгэсэн. Цалинг нь өгч байгаад ажиллуулсан тохиолдол ч бий. Ямар сайндаа л би хонхны баярт нь оччихоод “Нэг дэх өдөр шалгалттай шүү” гэж сануулаад байх вэ дээ. Манай хүүхдүүд бүгдээрээ мэдэж байгаа. Дааж авсан ангийнх нь хүүхдүүд өндөр оноо авсан багш нарыг урамшуулна. Мөн сургуулиараа сайн оноо авбал удирдлагыг нь шагнана. Цаашлаад олон удаа, ажлын бус цагаар давтлага өгч байгаа багш нарыг ч урамшуулах юм. Ингэж багш нараа хөгжүүлнэ. Үнэндээ сайн багш нарыг өндөр цалин амлаж ажиллуулах гэсэн ч хүндрэлтэй юм билээ. Гэхдээ манайд сайн багш зөндөө. Нийтээрээ өндөр чанартай байхгүй бол төгсөж байгаа хүүхдүүд дахиад л муу сургуульд орж, эсвэл сургуульгүй үлдэнэ.

-Гурван ээлжээр хичээллэж байгаа нөхцөлд чанартай боловсролын талаар ярих нь хэцүү байх.

-50 гаруй хүүхэдтэй тэр ангийн бүх сурагчийг сайн сургачих юм сан гээд зүтгээд ч төвөгтэй. Намайг ажил авахад гурван ээлжээр хичээллэдэг найман сургууль байсан. Одоо дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа. Оны эцэст бараг нэг болчихно. Ирэх жилдээ багтаагаад бүгдийг нь хоёр ээлжид оруулна. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн томоохон зорилтуудын нэг. Төсвөөр бүх боломжийг нь хангачихсан хэдий ч бид сургууль барих газрыг чөлөөлүүлэхэд хүндрэлтэй тулгарсан.

-Хүүхдүүд хангалттай оноо авч чадахгүй бол яах вэ?

-Шалгалтын дүнг би хүүхдүүдээсээ илүү хүлээж байна. Үр дүн гарахгүй байсан ч үүнийгээ үргэлжлүүлнэ. Боловсролын салбарт хийсэн ажлын үр дүн богино хугацаанд харагдахгүй. Ирэх жил бүр илүү сайжруулна. 10, 11 дүгээр ангийн хүүхдүүдийг уг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаа. Надад ийм итгэл үнэмшил гүн бат байгаа учир энэ хөтөлбөрийг зогсоохгүй.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Сонгуулийн тогтолцоог “Улс-нэг тойрог” хувилбар байх талаар ярих боллоо. Үүгээр тойрог тойрог руу хөрөнгө татаж, тарамдуулдгийг болиулна гэж яриад байна. Сонгинохайрхан дүүргийн хөрөнгө оруулалтыг багасгачих вий дээ.

-Уг нь зарчмын хувьд Сонгинохайрхан дүүргээс тав, эсвэл 10 гишүүн сонгогдох нь чухал биш байх ёстой. Төрийн бодлогод туссан баримт бичгүүдээ тогтвортойгоор 10 жил хэрэгжүүлэхээр мөрдөх учиртай юм. Сонгинохайрхан дүүргээс нэг ч гишүүн сонгогдоогүй байсан ч хөгжлийнх нь хоцрогдлыг арилгахын тулд төдөн жилд төдөн төгрөг хуваарилах ёстой гэсэн бодлого байх ёстой юм. Гэтэл одоо орон нутаг, тойргийн хөгжил, хөрөнгө оруулалтад сонгогдсон гишүүд нь бодитой нөлөөлдөг нь үнэн. 2016 онд ажил аваад “Өнөөдрийн шийдэр-Ирээдүйн хөгжил” сэдэвт чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан. Тухайн үед нийслэлийн удирдлагаас авхуулаад олон хүн агаарын бохирдол, иргэдийн орлогогүй байгааг ярьж байсан. Мэдээд байгаа хэрнээ л ажил хийдэггүй. Энэ хувилбараар сонгууль явуулаад, гарч ирсэн хүмүүс нь манай дүүргийг онцгойлон авч үзэх, эсэхийг мэдэхгүй. Энэ талаарх нэг ч баримт бичиг байхгүй учраас найдваргүй л дээ.

-Утаа гэснээс танай дүүрэгт түүхий нүүрс түлэхийг хориглосон ажлын бэлтгэлийг хэр хангаж байна даа.

-Энэ жил бүх нийтээрээ дэмжиж ажиллах зүйл бол цэвэршүүлсэн түлш хэрэглэх. Магадгүй зарим тохиолдолд жаахан хэцүү байсан ч боломжоороо дэмжих ёстой. Бохирдол нэгэнт гамшгийн хэмжээнд очсон учраас богино хугацаанд бууруулж, хяналтдаа авах шаардлагатай. Үүний дараа шат дараатай хэрэгжүүлэх хэд хэдэн томоохон ажил бий. Хийн хэрэглээг нэмэгдүүлэх, “Баянхошуу” дэд төвийг Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар барьж, ус, дулаан хангамжийн дэд бүтэц бий болгох, айлуудын дунд цэвэрлэх байгууламж, халуун, хүйтэн ус өгдөг төвийг цогцоор нь барих “Сервисцентр” төсөл гэх мэтийг нэрлэж болно.

-Хаврын жихүүн өдрүүд удаан үргэлжилснийг хэлэх үү тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нь хориглосны дараа их олон айл зутрах шиг болсон. Утааг бууруулах үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд удирдан зохион байгуулах хүний хувьд иргэдээ дааруулаад ч хамаагүй ард нь гарна гэж бодож байна уу?

-Бид үүнийг хийх ёстой. Агаарын бохирдлыг бууруулах асар том зорилгыг хэрэгжүүлэхэд зарим эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тэр нь хөрөнгө санхүү, эсвэл их хөдөлмөр, тэвчээрийн аль нь байхыг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хийх л хэрэгтэй. “Хамаагүй ээ, тэвч” гээд иргэдээ хаяж болохгүй л дээ, мэдээж. Харин иргэд маань ядаж л гэр, байшингаа дулаалах ёстой. Дулаалгаас шалтгаалж агаарын бохирдлын бараг 40-50 хувь нь бий болж байгаа. Тиймээс түлш, дулаалгадаа анхаарал хандуулж чадвал чамлахааргүй амжилтад хүрнэ гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд улс орны бүх түвшинд агаарын бохирдлын эсрэг ингэж нэг зүгт харж байсангүй. Ийм бодлогыг Засгийн газар гаргасан. Бид хэрэгжүүлэхийн төлөө бүгдийг л хийнэ. Үүний тулд бид зунжингаа ажиллана, иргэддээ ойлгуулна, шаардана. Одоо ч ажиллаж л байна. Энэ бол зөвхөн тэр иргэний төдийгүй миний, таны, бүгдийн эрх ашиг. Цаашлаад сая гаруй хүний эрх ашиг хөндөгдөх асуудал. Гэр, байшингаа дулаалахгүй бол төрийн үйлчилгээ үзүүлэхээс хуулийн хүрээнд татгалзах хүртэл арга хэмжээ авч болох юм. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд зарим тохиолдолд хүчлэх хэрэг гарах л байх. Төрөөс халамжийн хүнс байнга авдаг бол ядаж гэрээ дулаалах ёстой. Юугаар, яаж дулаалахыг нь манайхан зааж өгнө. Түлшний талаар ч янз бүрийн яриа гарсан. Гэхдээ хэд хэдэн үйлдвэрийн түлш бий шүү дээ.

-“Утаатай дайн зарлалаа” гэх мэтээр анх сүржин мэдэгдэл хийж байх үед золиос гаргаад ч болов үүнтэй тэмцье гэсэн бол иргэд илүү нааштай хүлээж авах байсан болов уу. Улаанбаатарын иргэд хэтэрхий олон жил золиослогдлоо шүү дээ.

-Би 2016 оны наймдугаар сард ажлаа аваад удаагүй байхад утаатай золгосон. Тийм үед би амны хаалт хэрэглэ гэж л уриалсан. Хоёр дахь жилдээ ч үүнийгээ үргэлжлүүлсэн. Тэгж хэлж, уриалсны минь төлөө намайг шүүмжлээд байсан ч хоёр жилийн өмнө Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг онцгойлон авч үзэхдээ амны хаалт зүүх тухай л эхэлж ярьсан шүү дээ. Харин одоо би үүнийг ярих эрхгүй. Агаарын бохирдлыг багасгах, арилгахын төлөө л ярьж ажиллахыг бодож байна.

-Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн үед эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн арга нь амны хаалт гэдэгтэй маргахгүй. Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа “Бэлгэвч, бэлгэвч, бэлгэвч” хэмээн анхааруулж байсан. Харин одоо бэлгийн замын халдварт өвчний тархалт ямар түвшинд хүрээд байгаа билээ. Гэрээ дулаалах ч бас энгийн боловч үр дүнтэй. Иргэд олон жил хууртсандаа ч тэр үү ийм энгийн боловч чухал зүйлсийг үл тоогоод байж ч мэднэ.

-Манай яндангаас гарч байгаа утаа багаслаа гээд ямар нөлөө байх вэ гэж бодож болох. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын 73 мянган өрх гэр, байшингаа дулаалаад, өдөрт зургаан удаа түлдгээ болиод, ядаж дөрөв болгочихвол утаа илт буурна. Гэрээ дулаалаагүй айлыг хажуудах нь хэлдэг, шаарддаг болчих хэрэгтэй. Нөгөө талаас иргэдээ уриалж, итгэл өгч, нэг цэгт төвлөрүүлэх нь манлайлагчдын үүрэг. Одоо үүнийг хийх ёстой. Э.Бат-Үүл баатар метро барина гээд итгэл үнэмшил төрүүлж чадсан шүү дээ. Бариагүй л болохоос...

Ингэхэд тэр эвгүй өвчний эсрэг ноднингоос хөтөлбөр гарган, олон ажил хийсэн. Байгууллагуудаар нь албан журмын үзлэгт хамруулсан. Ер нь бол ойлгомжтой болчихсон дүн байсан. Уг нь эдгэрдэг өвчин. Өнгөрсөн жил 22 дугаар хороонд сүрьеэгийн тандалт хийхэд ч нэмэгдсэн нь мэдэгдсэн.

-Танайхаас бусад дүүргийн Засаг даргын Тамгын газар олон давхар, гоё байртай.

-Яах вэ, дээ, нөгөө л хаягдсаны илэрхийлэл. Баянгол дүүрэг 150, манайх 340 мянга орчим иргэнтэй. Бид харин энэ жил тиймэрхүү байртай болох гэж байгаа. Энэ хуучин байрныхаа дэргэд есөн давхар барилгатай болно. Шүүмжлэх л байх. Хэдэн дарга гоё өрөөнд тухлах гээд байгаа юм биш. Байр уг нь иргэдэд зориулагдсан, дарга нарт хүртээлгүй. Татвар, нийгмийн даатгал, халамж, худалдан авах үйлчилгээ үзүүлэх хуримаа хүртэл энэ байранд хийдэг болчихвол хэрэгтэй биш гэж үү. Иргэдээ хэдий болтол тал тал тийш нь гүйлгэх юм бэ. Нэг давхарт нэг цэгийн бүх үйлчилгээ, дээд давхарт нь хуримын ордон байгуулчихвал манай иргэдэд л хэрэгтэй.

-Гэхдээ таны өрөө их гоё юм байна.

-Тийм байна уу. Намайг ирэхэд ингэж янзалсан байсан. Юу ч хөдөлгөөгүй ээ. 1960-аад онд цэргийн ангийн зориулалттайгаар, тоосгоор барьсан байр юм билээ. Хамгийн бага балл-ын хүчтэй газар хөдлөхөд энэ байр овоолсон шороо болно гэж сая онцгой байдлын албаныхны хийсэн иж бүрэн сургуулийн үеэр мэргэжлийнхэн анхааруулж байна лээ. Олон залуус ажиллаж, иргэд үйлчлүүлдэг газар.

-Та нийгмийн сүлжээг нэлээд ашигладаг уу. Тэнд бичсэн үг болгон чинь трэнд болоод байх шиг.

-Би харин ч идэвхгүй шүү. Твиттер ашиглаж сайн сураагүй. Фэйсбүүкийг бол ашиглаж болоод байгаа юм. Ер нь хааяа л бичдэг. Байгаа нь л тэр. 10 хоногт л нэг юм бичдэг. Тэгээд ч цөөхөн дагагчтай. Уг нь нийгмийн сүлжээг ашиглавал хийж байгаа ажлаа таниулахад хэрэгтэй. Твиттер сайн ашигладаг хүмүүс марзан гэдэг ч нь жигтэйхэн юм. Санаагаа товч бөгөөд тодорхой илэрхийлээд сурчихдаг бололтой.

-Та харин ч шогийн мэдрэмжтэй бололтой.

-Хошин шогийн мэдрэмжтэй байх зүгээр биш гэж үү.

-Ном таны амьдралд нэлээд орон зай эзэлдэг бололтой.

-Эзэлж байсан. Намайг багад манайх олон номтой байсан. Жорлонд орохдоо ч, хоол идэхдээ ч номоос салдаггүй байв. Хүнд хошин шогийн мэдрэмж, логик сэтгэлгээ, үгийн баялаг байгаа бол тэр нь номын, болон нийгэмтэйгээ харилцсаны л ач. Сүүлийн үед хааяадаа хувь хүний намтар,баримтат зохиолууд уншиж байгаа. Ер нь уран зохиолын ном хүнд маш их нөлөөлдөг. Тухайн үеийн амьдрал ахуй, үг хэллэг, төсөөллийг маш сайн өгдөг. Бидний үеийн орчуулга ч сайн байж. “Шадар гурван цэрэг”-ийн орчуулга хачин гоё байдаг байсан сая нэг хувилбарыг хэсэг хараад бараг таниагүй.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ