2020.01.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Б.Жавхлан: Төсвөөс гадуурх маш том эдийн засаг үүснэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.08/хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан
Нийгмийн халамж талаасаа санаа нь зөв. Байгалын баялагаа ард түмэндээ тэгш хүртээмжтэй хүртээх хэрэгтэй. Хамгийн том эрсдэл бол 2016 оны хүртэл төсвөөс гадуур мөнгийг алдчихаад дараа нь тэр шокноосоо яаж гарч өнөөгийн эдийн засгийн өсөлтийн тогтворжилтыг арай гэж авчирсан. ОУВС хамрагдаж цэргийн хатуу дэглэмд бид байгаа. Үүний үр дүнд эдийн засаг арай гэж өндийж байна. Гэтэл өмнөх хүндрэлүүдээ мартаад эргээд төсвөөс гадуур хяналтгүй маш том эдийн засгийн эхлэлийг тавих гэж байна.
Халамжийг тэлснээр популизмыг улам дэвэргэдэг. Нийгэмд асар буруу хүлээлт бий болгож, улс төрд дарамт их ирнэ шүү. Араас нь малчид, цалингийн зээл тэглэх хүлээлт, дарамт бий болно. Уг нь шийдэл гарц олон бий. "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК нь дөнгөж эхлэлийн баланстай юм биш үү. Мөн Хөгжлийн банк нийгмийн чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг банк огтоос биш. Экспорт, импортыг дэмжиж, хөгжлийн бизнесүүдийг санхүүжүүлдэг ийм банк. Угтаа Засгийн газар баталгаа гаргаж байж, Төсвийн хуулиар зохицуулагдах ийм асуудал шүү. Баталгааны систем нь асуудалтай байна.