Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон бусад хуулийн төслүүдийг батлав
2020.01.10
Хүний эрх

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон бусад хуулийн төслүүдийг батлав

УИХ-ын өнөөдрийн \2020.01.10\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж батлав.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм байна. Үүнтэй холбогдуулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын … /хууль батлагдсан өдөр/ өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна.

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцууллаа. 

Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тус тус тусгасан 

Ажлын хэсэг 01 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийжээ. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн томъёолсон байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооноос бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй санал бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлсэн.

Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 28 буюу 70 хувийн саналаар дэмжин баталлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжин баталсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувийн саналаар, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувийн саналаар дэмжлээ.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжин баталсан юм. Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, баталлаа. .

ШИНЭ МЭДЭЭ