Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмыг баталлаа
2020.01.10
Хүний эрх

Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмыг баталлаа

УИХ-ын өнөөдрийн \2020.01.10\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн дагаж мөрдөх журмыг хэлэлцэж батлав.

ХЗБХ-ны санал дүгнэлтйиг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцууллаа.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. 

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 19, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчлөхтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авилга, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан дээрх хуулийн төслийг боловсруулан, батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж Байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар авав. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн тайлбарласан.

Тухайлбал, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан.

Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад нэгдсэн бөгөөд энэ пактын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг учраас гэм буруугаа шүүхээр шийдүүлээгүй тохиолдолд энэ зохицуулалтад хамрагдахгүй гэдгийг тайлбарлаж байв. Эрүүгийн хууль бол материаллаг хэм хэмжээ бөгөөд үүн дотроо процессын цөөн хэм хэмжээ байдгийн нэг нь “хөөн хэлэлцэх тоолох аргачлал” юм байна. Үүнтэй холбоотойгоор процессын хэм хэмжээгээр хэргийг дахин сэргээж хэлэлцэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 1.9, 1.10-т хамаарахгүй хэмээн төсөлд тусгасан гэв. Төслийн агуулга, зохицуулалттай төстэй бусад улс орны жишээ олон бий гэдгийг мөн тэрбээр дурдсан. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулсны дагуу Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж дууссаны дараа төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон нийт 42 гишүүний 59.5 хувь нь дэмжиж санал өгснөөр хуулийн төсөл батлагдав. 

ШИНЭ МЭДЭЭ