МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Бид маш бага өртгөөр боловсрол олгодог учраас чанартай байж чадахгүй байна
2020.01.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Бид маш бага өртгөөр боловсрол олгодог учраас чанартай байж чадахгүй байна

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, сэтгүүлч Б.Бадралмаа

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Та БСШУС-ын сайдаар томилогдоод нэг жил орчим болж байна. Ажлаа авснаас хойш энэ салбарт ямар ажил хийсэн талаар яриагаа эхлэх үү?

-Манай  яам нийгмийн дөрвөн салбарыг нэгтгэсэн том салбар. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр олон ажил хийж байна.  Аль нэг салбарыг нь орхигдуулахгүй байхаар анхаарч ирсэн. Энэ онд спортын салбарын хувьд олимпын наадам болох онцлогтой жил. Олимпын наадамд баг, тамирчдаа амжилттай оролцоход салбар яам, төр засгаас онцгой анхаарч ажиллаж байна. Үүнтэй холбоотой “Токио 2020” олимпын сан байгуулсан. Улсын шигшээ баг, спортын тамирчид тэмцээн уралдаанд оролцоход төсөв мөнгөний асуудал гардаг. Энэ асуудлыг 2019 онд анхаарч, сангаараа дамжуулан санхүүжилт олгодог болсон. Өнгөрсөн онд манай дөрвөн салбар тавьсан зорилтуудаа сайн хэрэгжүүлсэн. Одоо 2020 оны төсөв, төлөвлөгөөгөө батлаад хэрэгжүүлээд явж байна. 

-Тухайлбал, боловсролын салбарт ямар ажил хийв?

-Боловсролын салбарт 2013 оноос хойш хэрэгжиж байгаа ерөнхий боловсролын сургуулийн “Цөм” хөтөлбөрт мониторинг хийлээ. Ингэхдээ шат дараалсан судалгаа, сургалт зохион байгуулсан. Үүний үр дүнд багшийн ажлын ачаалал тодорхой хэмжээнд буурч, сургалтын хөтөлбөр, агуулгын давхцал цэгцэрсэн. Ялангуяа “Цөм” хөтөлбөрт шинэчлэл хийснээр бага ангийн багшийн ачаалал буурсан. Бага ангийн сурагчдын хичээлийн агуулга багтдаггүй зэрэг асуудлыг шийдэж, хүүхдэд ирэх ачааллыг эрс бууруулсан. Хичээлийн хөтөлбөр агуулгаас гадна сурах бичигт шинэчлэл хийлээ. Тодруулбал, бага болон дунд, ахлах ангийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд сурах бичгийг үнэ төлбөргүй олгож, бүх сурагчыг сурах бичгээр хангах зорилгоор түрээсээр хэрэглүүлж эхэллээ. 

-Та ерөнхий боловсролын сурагчдыг сурах бичгээр бүрэн хангасан гэлээ. Шинэ хичээлийн жил эхлэхэд түрээсийн сурах бичгүүд хэвлэгдээгүй байсан. Одоо сурагчид бүгд сурах бичигтэй болсон уу?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сурах бичиг түрээсээр олгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Сурах бичгүүд бүрэн тараагдсан.

-Чанаргүй боловсрол олгож байна гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Дэлхийн жишигтэй харьцуулахад манай боловсролын систем хоцрогдсон нь үнэн шүү дээ. Боловсрол чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд ямар ажил хийсэн бэ?

-Боловсролын салбарын чанар хангалтгүй гэж манайхан ярьдаг. Гэхдээ гаднын орнуудад манай улсаас суралцаж байгаа ямар ч хүүхэд гологддоггүй. Манай улс академик, суурь боловсрол маш сайн олгодог. Сургалтын чанар орон нутаг, нийслэлд ялгаатай багаа нь үнэн. Тухайлбал, хөдөө орон нутагт багш нарын хүрэлцээ, зарим мэргэжлийн хичээлийн багш дутуу байдаг. Ер нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд энэ салбар, тэр тусмаа ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөр маш их өөрчлөгдсөн. Энэ нь хүүхэд сонирхлынхоо дагуу хичээлээ гүнзгийрүүлж судлах, бусдыг нь сонгон суралцах боломжийг хааж байгаа гэж үзсэн. Хүүхдүүд танхимаар орж байгаа бүх хичээлийг заавал үздэг тогтолцоотой. Ингэснээр хэрэгтэй цагаа өөр хичээлд зарцуулж хугацаа алддаг. Харин өндөр хөгжилтэй, боловсролын чанараар дээгүүрт бичигддэг орнуудад хүүхэд олон хичээл үздэггүй. Цаашдаа бид ийм систем рүү орох ёстой. Хоёрдугаарт, бид маш бага хэмжээний мөнгөөр боловсрол олгодог. Ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд төрөөс жилд дунджаар 1.4 сая төгрөгт зарцуулж байна. Энэ тийм ч хангалттай мөнгө биш. Харин манай их, дээд сургуулийн чанар тааруу. Хувийн өмчийн чанаргүй боловсон хүчин бэлтгэдэг олон сургууль бий. Үүнийг цөөлөх хэрэгтэй. Цаашдаа чанартай сургалт олгодог цөөн тооны их, дээд сургуультай байхад анхаарч ажиллах ёстой. Үүнийг шат дараатай хийнэ.

-Их, дээд сургуулиас ч өндөр төлбөртэй хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд бий. Тэд төлбөрөө дураараа нэмдэг. Сургуулийн төлбөрийн дээд хязгаарыг тогтоох боломжтой юу?

-Эцэг, эх нь өөрсдөө төлбөртэй сургуульд хүүхдээ өгч байна. Энэ хүний эрхийн асуудал. Зах зээл нь байгаа учраас эдгээр сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Сургуулиудын төлбөрийн дээд хязгаарыг тогтоох эрх бидэнд байхгүй. Дэлхийн аль ч улсад ийм жишиг байдаггүй.

-Энэ сургуулиудад төрөөс хувьсах зардал олгодог шүү дээ?

-Энэ хуулиар зохицуулагддаг. Эдгээр сургууль төрийн үүрэх ачаанаас үүрэлцэж байгааг ойлгох хэрэгтэй. Тийм учраас төр дэмжлэг үзүүлэх ёстой. Хувьсах зардлыг өндөр төлбөртэй сургуульд бүтнээр биш хувьлаж олгодог. Тодруулбал, нэг сая төгрөгөөс доош төлбөртэй бол хувьсах зардлыг бүтнээр, үүнээс их бол хувьсах зардлын 10 хувийг олгоно гэх мэтээр зохицуулдаг.

-2019-2020 оны хичээлийн жилд хичнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орсон бэ?

-Улсын хэмжээнд нийт 48 сургууль, 81 цэцэрлэг ашиглалтад орсон. Нийслэлд 20 сургууль, 19 цэцэрлэг, орон нутагт 28 сургууль, 52 цэцэрлэг үүдээ нээлээ. Мөн спорт заал, сургуулийн өргөтгөл, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийсэн. Цаашдаа бид Улаанбаатар хотын гэр хороолол дунд “Хүрээ” бага сургууль, “Өргөө” цэцэрлэг байгуулах төсөл боловсруулж байна. Тодруулбал, гэр хороололд бага сургууль барьж, дунд ахлах сургуулиас нь салгана. Зөвхөн бага сургууль цэцэрлэг барих учраас том хэмжээний газар шаардахгүй. Энэ нь цаашлаад хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангаж байгаа юм. Төслөө удахгүй танилцуулахаар бэлдэж байна. Мөн 2020-2024 онд бид хөдөө орон нутгийн сургууль цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний асуудлыг шийдэж, модон жорлонгоос нь салгах зорилт тавьсан.

-Сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхээр хангагдаж чадаж байгаа юу?

-2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цай, дотуур байрны хоолны мөнгийг 50 хүртэлх хувиар нэмсэн. 2012 оноос хойш энэ мөнгө нэмэгдээгүй байсан. Энэ мөнгө нэмэгдсэн учир бид цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цай зэрэгт норм, норматив, витаминлаг чанарт хяналт тавьж ажиллах талаар холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлсэн. Шинээр олон сургууль ашиглалтад орж, нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж байна. Мөн цэцэрлэгийн тоо нэмэгдсэнээр төрийн өмчит цэцэрлэгийн ачаалал буурч, хамрагдах хүүхдийн тоо нэмэгдсэн.

Ирэх жил нэлээд хэдэн цэцэрлэг, сургууль ашиглалтад орно. Жил ирэх тусам, сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 595 мянган хүүхэд ЕБС-д сурч байсан бол энэ жил 645 мянгад хүрсэн гэх судалгаа бий. Тэгэхээр сургууль цэцэрлэгийн ачааллыг өнөө маргаашдаа багасгаж  чадахгүй. Энэ бол урт хугацааны ажил.

Манай яам сургалтын үйл ажиллагаанаас гадна бусад чиглэл рүү ч анхаарал хандуулан ажиллаж байна. Хүүхдийн эрх ихэвчлэн сургалтын бус орчинд зөрчигддөг гэх судалгаа бий. Энэ нь эцэг эхийн хайхрамжгүй байдал, хараа хяналт сул байгаатай холбоотой. Иймд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, томоохон уулзалт зөвлөгөөн хийж байгаа. Мөн хүүхдэдээ тавих анхаарал, халамжийг сайжруулах зорилгоор эцэг, эх сургууль, багш нарын гурвалсан гэрээг байгуулж, ажилладаг боллоо.

-Дөрвөн том салбарыг багтаасан учраас аль нэг нь орхигдох тохиолдол байна. Тухайлбал, соёлын салбар орхигдсон гэж хэлж болно. Энэ чиглэлд хийсэн дорвитой ажил байна уу?

-Өнгөрсөн онд соёлын салбарт томоохон өөрчлөлт хийсэн. Тухайлбал, соёлын байгууллагууд олсон орлогоо өөрсдөө зарцуулдаг болж байгаа. Өмнө нь эдгээр байгууллага орлогын төлөвлөгөө өгч  үүнийгээ төсөвт суулгадаг байсан. Одоо тухайн байгууллагууд орлогоо зөв зарцуулж чадвал хөгжих боломжтой гэж харж байгаа. Энэ нь тухайн байгууллагын удирдлага менежментын асуудал. Мөн энэ жил тус салбарын ажилчдын цалин, хөлс нэмэгдсэн. Ер нь хамгийн бага цалинг урлагийн салбарынхан авдаг байлаа. Өнгөрсөн оноос соёлын салбарын цалин нэмэгдэж, төрийн албан хаагчийн дундаж цалингийн хэмжээнд хүрсэн.

-Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан нь нийгэмд шүүмжлэл дагууллаа.  Үнэхээр нураах болчихсон байсан юм уу. Хотын “А” бүсэд байрлах музейн газрыг авах гэлээ гэх хардлага байсан. Үүнд та тайлбар өгөхгүй юү?

-Соёлын салбарт Засгийн газраас сүүлийн хэдэн жил хийгээгүй томоохон төсөв, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Байгалийн түүхийн музей, “Чингис” хааны музей,  Үндэсний урлагийн театр, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг барилгыг шинээр барьж, ДБЭТ, УДЭТ, Төв номын сангийн барилгыг шинэчилнэ. Энэ ажилд нийт 109 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан. Соёлын салбарын том хөрөнгө оруулалт гэж тодорхойлж байгаа. Уг ажлыг энэ оноос хэрэгжүүлж эхэлнэ. Их тэнгэрийн аманд Байгалийн түүхийн музейг шинээр барихаар болсон ч газрын маргаантай асуудал үүссэн. Шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Тухайн газрыг манай яаманд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарсан ч газар дээр нь барилга барьсан компани маргаан үүсгэсэн. Барьсан барилгын мөнгө гэх нэрээр их хэмжээний төлбөрийг төрөөс нэхэмжилсэн. Гэхдээ бид тухайн газар дээр музейгээ барина. Харин Байгалийн түүхийн музей хуучин барилгыг нурааж газраа чөлөөлсөн. Энэ газарт есөн давхар, 21 мянган ам.метр “Чингис” хааны музей барина. Удахгүй тендер зарлаж, энэ ондоо багтаан барилгын ажлыг эхлүүлнэ.

-ДБЭТ, УДЭТ, Төв номын сангийн барилгыг нураахаар болсон гэж та өнгөрсөн оны аравдугаар сард мэдэгдэж байсан. Энэ байр суурь өөрчлөгдөж, сэргээн засварлахаар болжээ. Сонгуулийн жил гарсан учраас олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарахаас эмээгээд шийдвэрээсээ буцсан гэж ойлгож болох уу?

-ДБЭТ, УДЭТ, Төв номын сангийн барилгыг шинээр барихаар төлөвлөсөн ч хэсэг бүлэг хүн маш их шүүмжилж, улстөржүүлсэн. Тиймээс энэ ажлыг зогсоосон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэвч тухайн байгууллагуудын удирдлага ирж, энэ ажлыг үргэлжлүүлж өгөөч гэх хүсэлт гаргасан. Тэд тоног төхөөрөмжийг шинэчлэх, уран бүтээлчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлага бий гэдэг хүсэлт тавьсан. Тиймээс бид эдгээр байгууллагын засвар шинэчлэлийн ажилд тус бүр хоёр тэрбум төгрөг төсөвлөлөө. Барилгыг нурааж, шинээр барихад маш их хөрөнгө шаардана. Тиймээс засварлана.

-Шинжлэх ухааны салбарт энэ жил ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ. Дэлхийн бусад орон ДНБ-ийнхээ таван хувийг зарцуулдаг байхад манайд нэг хувьд ч хүрдэггүй. Энэ салбар орхигджээ. Төр эрдэмтэдийнхээ үгийг сонсох ёстой. Энэ байдал манайд эсрэгээрээ байна?

-Энэ жилээс хууль эрх зүйн орчноос эхлээд сайжруулж байна. Тухайлбал, Академийн эрх зүйн байдал, Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан. Удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ. Мөн шинжлэх ухааны том Кластер төв байгуулахаар 90 тэрбум төгрөгийн төсөл эхлүүлэх гэж байна. Зураг төслийн ажилд гурван тэрбум төгрөг зарцуулахаар энэ оны төсөвт суулгасан. Үүний зэрэгцээ олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээр хийсэн. Шинжлэх ухааны салбар орхигдоод байна гэх шүүмжлэлийг Ерөнхий сайд хүлээж авч, саяхан “Хандлагаа өөрчилье” гэх уриатай шинжлэх ухааны эрдэмтдийн анхдугаар их хурлыг зохион байгууллаа. 

 

ШИНЭ МЭДЭЭ