МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Хуулийн цоорхойг ашиглаж боловсролоор бизнес хийж болохгүй
2020.01.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Хуулийн цоорхойг ашиглаж боловсролоор бизнес хийж болохгүй

Эх сурвалж: Өглөөний сонин, сэтгүүлч М.Хангал

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Түүнээс УДЭТ, УДБЭТ, Төв номын сангийн барилгыг нураах болон сурагчдын амралт, гурван ээлжээр хичээллэж буй сургууль, сургалтын төвүүд, гадаад багш нарын ёс зүйн асуудлаар хариулт авсан юм.


-Ойрын өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Төв номын сангийн барилгыг нураана гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Салбарын сайдын хувьд Та тайлбар хийнэ үү?

-Би өнгөрсөн оны аравдугаар сард Байгалийн түүхийн музейд ажиллахдаа Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сангийн барилгын шинэчлэлийг зогсоох шийдвэр гаргасныг хэлсэн. Энэ сэдвээр ихээхэн улс төржиж байна. Олон нийтийн сүлжээгээр барилгыг нь нураагаад, газрыг нь зарж идэх гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж, тэмцэл өрнүүлж байгаа учраас энэ асуудлыг зогсоолоо гэж мэдэгдсэн. Суулт, тэмцэл өрнүүлж байсан. Тиймээс барилга шинэчлэх ажлыг зогсооно гэж мэдэгдэл хийсэн. Энэ байр сууриндаа хэвээр байгаа. Тухайн үед Засгийн газрыг хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй байсан юм. Мөн дээрх гурван байгууллагын удирдлага, ажилтнууд хэвлэлийн хурал хийж манай салбарт оруулахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын ажлыг зогсоох нь буруу гэж байсан. Мэдээж тоног төхөөрөмжийн шинэчлэл, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах гээд олон асуудал байгаа. Гэхдээ соёлын салбарт олон жил хийгдээгүй хөрөнгө оруулалт хийгдэж байна.

-Урлаг соёлын байгуул­лагуудын барилгын шинэчлэлийг зогсоохдоо шаардлагатай засвар үйлчилгээг хэрхэн хийх вэ?

-Тэртэй тэргүй энэ гурван барилгыг шинээр барихад олон тэрбум төгрөг шаардагдана. Тийм мөнгө байхгүй учраас шинэчлэх, засварлах ажлыг эхлүүлнэ. Бид УДЭТ-т хоёр тэрбум төгрөг, ДБЭТ-т хоёр тэрбум төгрөг, Төв номын санд хоёр тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгсөн. Энэ мөнгөөр гурван барилгыг шинэчилж, засварлана. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Тэгш ойгоос өмнө соёл урлагийн байгууллагуудаа засварлана. Зарим нь засварын ажлын зурагтай юм билээ. Зарим нь зураг хийнэ. Мөн тухай байгууллагуудаас хөгжим, техник шинэчлэх, сандал суудлаа өөрчлөх хүсэлт их ирж байсан. Төсөв санхүүгийн боломжгүйгээс болоод энэ ажлууд хойшилж байсныг энэ жилээс өөрчилнө. Үндсэндээ дээрх гурван байгууллагыг шинэ юм шиг сайжруулна. Тиймээс та бүхэн тайван амгалан байж болно. Одоо сонгууль дөхөж байна. Ялангуяа соёл урлагийн байгууллагыг улстөржсөн мэдээллээс хол байлгахыг улстөрчдөөс, улстөржсөн мэдээлэл гаргаад байгаа нөхдөөс хүсье. Мөнгөгүйгээс болоод олон жил соёл урлагийн байгууллага хөрөнгө оруулалтаас орхигдож байсан. Харин 2019-2020 онд маш сайн төсөв тавигдаж өгсөн. Үүнийг салбарт нь шингээгээд ном журмынх нь дагуу явуулчихмаар байна гэдэг хүсэлтийг олон нийтэд тавьж байна. Биднийг зүгээр л ажил хийлгээд өгөхийг хүсье.

-Зургаан тэрбум төгрөгөөр гурван барилгыг зассанаар хэр удаан хугацаанд ашиглах боломжтой вэ?

-Бид аль болох сайн засвар хийх ёстой гэж үзэж байгаа. Драм, дуурийн театрууд өмнө нь засвар хийлгэе гээд засварын зургаа өгсөн юм билээ. Манай хөрөнгө оруулалтын газрынхан тэр зургуудад үнэлэлт, дүгнэлт хийнэ. Хэр зэрэг удаан хугацааны баталгаатай засвар хийх нь вэ гэдгийг ажлын зураг, даалгавраараа тодорхойлох учиртай.

-Засвар хийснээр барилгыг шинэчлэх ажил бүр зогсох уу. Эсвэл яваандаа шинээр барих уу?

-Хэрвээ улсын төсөв боломжтой байвал цаашид шинэчлэх ажлыг ярина. Манай театр, номын сан, соёл урлагийн байгууллагуудын засвар үндсэндээ хаягдаад олон жил болж байгаа. Тэгэхээр энэ ажлууд үргэлжилнэ. Дээрээс нь энэ гурван байгууллагад дэлхийн түвшний техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийнэ гэвэл жил болгон л хөрөнгө оруулалт хийхээс өөр арга байхгүй. Би өнөө, маргаашгүй драм, дуурийн театрт ажиллаж нөхцөл байдалтай танилцаж, ажилтнуудын саналыг сонсоно. Ямар ч байсан 2021 он гэхэд сайхан болгоно. Нөгөөтээгүүр Засгийн газар зорьсон ажлынхаа үр дүнг харуулмаар байна. Бид эхний ээлжинд "Чингис хаан" музей, Байгалийн түүхийн музейн барилгаа баримаар байна.

-Байгалийн түүхийн музейн барилга хэзээ эхлэх вэ?

-Байгалийн түүхийн музейн барилгын ажил энэ жил эхэлнэ. Төсвийн хууль батлагдчихсан байгаа.

-Засгийн газраас гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэхээ зарласан. Энэ ажлын хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

-Манай салбарын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 20 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд “Монгол тэмүүлэл”, 133 дугаар сургуулийн асуудал шийдэгдсэнээр ганцхан сургуулиас бусад нь хоёр ээлжид шилжсэн. Үлдсэн ганц сургууль нь Говь-Алтай аймгийн төвийн нэгдүгээр сургууль. Энэ сургуулийн асуудлыг аймгийн удирдлагууд дотооддоо шийдэх боломжтой. Говь-Алтай аймгийн төвийн бусад сургуулиудад хүүхдүүдийг хуваарилах болон сумдын сургуулиудад шилжүүлэх боломжтой бий.

-“Монгол тэмүүлэл” болон 133 дугаар сургуулийн хичээлийн байрны асуудлыг шийдсэн гэсэн үг үү?

-Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэг корпусыг засварлаж, “Монгол тэмүүлэл” сургуулийг шилжүүлж байгаа. Үндсэндээ “Монгол тэмүүлэл”, 133 дугаар сургуультай холбоотой маргаан жил шахам үргэлжилж байна. Өнгөрсөн хавар намайг салбарын сайдаар томилогдож байхад эхэлсэн. Хоёр тал байр сууриа илэрхийлж, жагсаал цуглаандаа тулсан. Тэр хичээлийн байранд 133 дугаар сургууль, “Монгол тэмүүлэл” сургуулийн нийт 4000 гаруй хүүхэд хичээллэж байгаа. 133 дугаар сургууль 3000-аад хүүхэдтэй. Тиймээс аль болох цөөхөн хүүхэдтэй сургуулиа шилжүүлээд шинэ хичээлийн байртай болгох үүднээс зураг төсөв хийгдээд улсын төсөвт суучихсан байгаа. Хичээлийн байрны газар шийдэгдсэн. Барилгын ажил энэ гуравдугаар сараас эхэлнэ. Шинэ хичээлийн байр нь 640 хүүхдийн суудалтай. Энэ сургууль ашиглалтад орсноор “Монгол тэмүүлэл” сургууль ижил төрлийн “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиудын адил зургаадугаар ангиас эхлэн хүүхэд авах боломжтой болно. Одоогоор хичээлийн байрны хүртээмжээсээ шалтгаалаад зөвхөн ахлах ангийн буюу 10, 11, 12 дугаар ангид элсэлт авч байгаа.

-“Монгол тэмүүлэл” сургуулийг хотын төв рүү нүүлгэхээс өөр боломж байсангүй юу?

-Нэгдүгээрт энэ бол олон улсын стандарттай сургууль. Сургуулийн хүүхдүүдийн сурах орчин нөхцөлийн стандарт тавигдсаны дагуу засвар хийгдсэн. Мөн энэ сургууль сурагчдын хоёр автобустай. Улаанбаатарын дүүрэг болгоноос хүүхэд сурч байгаа учраас хотынхоо төвд сургууль байрлахад ямар ч хүндрэл гарахгүй гэж үзсэн. Харин 133 дугаар сургууль нь 3000 гаруй хүүхэдтэй. Гурван ээлжээр хичээллэж байгаа. Зарим тохиолдолд дөрвөн ээлжээр хичээллэж байна. 133 дугаар сургуулийг нүүлгэх юм уу, 3000 гаруй хүүхдийг өөр сургуулиудад тараан байршуулах ямар ч боломж байхгүй. Орон байр болон төсөв санхүүгийн боломж байхгүй. 133 дугаар сургуулийг өргөтгөж шинээр хичээлийн байр баригдаж байгаа. Үндсэндээ 2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд энэ хоёр сургуулийн асуудлыг шийдэх боломжтой болно. 

-Сургуулийн удирдлага, эцэг эхчүүд хичээлийн байрны асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-Шинэ байрны асуудлаар “Монгол тэмүүлэл” сургуулийн удирдлага, эцэг эхчүүдтэй уулзсан. Энэ байр нь 2000 гаруй м/кв. Одоо байгаа хичээлийнх нь байртай яг адилхан талбайтай. Ер нь яамны зохицуулалтыг эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй. Төр засаг бодлого шийдвэрээ гаргаж байна. “Монгол тэмүүлэл” сургуулийн нэг хүүхдэд оногдох зардал, стандарт, төрөөс үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэг нь жирийн сургуулиас гурав дахин өндөр байдаг. Ийм нөхцөлтэй учраас төр засаг нэг, хоёр жилийн сургалтын үйл ажиллагааг ингэж зохион байгуулахаас аргагүй байдалтай байна.

-Ханиад, томуугийн дэгдэлттэй холбоотойгоор сурагчдын амралтыг нийслэлд долоо хоног сунгасан. Орон нутагт байдал ямар байна вэ?

-Нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гарсан. Хичээл энэ сарын 20-ны өдрөөс эхэлнэ. Орон нутгийн хувьд дөрвөн аймаг амралтыг сунгах хүсэлт гаргасан. Мөн дөрвөн аймаг хэсэгчилж амраасан. Үндсэндээ бусад аймгуудын хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Энэ жил Улаанбаатар хотод утаа 50 орчим хувиар буурсан учраас агаар, орчны бохирдолтой холбоотой амьсгалын замын халдварт өвчлөл харьцангуй багассан болохыг Эрүүл мэндийн яам онцолсон. Харин олон улсад дэгдээд байгаа В төрлийн вирусийн ноцтой томуу дэгдсэнээр хичээл сургалтын үйл ажиллагааг түр завсарлуулж, амралтыг сунгасан.

-Дипломын боловсрол олгодог сургалтын төвүүдийг цэгцлэх тухай та ярьж байсан. Ямар учраас ийм шаардлага үүссэн бэ?

-Манайд маш олон сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Сошиалиар гадаадын их, дээд сургуульд бүртгэнэ, диплом олгоно гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа их явдаг. Эдгээр байгууллага нь хуулийн цоорхойг ашиглаж боловсролоор бизнес хийж, олон нийтийг хохироож байгаа юм. Ялангуяа зүгээр дамжаа хичээллүүлэх зөвшөөрөлтэй сургалтын төвүүд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хүртэл дипломын болон зэргийн боловсрол олгодог мэргэжлүүдээр мэргэжил олгоод байгаа нь олон нийтийг залилан мэхлэх үйл ажиллагаа. Тиймээс 2019 оны аравдугаар сард салбарын сайдын тушаалаар сургалтын төвүүд дээр ХНХЯ, Улсын бүртгэлийн газар, цагдаагийн байгууллагатай хамтарч шалгалт явуулсан. Маш олон зөрчил дутагдал илэрсэн. Үүний дагуу ХНХ-ын сайд, Мэргэжлийн хяналтын газар, бүртгэлийн байгууллагуудад бичиг хүргүүлж, сургалтын төвүүдтэй холбоотой асуудлыг цэгцэлж эхэлсэн. Тэдгээр байгууллага нь их, дээд сургууль, институт нэртэй боловч улсын бүртгэлийн газраас сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагын зөвшөөрөл авсан байдаг. Олон нийтийг төөрөгдүүлж, диплом олгох, зэргийн сургалтууд явуулах замаар залилан мэхэлж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд цэцэрлэгийн туслах багшаас эхлээд боловсролын байгууллагын ажилтнуудыг бэлтгэж болохгүй. Цэцэрлэгийн туслах багшийг багшийн мэргэжил олгодог дээд сургуулийн дэргэдэх тусгай курсээр жил хүртэлх хугацаанд сургах ёстой. Одоо 14 хоногийн сургалтаар цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэж байна. Гэтэл цэцэрлэгүүдээс туслах багш нар шаардлага хангахгүй, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар ойлголтгүй зэрэг гомдол их ирдэг. Мөн сувилагч, бага эмч, шүүх эмгэг судлалын туслах ажилтан, эм найруулагч, шүдний техникч, уламжлалт анагаах ухааны бага эмч, сувилагч, эх баригч гээд анагаах ухааны тусгай зэрэгтэй хүмүүсийг МСҮТ-үүд бэлтгэж байна. Эдгээр нь МСҮТ-үүдээр нэг жилийн дотор сурдаг мэргэжил биш.

-Асуудлыг хэзээ цэгцлэх вэ?

-Салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд мэргэжлийн чиглэлийн индекс тогтоодог. 2016 оны индексийг шинэчилж байгаа. Тиймээс мэргэжлийн зэрэг олгож байгаа МСҮТ-үүдтэй холбоотой бүх асуудлыг ойрын хугацаанд цэгцэлнэ. Олон нийтэд хандаж хэлэхэд их, дээд сургууль, институт гэдэг нэртэй диплом олгох сайхан мэргэжлийн залилангийн асуудалд болгоомжтой хандахыг зөвлөе. Ямар ч зөвшөөрөлгүй төрийн бус байгууллагууд хууль зөрчиж ийм сургалт явуулж байгаа юм шүү. Зөрчил гаргасан байгууллагуудыг холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэх болно.

-Хууль зөрчсөн сургалтын төвүүдийн бодит хохирлыг хэрхэн тооцох вэ?

-Иргэд эдгээр төвүүдэд тодорхой хэмжээний сургалтын төлбөр төлөн суралцаж байгаа. Дараа нь дипломоороо мэргэжлийнхээ ажлыг хийх гэхээр хүлээн зөвшөөрөгдөхгүй. Тэгэхээр иргэд сургалтын төлбөр, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирно. Манайд албан ёсны мэргэжлийн зэрэг олгодог байгууллагууд нь боловсролын яамнаас зөвшөөрөл авсан их, дээд сургуулиуд. Харин МСҮТ-үүд нь мэргэжлийн сертификат олгох ёстой.

-Хувийн сургуульд ажилладаг гадаад багш хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, сурагчдад зүй бус бичлэг үзүүлсэн гэх мэдээллийг нягталсан уу. Гадаад багш нарын ёс зүйн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Англи хэлний сургалттай сургуулийн багштай холбоотой асуудал өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, сурагчдыг амраахгүй хичээллүүлэх, сурагчдад зүй бус бичлэг үзүүлсэн зэрэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгэх болсон. Манай Ерөнхий боловсролын газрын ажлын хэсэг тухайн сургууль дээр ажилласан. “English school of Mongolia” гээд одоогоор боловсролын яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу амарч байгаа. Одоо болтол хичээллэж байна гэдэг нь ташаа мэдээлэл. Хоёрдугаарт, тухайн сургууль жил болгон хоёрдугаар улирлын амралтаар Кувейтийн аманд цөөн тооны хүүхдэд сургалт явуулдаг юм байна. Эцэг эхчүүдээс нь зөвшөөрөл авсан байсан. Тэр сургалт нь хөтөлбөрийнхөө дагуу хэвийн үргэлжилж байгааг яамнаас газар дээр нь очиж үзсэн. Гуравдугаарт, бичлэг үзүүлсэн асуудал тухайн сургуульд байгаагүй. Шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсаныг БЗД-ийн цагдаагийн хэлтэс мэдээллийг анх жиргэсэн иргэнийг шалгаж байгаа юм билээ. Харин хар тамхи мансууруулах бодистой холбоотой гадаад багш нарын асуудал хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Хууль хяналтын байгууллага шалгаж байсан. Бидний зүгээс хоёр ч удаа цагдаа болон тагнуулын байгууллага, ХЗДЯ-нд бичиг явуулсан. Ер нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж хэрэг төвөгт орооцолдсон багш, ажилтан байвал бидэнд мэдээлэл явуулаач гэдэг хүсэлт хүргүүлсэн. Яг өнөөдрийн байдлаар манайд албан ёсоор хууль хяналтын байгууллагаас боловсролын байгууллагад ажиллаж байгаа гадаад мэргэжилтнүүдтэй холбоотой шалгагдаж байгаа гэх мэдээлэл ирээгүй. Энэ асуудал нь тодорхой хэмжээнд нууцлалтай явдаг. Гүйцэд шалгагдаагүй асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөх нь зохисгүй байдаг. Хэдэн жилийн өмнө гарч байсан ганц хоёр удаагийн хэргийг одоо өрнөж байгаа мэтээр олон нийтэд буруу мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Энэ нь өсвөр насны хүүхдүүдэд буруу сэдэл өгөх сөрөг талтай. Тиймээс аливаа мэдээллийг гаргахдаа бас өдөөн турхирч улстөржүүлж байгаа нөхөд болгоомжтой хандахгүй бол болохгүй шүү.

-Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймагт зам засварын ажил хийж байсан компани Чингис хааны онгоныг олсон байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан. Боловсролын яам энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Бидэнд албан ёсоор мэдээлэл ирээгүй байна. Олон нийтийн сүлжээнд тийм мэдээлэл явж байсан. Хууль ёсоор манай шинжлэх ухааны академид хамгийн түрүүнд мэдээлэл ирээд тэндээс авран хамгаалах ажиллагаа явуулах учиртай. Уг нь замын ажил явахаас өмнө тухайн газар нутагт авран хамгаалах ажиллагаа хийгдсэн байдаг.

-Монгол Улсад Чингис хааны онгоныг хайж байгаа судалгааны баг ажилладаг уу. Чингис хааны онгоныг олох талаар ямар нэгэн ажил хийж байгаа юу?

-Байхгүй. Чингис хааны онгон шүтээнтэй холбоотой ямар ч судалгааны баг байхгүй. Ер нь байлгах шаардлагагүй гэж үзэж байгаа. Салбарын сайдын хувьд болон археологич, түүхч хүнийхээ хувьд одоогоор манайд ийм үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ