Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын эрчим хүчний чадлыг нэмлээ
2020.01.16
Орон нутгийн хөгжил

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын эрчим хүчний чадлыг нэмлээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор “Цэнхэрмандал” дэд станцыг өргөтгөн, Цэнхэрмандал -Жаргалтхаан сумыг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам барьжээ.

Энэ бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Дэд станцыг 35/6 киловатаар өргөтгөсөн байна. Шинээр татсан агаарын шугам 44.5 км урт бөгөөд 35 киловаттын хүчин чадалтай юм. Өргөтгөлийг “Багануур- Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компани дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Үүнд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эрчим хүчний бүтээн байгуулалтын хүрээнд Жаргалтхаан дэд станцын барилга угсралтыг мөн хийж гүйцэтгэсэн байна.

Жаргалтхаан сум 1994 онд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Үүнээс хойш шинэчлэл, өргөтгөл хийгээгүй учир хүчдэл унах, өсөн нэмэгдэж байгаа ачааллыг даахгүйд хүрээд байсан юм. Тус сумын иргэд өнгөрсөн жил Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр үүнд анхаарахыг хүсч байсан нь  өнөөдөр бодит ажил  боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ