МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Саарал жагсаалтад орсон оношоо бид зөв тодорхойлж чадахгүй байна
2020.01.22
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Саарал жагсаалтад орсон оношоо бид зөв тодорхойлж чадахгүй байна

Эх сурвалж: Үндэсний шуудан, Б.Бадралмаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

 

-Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Энэ хуулийг баталснаар Монгол Улс саарал жагсаалтаас гарах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн.  Энэ жил саарал жагсаалтаас манай улс гарч чадах болов уу?

-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. Өөрөөр хэлбэл, 1990 онд төрийн өмчийг хувьд шилжүүлж, газрын баялгаа аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Ингээд зах зээлд төрийн зохицуулалт байхгүй болгосон.  

Гэтэл 30 жилийн дараа манайх ОУВС-аас хамааралтай, саарал жагсаалтад орсон улсын нэг боллоо. Саарал жагсаалтад арван улс, хар жагсаалтад хоёр улс байдаг. Гэтэл энэ цөөхөн улсын тоонд бид орчихсон байна. Саарал жагсаалтад яагаад оров гэдэг учир шалтгаанаа бид зөв тодорхойлж чадахгүй байна. Дөрвөн асуудал бий гэж байгаа ч цаана олон хүчин зүйл байгаа. Үүнийг би чуулганы хуралдаан дээр тодорхой хэлсэн.

-Татварын ил тод бус байдал саарал жагсаалтад орох шалтгаан болсон гэж зарим гишүүн үзсэн. Үүнтэй холбоотой хуулийн төсөл орж ирсэн ч дэмжигдээгүй. Энэ хуулийг дэмжээгүйгээс болж саарал жагсаалтаас гарах боломж нэг алхам хойшилсон гэж Х.Нямбаатар гишүүн хэлсэн. Энэ ямар учиртай юм бол?

-УИХ-ын чуулганы хурал­даанаар энэ асуудлыг хэлэлцэхэд ойлголтын зөрүү гарсан. Ойлголтын зөрүүг арилгахын тулд үүнийг УИХ-аар сайн хэлэлцэх хэрэгтэй. Татвартай холбоотой асуудлаас болж саарал жагсаалтад орсон зүйл байхгүй. Х.Нямбаатар гишүүн хуулийн хүн учраас мэдээлэл бага байсан байх. 300 сая төгрөг бол том компаниудын нэг өдрийн л орлого. Заримынх нь нэг өдрийн орлогод ч хүрэхгүй. Эрүүгийн хуульд татвараас зайлсхийвэл торгуул ногдуулна гэсэн заалт байгаа. Тиймээс ийм хууль оруулах шаардалгагүй.

-Тэгэхээр саарал жагсаалтад ороход юу нөлөөлсөн юм бэ?

-Саарал жагсаалтад орсон оношоо бид зөв тодорхойлж чадахгүй байна. Үл хөдлөх зуучлал, алт, мөнгө, Хойд Солонгос улстай холбоотой асуудлаас болж саарал жагсаалтад орсон гэж байгаа ч эдгээр нь саарал жагсаалтад орох хэмжээнийх биш. Нээлттэй ярилцаж болох асуудал байгаа ч хаалттай ярих зүйлүүд ч бий. Ер нь Монгол Улсад далд эдийн засаг их байна. 2018 онд 2.9 их наяд тэрбум төгрөгийн далд эдийн засаг манай улсад байна гэсэн судалгаа гарсан. Тухайн үед манай улсын өөрийнх нь төсвийн орлого 10.8 их наяд төгрөг байсан. Төсвийн орлогын дөрвөн төгрөг тутмын нэгтэй тэнцэх далд эдийн засаг манайд бий.

-Манай улсад далд эдийн засаг үүсч байгаа шалтгаан нь юунд байна вэ?

-Далд эдийн засагт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал том байр эзэлдэг. 2015 онд гаргасан судалгаагаар манай улсын далд эдийн засагт байгаа хар тамхи худалдаж, олсон орлогын хэмжээ 20 тэрбум төгрөгт хүрсэн. Харин 2018 оны жилийн эцсийн статистикаар 113 тэрбум төгрөг болж өссөн байна. Үүнийг анхаарах цаг болсон нь харагдаж байна. Шийдвэр гаргачид энэ мэт статистик, тоог анхаарч байх хэрэгтэй. Хар тамхины худалдаа, хүн худалдах, дээрэм зохион байгуулах зэрэг гэмт хэргийг араасаа дагуулдаг аюултай. Далд эдийн засгаас мөнгө угаалт үүсээд байна. Мөнгө угаалт нь албан бус эдийн засаг учраас албан эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Хууль бус мөнгийг хууль ёсны эргэлтэд оруулахыг далд эдийн засаг гэнэ. Санамсаргүй байдлаар далд эдийн засаг үүсгэх явдал бий. Тухайлбал, манай улсын иргэд өөрсдийн дотоод хэрэгцээнд зориулж, хүнсний ногоо тариалдаг. Энэ ажлыг бүртгүүлж, мэдээлэх боломжгүй. Харин энэ нь далд эдийн засагт ордог. Далд эдийн засаг нь даамжирсаар хувь хүнд сөрөг үр дагавар авч ирнэ. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй болсон хүнд бизнесийн таатай санал ирдэг. Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг дагуулж байдаг.

-Далд эдийн засгийг ил болгох чиглэлээр Монгол Улс ямар бодлого баримталж ажилладаг юм бол?

-Мөнгө угаалт, далд эдийн засаг хоёр хоорондоо нягт холбоотой. Далд эдийн засаг буурснаар угаах мөнгөний хэмжээ буурна. Уг нь бид угаасан мөнгө хаашаа орж байгааг судлах хэрэгтэй. Дэлхийн ихэнх улсад өөрийн орлогоосоо давсан хэрэглээтэй байвал үүнийхээ тайланг заавал гаргадаг. Манайд тийм зүйл байдаггүй. Далд эдийн засгийг ил болгох чиглэлээр бид том ажил хийгээгүй. 2015 онд Монгол Улсын далд эдийн засгийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад 15.7 хувьд хүрсэн. 2018 онд эцэст энэ тоо буурч 9.2 хувь болсон. Ингэж далд эдийн засаг буурахад НӨАТ-ын урамшууллын систем нөлөөлсөн гэж үздэг. Тиймээс үүнийг цаашид илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Татварын шинэ хууль хэрэгжиж байгаа. Мөнгө угаах, далд эдийн засгийг ил болгоход онцгой ач холбогдолтой хууль болсон. Өөрөөр хэлбэл, татварын хяналт сайжирсан гэж хэлж болно. Мөн татварын хувь хэмжээг бууруулсан. 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой иргэд, аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлнө.  Энэ нь далд эдийн засгийг ил болгоход нөлөөлнө.

-Саарал жагсаалтаас гарч чадахгүй бол хар жагсаалтад орох эрсдэл бий юу?

-Монгол Улс хар жагсаалтад орохгүй. Энд Өмнөд Солонгос, Иран гэсэн гэсэн хоёр улс бий. Харин манайх саарал жагсаалтад байгаад байх магадлалтай. Саарал жагсаалтад орсон учир шалтгаанаа тодорхойлчихвол хэдийд ч гарах боломжтой.

-ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу УИХ Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг баталсан. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Тэтгэврийн зээлтэй ахмадууд ихэвчлэн 1990-ээд онд ажил хөдөлмөр эрхэлж, бүтээн байгуулалтад оролцсон хүмүүс. Иймд би ахмадын тэтгэврийг нэмэх, асуудлыг нь шийдвэрлэх талаас нь дэмжсэн.  Харин эдийн засаг талаасаа оновчтой арга хэмжээ биш. Монгол Улс эдийн засгаа томруулах, хуримтлал үүсгэх, далд эдийн засгаа ил болгох, баялгаа тэгш хуваарилах бодлого баримталсан бол ийм асуудал үүсэхгүй байлаа. Бид энэ шийдвэрийг гаргаснаараа ОУВС-ын хөтөлбөртэй хамтарсан гэрээгээ зөрчсөн. Засгийн газар  энэ асуудлаар ОУВС-тай ярилцах байх.

Ирэх тавдугаар сард хамтарсан хөтөлбөр дуусна. Гэхдээ манай эдийн засаг бүрэн сэргээгүй байна. 2016 онд Монгол Улсын валютын нөөц 900 сая ам.доллар байсан бол одоо 4.2 тэрбум болсон. Төсөв болон эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайжирсан ч энэ тогтвортой өсөлт биш. Тиймээс бид одоохондоо энэ хөтөлбөрөөс гарч болохгүй. Эдийн засагч хүний хувьд би ОУВС-тай дахиад хамтарч ажиллах хэрэгтэй гэж харж байна. Дахиад дөрвөн жил энэ сантай хамтраад ажиллавал эдийн засаг тогтворжино. Цаашдаа бид орд газруудад түшиглэсэн төрийн өмчит компаниудыг нэмэх хэрэгтэй. Манай улс ямар замаар, яаж хөгжих вэ гэдгээ одоо хүртэл тодорхойлж чадаагүй байна. 1990 оноос хойш эдийн засагт төрийн оролцоо бага болсон гэдгийг хэлсэн. Төрийн зохицуулалт хийж чадахгүйгээс бид дампууралд орох гээд байна.

ШИНЭ МЭДЭЭ