“Эрүүл иргэн аян-2020” аян өнөөдөр эхэллээ
2020.01.23
Эрүүл мэнд

“Эрүүл иргэн аян-2020” аян өнөөдөр эхэллээ

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол улсын ТХЗ-2030, Халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрүүд, МУЗГ болон Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан сайжруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эрт илрүүлгийг тогтмол хийснээр сэргийлж болох өвчлөл, эндэгдэлийг бууруулан монгол хүний дундаж наслалтыг уртасгах үндсэн зорилтын хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд "Эрүүл иргэн аян-2020" нээлт боллоо.

Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт оношлон эмчлэн эрүүлжүүлэх зорилго бүхий Эрүүл иргэн аян юм. НЗДТГ, НЭМГ-аас санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл иргэн аян 3 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа ба энэ ажлын хүрээнд нийслэл хотын хороо, өрхийн эрүүл мэндийн төв бүрт нарийн мэргэжлийн 7-8 чиглэлийн эмч мэргэжилтэн очиж иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж зөвлөгөө өгдөг нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тусламж үйлчилгээг ойртуулан ажиллаж байгаа билээ.

Эрүүл иргэн аян-2020 үйл ажиллагааны хүрээнд хүн амын дунд өвчлөл өндөр байгаа зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар хоолой, нүд болон бусад чиглэлээр үзлэг хийгдэхээс гадна улсын хэмжээнд явагдаж байгаа Тэмбүүг устгая арга хэмжээ, Сүрьеэгийн халдварыг бууруулах, Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй багажийн болон лабораторийн оношилгоонууд хийгдэнэ.
Энэ үйл ажиллагаанд зөвхөн эрүүл мэндийн байгууллага бус Төрийн болон ТББ, иргэдийн оролцоо дэмжлэг маш чухал юм.

Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлснээр сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах бүрэн боломжтой тул дүүрэг болон хороодын ЗДТГ-ын зүгээс харьяаллын хүн амаа энэ үзлэгт бүрэн хамруулах талаар идэвх санаачилга гарган зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ