МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мал хулгайлсан л бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэх хууль батлагдлаа
2020.01.24
Хүний эрх

Мал хулгайлсан л бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэх хууль батлагдлаа

Мал сүрэг нь Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа малчин өрхийн амьжиргааны гол эх үүсвэр болох тул Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг.  

Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, мал хулгайлах гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлаж, урьдчилан сэргийлэх нь Эрүүгийн хуулийн нэг зорилт юм. Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэргийг өмчлөх эрхийн эсрэг бусад төрлийн гэмт хэрэгтэй адилтган үзэж, ижил хэлбэрийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан бол 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан шинэчилсэн найруулгад бусдын малыг хулгайлан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах гэмт хэргийг “Хулгайлах” гэмт хэргээс ялган ойлгож, “Мал хулгайлах” 17.12 дугаар зүйлийг шинээр нэмсэн. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар уг зүйлд өөрчлөлт оруулсан.

Статистик баримтаас үзвэл, малын тоо толгой өсч, бэлчээрийн болон цаг агаарын байдлаас шалтгаалсан малчдын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл ихэссэн, мах, малын гаралтай түүхий эдийн зах зээл өргөжиж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах аж ахуйн нэгж, байгууллагын тоо олширч, гэмт хэргийн гаралт өмнөх жилүүдээс нэмэгдэх, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2016 оныг хүртэл тогтмол буурч ирсэн бол 2017 оноос нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89,2 хувиар өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 5.2 хувийг, орон нутагт бүртгэгдсэн гэмт хэргийн 15.5 хувийг эзэлж байна.  

Эрүүгийн хуулийн дээрх 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно." гэж тус тус заасан. Ингэснээр “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хохирогчид учирсан эдийн засгийн бодит хохирлыг үл тооцон хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг  чангатгах шаардлага үүсээд байсан юм. 

Түүнчлэн хуулийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах асуудал тодорхой хуульчлагдаагүй тул малчин өрхийн болон мал бүхий иргэдэд учирч буй хохирол, хор уршгийг тооцох аргачлал, гэмт этгээдэд оногдуулах ял, шийтгэлийг оновчтой тогтоох зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Эрүүгийн болон Зөрчлийн хуулиас гадна Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг бусад хуулиар малын шилжилт хөдөлгөөний хяналт, малын бүртгэл, им тамга, малын индексжүүлсэн бүртгэл, мал, махны гарал үүслийн гэрчилгээ гэх мэт захиргааны хяналт, зохицуулалтын шинжтэй хуулийн зохицуулалтууд хэрэгжиж байна. Гэсэн ч мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил бүр тасралтгүй өссөөр байгаа.

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлд Эрүүгийн болон Зөрчлийн хуульд нэмэл өбөрчлөлт оруулан ялын бодлогыг чангатгах замаар шийдвэрлэхийн тулд УИХ-ын гишүүнХ.Болорчулуун, О.Батнасан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд, Л.Мөнхбаатар нарын 24 гишүүнээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар баталлаа. 

Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд нар ажиллажээ.  

Мал хулгайлах гэмт хэрэг өсч байгаа нь ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой боловч нөгөө талаар мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын бодлого нь үр нөлөө багатайгаас гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзсэн. Иймд малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, хуулийн хийдэл гаргахгүй байх зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилсан байна. 

Хуулийн энэ нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө 24 бог, найман бодоос дээш тооны мал хулгайлсан нөхцөлд ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулдаг байсан. Тухайлбал, 23 бог хулгайлсан этгээдэд 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой байсныг хуулиас хасч, 23 бог хулгайлсан этгээд өмнө нь ял эдлэх нэрээр аймгийн төвд хэдэн өдөр гудамж шүүрдэж байгаад буцаад сумандаа хүрээд ирдэг байсныг таслан зогсоож, тэдэнд зохих ял шийтгэлийг эдлүүлэхээр хуульд тусгасан байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

“Бусдын малыг хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр 6 сараас 5 жил хүртэл хорих ял эдлүүлэхээр заасан. Давтан болон зохион байгуулалттай бүлэглэн үйлдвэл 5-12 жилийн хорих ял оногдуулна. Харин хүндрүүлэх нөхцөлөөр мал хулгайлсан бол 2-8 жил хорих ял оногдуулах зохицуулалт оруулсан. Мал хулгайлах гэмт хэрэгт бүрд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн өөрчлөлтийг хийж байна." 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

“Уг нэмэлт, өөрчлөлт бол гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой хууль. Нөгөө талаар малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нь зөвхөн цагдаагийн болон бусад хуулийн байгууллагын чиг үүрэг гэж орхилгүйгээр холбогдох тал талын илүү өргөн хүрээтэй оролцоо, хамтын ажиллагаа чухал байна. Цагдаагийн байгууллагын хэрэгжүүлдэг хяналтаас гадна, бусад захиргааны байгууллагууд, хуулиар малын шилжилт хөдөлгөөний хяналт, им тамганы хэрэглээ, бүртгэлжүүлэлтийн асуудлаар ямарваа нэг үүрэг хүлээсэн бүх этгээд нэгдсэн зохион байгуулалттайгаар нэг чиг зорилго, нэгдмэл сүлжээ үүсгэн хамтран ажиллах шаардлагатай.”

Мөн мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авах зэрэг нэмэлт, өөрчлөлтиүүдийг хуульд оруулан баталсан юм. 

Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг худалдан авч, дамжуулан худалдсан этгээдэд хариуцлага тооцох зэрэг асуудлаар нэмэлт оруулжээ.

ШИНЭ МЭДЭЭ