МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.01.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Мөнх-Оргил: Энэ парламентад Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэх хугацаа байхгүй учир буцаах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.24/ хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш тус хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого (2003 онд), Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016 онд), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2016 онд) тус тус шинэчлэгдэн батлагдсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Би гишүүдийн хэлж байгаа саналаас тэс өөр саналтай байна. Өнөөгийн парламентад энэ хуулийг хэлэлцэх хугацаа үлдсэнгүй. Хууль өөрөө их том, өргөн агуулгатай, чухал хууль. Гэтэл энэ хуулийг ийм хурдан хугацаанд хэлэлцэж батлах боломжгүй юм. Одоо 7 хоногийн дараа чуулган завсарлана. 4 сараас хаврын чуулган эхэлнэ. 6 сард сонгууль болно. Бүгд ойлгож байгаа амжихгүй гэдгийг.

Мөн энэ хуульд шинэ зүйл алга. Хуульд 2 бүлэг 26 зүйл нэмж байна гээд байгаа ч нэмж байгаа бүлгийг нь харахаар гэр бүлийн хөгжил, төрийн байгууллагыг дэмжих тогтолцоо гэж нэрлээд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхаа тухай нэмсэн банйа. Энэ байгууллагын асуудал салбарын, Засгийн газрын хүрээндээ ороод явсан. Заавал энэ хуульд оруулж батлах шаардлага байхгүй. Одоогийн нөхцөлд энэ хууль боломжийн хэрэгжих ч зарим нэг зүйл заалтаа нэмэлт өөрчлөлтөөр оруулаад явж болно. Бид хуулиа тогтвортой хэрэглэж сурмаар байна.

Гишүүдийн хэлээд байгаа саналуудыг сонсохоор бүгд энэ Гэр бүлийн тухай хуулиар шийдэгдэх асуудлууд биш юм. Боловсрол, орлого нэмэгдүүлэх гэх мэт асуудлыг салбарынх нь хуулиар зохицуулах нь зүйтэй байх. 

Төрийн оролцоо хаана байх ёстой болон ёсгүйг бодлогын хувьд ялгаж харах хэрэгтэй. Төр гэр бүлийг бүртгэнэ, цуцална, хүүхдийг бүртгэнэ, үрчлэлийг бүртгэнэ, тэтгэмжийг зохицуулна. Бусад нь нийгмийн болон эдийн засгийн асуудал юм. Хувь хүний нандин эмзэг харилцаа юм. Түүнрүү нь ямар тусламж дэмжлэг оруулах ёстойгоо сайн анхаарах ёстой. Одоо гишүүдийн хэлж байгаагаар бол гэр бүл цуцлуулахгүй нь байна. Гэр бүл салалт өндөр байна л гээд байна. Статистикийг нь харахаар хувиараа буурсан байна шүү дээ.

Орчин цаг, 21 дүгээр зууны хандлага чиглэлээ сайн олж хармаар байна. Жишээ нь Монгол гэр бүл хэврэгжээд байна л гээд байна. Статистикийн тоогоор тийм зүй байхгүй гэж харлаа. Хүндрэл гэхдээ байна. эдийн засаг, ёс суртахуун доголдож байгаа нь бий. Монголд ч биш дэлхий дахинд гэр бүлийн харилцаа өөрчлөгдөөд байна.

Энэ хуульд өрх толгойлсон эцэг э, өмч хөрөнгийн асуудал нарийвчлан зохицуулсан, иргэний гэр бүлийн асуудлыг оруулж ирсэн бол дэмжиж болох ч тийм зүйл алга байна."

ШИНЭ МЭДЭЭ