МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зарим сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
2020.01.31
Орон нутгийн хөгжил

Зарим сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төв хотуудын /Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан билээ. Улсын Их Хурлын 1994 оны 33-р тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгон өөрчилсөн байна. Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ өссөнөөс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болж, хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олгон, зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олгожээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байдаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал байгааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүн М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, А.Сүхбат, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Д.Лүндээжанцан нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд гишүүдийн 60% нь дэмжиж тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. 

ШИНЭ МЭДЭЭ