МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Сараал жагсаалтад орсон учир шалтгааныг ярьж, саналаа нэгтгээгүйгээс зарим заалтууд УИХ дээр уналаа
2020.02.03
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Сараал жагсаалтад орсон учир шалтгааныг ярьж, саналаа нэгтгээгүйгээс зарим заалтууд УИХ дээр уналаа

Эх сурвалж. Үндэсний шуудан сонин 2020.01.23 №015, сэтгүүлч Б.Номин

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-УИХ “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” тухай хуульд өөрчлөлт оруулсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд манай улс ач холбогдол өгөөгүйгээс саарал жагсаалтад орсон гэх мэдээлэл байдаг...

-Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо Өнгөрсөн хугацаанд бид өөрийн толгойгоор ажилласан эн жил бараг байхгүй Байнга бусдын заавраар ажиллаж зах зээлийн эдийн засгийн стандарт онол ярьсаар өнөөдөр саарал жагсаалтад хоёр дахь удаагаа орчихсон явж байна. Харамсалтай байна. Мөнгө угаах терроризмтой тэмцэх бодлого, зохицуулалт, мөнгө угаах, хөрөнгө хураах, терроризмыг санхүүжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрх зүйн зохицуулалт, олон улсын хамтын ажиллагааны тухай ФАТФ-ийн 40 зөвлөмж байдаг.

Энэ зөвлөмжөөр эрсдэлээ тодорхойлж, бодлого боловсруулах, дотоод уялдаа холбоогоо сайжруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг шалгах, санхүүгийн салбарт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хуулийн этгээд, бусад эрх зүйн зохицуулалт  бүхий этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод болгох, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг улс орнуудад хандаж шаарддаг. Энэ 40 зөвлөмжийг нэг дор хийгээд дуусчих ажил биш юм. Энэ 40 зөвлөмжид заасан чиглэлийн ажилдаа байнга мөрдөж ажиллах стандарттай юм.  Энэ ажлын хэрэгжилт шаардлага хангахгүй байгаа учраас биднийг муу гэж үнэлээд байгаа юм. Энэ ажлыг нэгтгэж зангидах, удирдлага, зохион байгуулалт, ажлын менежментийг эөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. 

-Манай улсыг саарал жагсаалтад дөрвөн шалтгааны улмаас оруулсан гэж байгаа. Одоо хуульд өөрчлөлт орсоор саарал жагсаалтаас гарах боломжтой болж байна уу ?

-Энэ асуудлыг тойрч бид маш сайн ярих шаардлагатай. Саарал жагсаалтад орсон асуудлаар өнөөдрийг хүртэл манай төрийн эрх барих дээд байгууллага УИХ дээр яриагүй л байна. Миний бодож байгаагаар одоо яриад байгаа дөрвөн асуудлаас гадна бас өөр асуудлууд бий. Учир шалтгааныг ярьж, саналаа нэгтгээгүйгээс өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн төслийн зарим заалтууд УИХ дээр олонхын дэмжлэг авч чадахгүй уналаа.

Унасан шалтгаан нь мэдээлэл харилцан адилгүй, удирдлагын түвшний, гишүүдэд байгаа мэдээлэл зөрүүтэй байгаагаас болсон гэж үзэж байна. Энэ асуудлыг ярьж, нэг ойлголттой болохгүй бол цаашид ажиллах, авах арга хэмжээнүүд төлөвлөснөөр явахгүй боллоо.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил нь дэлхий нийтийн, улс орны онцгой анхаарах асуудлуудын нэг болж байна. Энэ ажилд санаатай, санамсаргүй байдлаар оролцсон улсуудын хувьд нэр хүнд сэвтэх, олон улсын байгууллагуудын зүгээс дэмжлэггүй болох, хориг арга хэмжээнд орох, нийгэм эдийн засаг, санхүүгийн систем тогтворгүй байдалд орох зэрэг олон эрсдэл байдаг.

Бизнес эрхлэгчдийн хувьд түншүүдийн тавьсан урхинд өртөх, санамсаргүй оролцсоноор нэр хүндээ алдах, хууль сахиулах байгууллагуудын анхааралд өртөх, үйл ажиллагаа зогсох, дампуурч болох эрсдэлтэй. ФАТФ-ын хар жагсаалтад орсон улс, олон улсад нэр хүндээ алдаж, түншүүд, хөрөнгө оруулагч нар харилцаагаа таслах, хориг арга хэмжээнд өртөх, улс орны эдийн засгийн өсөлт саарах, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аюултай. Мөнгө угаах үйл ажиллагаа нь араасаа олон төрлийн гэмт хэргийг дагуулдаг учир хөгжилд саад болж нийгэмд тогтворгүй байдлыг үүсгэдэг тул дэлхий нийтээрээ тэмцэж байна.

Мөнгө угаах гэмт хэргийн тухай ярихад далд эдийн засаг гэдэг сэдэв хамт яригдана. Мөнгө угаах үйл ажиллагаа нь ихэвчлэн далд эдийн засгаас үүссэн орлогыг угаадаг гэж ойлгож болно. Далд эдийн засаг гэдэгт, эдийн засгийн тооцоонд хамрагдах ёстой боловч, хууль бус, нуугдмал, албан бус үйл ажиллагаа, өрхийн өөрийн хэрэглээний үйлдвэрлэл, мэдээллийг бүрэн цуглуулж чадахгүйгээс орхигддог үйл ажиллагаа хүртэл орно. Далд эдийн засаг, түүнийг тооцох асуудлыг манайд 2010 оноос эхэлсэн гэж үздэг. ОУВС-гийн мэргэжилтнүүд 2015 оны тооцоогоор дэлхийн эдийн засгийн 31.9 хувьтай тэнцүү далд эдийн засаг дэлхийд байна гэсэн тооцоог гарсан. Энэ тооцоололд Монгол Улсын далд эдийн засгийн  хэмжээнд 17.3 хувь гэж тооцсон байдаг. Манай статистикийн газар далд эдийн засгийг 2010 онд ДНБ-ний 13.7 хувь, 2015 онд 15.7 хувь, 2018 онд 9.2 хувь гэсэн тооцоог гаргасан байна.

-Далд эдийн засаг дахь хар тамхи тойрсон хууль бус үйл ажиллагаа нэлээд өссөн талаар та УИХ-ын чуулган дээр ярьж байсан. Хэдий хэмжээнд өссөн юм бэ?

-Далд эдийн засаг дахь хар тамхины худалдаа, хэрэглээ өсөж байна. 2015 онд далд эдийн засгийн хэмжээ нь ДНБ-ний 15.7 хувьтай тэнцэж байсан тухай дээр хэлсэн. Энэ тооцоонд хар тамхины далд худалдаа 20 орчим тэрбум доллар байсан статистик мэдээ байдаг. 2018 онд далд эдийн засгийн хэмжээ 9.2 хувь болж буурсан ч хар тамхины худалдаа 113 тэрбум төгрөг болж гурван жилд тав дахин өссөн статистик байна.

Монгол Улс хар тамхины хууль бус худалдаа, түүний хэрэглээтэй тэмцэх чадавхаа богино хугацаанд маш сайн болгох шаардлага тулгарч байна. Хил, гааль, хууль сахиулах байгуулагуудын чадавхыг нэмэгдүүлэх, лабораториуд байгуулах зэрэг эрсдэлийн маш зөв менежмент нэвтрүүлэх шаардлагатай. Далд эдийн засгийн хэмжээ 2015 онд 15.7 хувь байснаа 2018 онд 9.2 хувь болж буурсан нь олон шалтгаан байгаа. Миний мэдэх нэг асуудал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем нэвтэрсэнтэй холбож үзэж байна. Энэ систем далд эдийн засгийг ил болгоход нөлөө үзүүлсэн, цаашид улам боловсронгуй болгох замаар ашиглавал сайн үр дүн гарна. Далд эдийн засгийг тооцох нь улсын хэмжээний эдийн засгийн цар хүрээг бүрэн тооцох, далд хэмжээг багасгах, бодлого боловсруулах, мэдээллийн бааз үүсгэж, ашиглах гэх мэт асуудлуудыг шийдэхэд сайн нөлөө үзүүлнэ.

-Мөнгө угаах үйл ажиллагаа олон улсад судалгаагаар яаж гарсан байдаг бэ?

-Мөнгө угаах маш олон төрлийн арга, хэлбэрүүд дэлхийд байдаг. Энэ бүгдийг судлаачид судлаад мөнгө угаалт гурван үе шат дамждаг гэдэг дээр санал нэгддэг. Гурван үе шатууд л тасралтгүй эргэлдэж байдаг гэсэн үг. Энэ эргэлт хэтэрхий том, эсвэл жижиг олон байх аль аль нь эдийн засагт сөрөг нөлөө ихтэй гэж үзэж улс орнууд өөрийн хууль тогтоомжийн хүрээнд өөрөө болон олон улсын байгууллагуудтай хамтарч тэмцдэг. Олон улсын хэмжээнд угаагдсан мөнгө террорист байгууллага, террорист хүмүүс, тер-рорист үйл ажиллагааг санхүүжүүлсэн практик олон байдаг. Энэ утгаар улс орнууд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” тухай хуультай байдаг.

Манайх ч ялгаагүй. Террорист үйл ажиллагааг шууд санхүүжүүлэх, түүнтэй холбоотой байх, магадлалтай зардлын гүйлгээг терроризмыг санхүүжүүлэх гэдэг. Мөнгө угаах нь ашиг хонжоо олох зорилготой байхад террорист үйл ажиллагаа нь хүний амь нас санаатайгаар бүрэлгэх, хүнийг үй олноор хөнөөх, зэвсэг хэрэглэх, барьцаалах, түүх соёлын өвийг устгах зэргээр илэрдэг.

ШИНЭ МЭДЭЭ