Н.Учрал: Хаврын чуулганд Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийг өргөн барина
2020.02.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Хаврын чуулганд Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийг өргөн барина

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин, М.Энхцэцэг

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛТАЙ ярилцлаа.

-УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ. Таны хувьд энэ намрын чуулганаар ямар үр дүнтэй ажиллав. Чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?

-УИХ-ын намрын ээлжит чуулган түүхэнд байгаагүй ачаалалтай ажиллаж, хамгийн олон цаг хуралдсан. Мэдээж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна. Миний хувьд ч маш дэвшилттэй чуулган боллоо. Учир нь, гарааны компаниудыг дэмжих Инновацын тухай хуулийг олон жил ярьж, шүүмжлүүлсний эцэст батлуулж чадлаа. Үүнд гарааны компаниуд маш их баярлаж байна. Яагаад гэвэл, хуулийг баталснаар гараанаас гарч байгаа жижиг компаниудад олон нийтийн хувьцаа гаргах эрхийг нь нээж өгсөн. Мөн мэдээллийн технологийн компаниудыг татварын бодлогоор дэмжих, хамтын оффисуудыг бүртгэлжүүлж, хөнгөлөлт үзүүлэх боломжийг нээсэн. Үүнээс гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах Оюуны өмчийн тухай хуулийг батлууллаа. Контент, кино, дуу бүтээж байгаа уран бүтээлчид болон инженер, эрдэмтэн судлаач зэрэг нээлт хийж байгаа хүн бүрийн бүтээлийг үнэ цэнэтэй болгох ач холбогдолтой хууль болсон. Шинэ үеийн залууст мэдлэг боловсрол чухал гэдгийг ойлгож, сэтгэж чадвал сайхан амьдарч болох юм байна гэсэн ойлголтыг төрүүлэхэд зориулж оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийг гаргасан. Энэ хуулийн нэг гол зүйл нь оюуны өмчийг үнэлээд банканд барьцаалах боломжтой болсон. Эдийн бус баялгийг үнэлэх зохицуулалтыг анх удаа хийж өгсөн гэсэн үг.

-Ирэх хаврын чуулган бол энэ парламентын сүүлчийн чуулган. Хаврын чуулганаар Үндсэн хуулийг дагалдах хуулиудыг голчлон хэлэлцэхээр байна. Үүнээс гадна ямар хүлээлттэй асуудлууд байна вэ? 

-Ирэх хаврын чуулганаар Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Энэ намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Ирэх хаврын чуулганаар хэрэв энэ хуулийг батлан гаргаж чадвал мэргэжлийн холбоод нэг дуу хоолойгоор ярьдаг болж, төр зарим чиг үүргээ төрийн бус байгууллагуудад өгнө. Ингэснээр төрийн данхар бүтцийг байхгүй болгох алсыг харсан томоохон хуулийг гаргана. Үүний ач холбогдлыг харвал хаврын чуулганаар батлах болов уу. Үүнээс гадна санхүүгийн зах зээлийг босгох Хувийн тэтгэврийн сангийн хуулийг өргөн барина. Эдгээр хуулийн төслийг батлуулж чадвал 10, 20 жил үр өгөөжийг нь хүртэх боломжтой.

-Тэтгэврийн шинэчлэл хийх ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа. Тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийх вэ. Хувийн тэтгэврийн сангийн хуультай уялдуулна гэж ойлгож болох уу?

-УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийх, өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг мэдээлэл цуглуулж, дүгнэлт хийж байна. Үүнээс тодорхой шийдэл гаргах учиртай. Монгол Улс 1995 оноос хойш шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоонд шилжсэн. Үе үеийн Засгийн газар тэтгэврийн шинэчлэл ярьдаг. Гэтэл Нийгмийн даатгалын сан өнөөдөр хамгийн их алдагдалтай байна. Тэр дундаа Тэтгэврийн санд улсын төсвөөс татаас өгдөг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж, тэтгэвэрт гарах насыг хойшлуулдаг. Өөр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна.

Тэтгэврийн сангийн алдагдал 2050 он гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүрэх эрсдэл бий. Судлаачид, иргэд өнөөгийн тэтгэврийн тогтолцоо өөрөө тэтгэвэрт гарчихлаа гэж хэлдэг. Тиймээс тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барина.

Тус хуулиар иргэд тэтгэвэрт гарахад төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг тогтолцоо бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, татаас өгч буй төр гээд бүгд сэтгэл хангалуун бус байдаг. Тиймээс хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлж төр бодлогоор дэмжих, хөрөнгө оруулагч, хувьцааны зах зээлд томоохон тоглогч болох асуудлыг хуулиар зохицуулж өгөх боломжтой. Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газар өргөн мэдүүлэх ёстой. Одоо үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд Хувийн тэтгэврийн сангийн хэлбэрийг агуулсан. Тиймээс Хувийн тэтгэврийн сангийн эрх олгох Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийг тодорхой болгох учиртай. УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны гишүүд ХНХЯ-тай хамтран Латви, Унгар улсад очиж Хувийн тэтгэврийн сангийн талаар туршлага судалсан. Тэтгэврийн заэлийг тэглэснээр бид энэ шинэ гараанаас гарах нөхцөл бүрдсэн. Нийгмийн даатгалын сан банкуудынхаа барьцаанд орчихсон байсан юм билээ. Тэтгэврийн зээлийг тэглэснээр одоо боломж гарч ирж байна. Одоо бид хөрөнгийн зах зээлээ босгож авах ёстой. Сингапур шиг тэтгэврийн сан нь иргэний хамгийн том батлан даагч нь байдаг систем рүү шилжих алхмыг хийж байна гэж болно.

-Зарим улс, оронд Хувийн тэтгэврийн сан дампуурах эрсдэлд хүрсэн талаар мэдээлэл байна. Энэ мэт эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ? 

-Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага дампуурч байсан эрсдлийг бид мэднэ. Хуулийн төсөлд Хувийн тэтгэврийн санд тавих шалгуурыг өндөрсгөхөөр тусгасан байгаа. Дүрмийн сангийн босгыг өндөр тавих ёстой гэсэн байр суурьтай байна. Одоогоор зөвхөн төсөл хэлбэрээр яваа шүү дээ. Мөн СЗХ хяналтдаа бүрэн авна гэсэн үг.

Хувийн тэтгэврийн сан Засгийн газрын бонд, хувьцаат компани зэргийн үнэлгээг гаргадаг. Үүнээс хувь хүн сонголтоо хийх боломжтой байдаг. Үүнээс гадна хувь хүн өөрөө шийдээд нөгөө тэтгэврийн сан руу шилжих бололцоотой. Тэтгэвэр  өвлөгдөх харилцааг ч Хувийн тэтгэврийн сангаар зохицуулна. 

-Хувийн тэтгэврийн сан гэхээр улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Тэтгэвэрт гарахдаа төрийн болон хувийн тэтгэврийн сангаас зэрэг л тэтгэвэр авах боломжийг нээнэ  гэсэн үг. Бидний өргөн барих хуульд үүнийг хэрхэн зохицуулсан бэ гэхээр, улсад төлж байгаа есөн хувийн шимтгэлийн тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд төлдөг байх юм. Хувийн тэтгэврийн сан нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, эдгээр санг төрөөс бодлогоор дэмжинэ. Бид нийгмийн даатгалын шимтгэлд цалингийнхаа есөн хувийг өгдөг шүү дээ. Үүнийхээ дөрвөн хувийг нь өөрөө сонгоод хувийн тэтгэврийн санд өгч болно. Тэгэхээр Монгол Улсад хувийн тэтгэврийн сангуудыг байгуулах шаардлагатай. Нэг сая төгрөгийн цалинтай хүн 190 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг ббё түунийхээ 90 мянгыг нь өөрөө төлж байгаа. Энэ 90 мянгынхаа 40 мянгыг нь хувийн тэтгэврийн санд сонгоод өгчихнө. Банканд мөнгө хадгапж байгаатай адилхан жилийн 15 хувийн өгөөж бодно. Ингээд хүүгээс хүү бодогдоод хадгаламж шиг өсөн нэмэгдээд явах юм. Тэтгэвэрт гарах үед та төрийн тэтгэврийн сангаас ийм хэмжээний тэтгэвэр авахаар байна. Харин хувийн тэтгэврийн сангаас ийм хэмжээний тэтгэвэр авна гэдгийг тухайн иргэнд санал болгоно. Өөрөөр хэлбэл, хоёр сангаас тэтгэвэр авна гэсэн үг.

ШИНЭ МЭДЭЭ