Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
2020.02.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.


-“Эрдэнэс-Тавантолгой” компаниас анх удаа ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг зарим нь сайшааж хүлээж авч байгаа бол сонгуулийн өмнөх улстөржилт гэж харах хүмүүс ч байна?

-“Эрдэнэс-Тавантолгой” ХК бол хоёр сая 511 мянган хувьцаа эзэмшигчтэй, нийт монголчуудын компани юм. Энэ компани үйл ажиллагаагаа явуулаад арван жил болж байна. Өнгөрсөн хугацааг харахад эхний зургаан жилд маш их өр төлбөртэй, алдагдалтай ажиллаж байсан. Ерөнхийдөө арван жил “Энэ 1072 хувьцаа амилахгүй”, “Зүгээр нэг нэр төдий хувьцаа”, “Зөвхөн улс төрийн зорилгоор гаргасан хувьцаа” гэдэг яриа явсан шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан одоо амь оруулах нь маш чухал байна. Хэдэн төгрөг тухайн хувьцаанд ногдож байгаа нь бол тийм онц биш. Хамгийн гол нь эхлээд амь оруулах шаардлагатай. Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээл дээр гаргах алхмаа ингэж хийх ёстой. Компани ашигтай л ажилласан бол ногдол ашгаа өгдөг нь ерөөсөө дэлхий нийтийн бизнесийн алтан зарчим шүү дээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017, 2018 онд ашигтай ажилласан. Гэхдээ 2017 оны ашгаараа Чалко компанид тавьсан өрийг дарсныг олон нийт мэдэж байгаа.

2018 оны аравдугаар сарын 24-нд Хөгжлийн банкны хүү болон өр төлбөрийг бүрэн дарж дуусгасан. Өртэй байх хугацаандаа яагаад ногдол ашиг өгч болдоггүй юм гэхээр компани өөрөө төлбөрийн чадвартай байх ёстой гэдэг маш том заалт байдаг. Энэ заалтынхаа хүрээнд тухайн жилийнхээ ногдол ашгийг өгч чадаагүй. 2019 онд бол ямар нэгэн гадаад, дотоод өр төлбөр байхгүй. Дээрээс нь УИХ-ын 73 дугаар тогтоолоор олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах эрх нь нээгдчихсэн. Мөн бүх бэлтгэл ажил хангагдаад явж байгаа энэ үед хувьцаат компанийн хувьд хуулиар хүлээсэн болон бизнесийн дүрмээр олгогдсон эрхээ хэрэгжүүлж чаддаг юм. Хоёрдугаарт, манай компанийн 14.7 хувийг нь иргэд эзэмшдэг. 85.3 хувийг бол төр эзэмшдэг. Тэр 85.3 хувьд ногдох ногдол ашиг байгаа. Төр том хувьцаа эзэмшигчийн хувьд түүнийгээ хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлууддаа зарцуулах эрхтэй. Харин жижиг хувьцаа эзэмшигч буюу иргэд 1072 хувьцаандаа оногдох ногдол ашгийг авч байгаа. 1072 хувьцааны ногдол ашиг 96480 төгрөг болно. Ингээд ногдол ашиг авснаараа хоёр сая 511 мянган иргэн хоёр дахь хөрөнгийн зах зээлд гарах эрх нь нээгдэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол хувьцаа маань одоо амь орчихлоо.

-Одоо цаашдаа юу хийх вэ?

-Бид IPO гаргана. Үүнтэй холбоотой орж ирсэн хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлнэ. Төлөвлөж байгаагаар бол компанийн хамааралтай төсөл хөтөлбөр тухайлбал, төмөр зам гэх мэт бүх ажлууд 2022 он гэхэд дуусна. Өнөөдрийн иргэдэд өгч байгаа 96 мянган төгрөг чинь зөвхөн олборлолтын ашгаас олсон ногдол ашиг юм. Дараа нь төсөл хөтөлбөрүүдээс олсон ногдол ашгууд жил дараалан нэмэгдээд явна гэсэн үг. Жишээлбэл, бид өнөөдөр авто замаар нэг тонн нүүрсийг 32 мянган төгрөгөөр гаргаж байгаа. Төмөр зам ашиглалтад ороход найман мянган төгрөгөөр гаргана. Тэгэхээр ашгийн хэмжээ энэ зөрүүний хэмжээгээр нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр иргэдэд очих өнөөдрийн 96 мянган төгрөгийн суурь дээр нэмэгдэл орох эдийн засгийн болон бизнесийн орчин бүрдэж байна гэж ойлгож болно.

-2018 оны ашгийг мэдээж дэд бүтэц, бүтээн байгуулалтад зарцуулна гэдгээ бол шийдчихсэн. 2019 оны ашгийн хэдэн хувийг бүтээн байгуулалтад зарцуулах тооцоо хийсэн бэ. Иргэдэд тарааж байгаа хувьцааны ногдол ашиг яг хэр хэмжээний мөнгө болж байгаа вэ?

-Нийт ашгийн 14.7 хувь нь иргэдэд очих юм. Энд бол 190 тэрбум төгрөг болно. Энэ жил нэг их наяд 30 тэрбум төгрөг ногдол ашгаар тараагдаж байгаа. Үүний 85.3 хувь нь буюу 800 гаруй тэрбум төгрөг нь төрд очиж байгаа. Төр том хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа шүү дээ. Төр үүнийгээ төмөр замдаа болон бусад бүтээн байгуулалтдаа зарцуулах эрх нь үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр 800 гаруй тэрбум төгрөг бусад төсөл, бүтээн байгуулалтад зарцуулагдана гэж ойлгож болно.

-Нэгж хувьцааны үнийг 90 төгрөгөөр тогтоосон байна. Үүнийг яаж тооцсон юм бэ?

-Тухайн жилийнхээ цэвэр ашгийн хэмжээнээс хамаарч нэгж хувьцааны үнийг тогтоож байгаа шүү дээ. Жишээ нь, 2018 онд гэхэд 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан. Тэгэхэд 1072 хувьцаатай нэг иргэнд 27 мянган төгрөгийн ногдол ашиг очихоор төлөвлөгдсөн байсан. Тэгвэл 2019 онд нэг их наяд 30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахад нэгж хувьцаанд нь 90 төгрөг ногдож байгаа хэрэг л дээ. Олон улсад хувьцааны ногдол ашиг олгодог аргачлал байдаг. Тэр аргачлалаар нь стандартын дагуу бодоод гаргасан үзүүлэлт гэж ойлгож болно.

-Хэчнээн иргэн хувьцааныхаа дансыг нээлгэсэн байгаа вэ?

-2.5 сая гаруй иргэнээс бүртгэлд хамрагдаагүй 580 мянган иргэн байна. Бусад хоёр сая шахам иргэн бол бүртгэлдээ хамрагдчихсан. Эдгээр иргэдийн 580 мянга нь яагаад хамрагдаагүй байна гэхээр гол төлөв бага насны хүүхдүүд, сурагчид байгаа юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдүүддээ хувьцааных нь дансыг нээлгэж өгөөгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт, гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэд байна. Гуравдугаарт, 1072 хувьцаа амилахгүй гэж боддог уу эсвэл хайнга хандаж өөрийнхөө төлөө санаа зовж хувьцааныхаа дансыг нээлгээгүй иргэд бий. Ногдол ашиг авах хүрээнд хамгийн их хамрагдсан нь хөдөө орон нутгийн иргэд. Ялангуяа малчид, тариаланчид ногдол ашиг авах хүрээнд хувьцааныхаа дансыг 90 орчим хувьтай нээлгэсэн байдаг. Тэгэхээр нийгмийн идэвх санаачилга бас эндээс харагдаж байгаа юм.

-Тэгвэл бүртгүүлчихсэн хувьцаа эзэмшигч байж байгаад нас барчихсан тохиолдолд яах вэ?

-Нас барсан иргэдийн бичиг баримтыг бүрдүүлээд төвлөрсөн хадгаламжийн төв болон Санхүүгийн зохицуулах хороо гээд холбогдох байгууллагуудаар явж энэ хувьцааны эрхийг нээлгэх эрх нь байж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн дээр тэр хувьцаа нь байж байгаа гэсэн үг. Энэ яаж эргэлтэд орох юм гэхээр бид хөрөнгийн зах зээл дээр гарчихна шүү дээ. Тэгээд гарсных нь дараа өвлүүлэх, бусдад худалдах, хувьцаа нэмж худалдаж авах энэ эрхүүд нь албан ёсоор нээгдэнэ. Тэр болтол иргэдэд олгосон 14.7 хувь нь яг энэ хэмжээндээ байж байх юм. Анх иргэдэд 20 хувийг 1072 хувьцаа хэлбэрээр эзэмшүүлснээс эргээд төр худалдаж авсаар одоо 14.7 хувь нь үлдсэн. Ахмад настангууд нэг сая төгрөгөөр хувьцаагаа засагт зарсан. Оюутнууд хоёр удаа төлбөрөө хийлгэчихсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас зарчихсан гэдгийг санаж байгаа байх. Дээрээс нь 2016 онд “Сайн хувьцаа” гээд 150-300 хувьцааг 150-300 мянган төгрөгөөр худалдчихсан. Гэх мэтчилэн энэ хувьцааны 5.3 хувь нь нэмээд төрд оччихсон байхгүй юу. Худалдаж авсан хувьцаа л хасагдсан. Түүнээс тухайн иргэн нас барсан ч гэсэн тэр хувьцаа бол тухайн иргэнийхээ нэр дээр байгаа гэж ойлгож болно.

-Өвлөгдөөд явна гэсэн үг үү?

-Хоёр дахь зах зээлийн арилжаанд орсны дараа өвлөгдөөд явах боломж бүрдэх юм.

-Та сая өөрөө ч дурдлаа. Өмнө нь төрд хувьцаагаа худалдсан иргэд бий. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд гэх мэт. Мөн 2016 оны сонгуулийн өмнө тухайн үеийн Засгийн газраас “Сайн хувьцаа” гээд хувьцааг худалдаж авч байсан. Эргээд энэ хувьцаа нь буурсан иргэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг авахыг хүсвэл яах ёстой вэ?

-Үүнийг бас л бизнесийн зарчмаар нь тайлбарлахыг хүсэж байна. Төрөөс тодорхой хэмжээний мөнгө аваад хувьцаагаа худалдсан гэсэн үг. Хэнд зарсан юм гэхээр хамгийн том хувьцаа эзэмшигчдээ хамгийн түрүүнд санал болгодог. Тэр нь төр учраас төрдөө санал болгоод зарчихсан байхгүй юу. Арилжаа бизнес гэдэг утгаараа тухайн иргэн хувьцаагаа худалдчихсан. Дахиж авах тохиолдолд өөрөө худалдаж авах үүрэгтэй. Анх Монгол Улсын Засгийн газар иргэнд 1072 хувьцааг үнэтэй өгсөн байна уу, үнэгүй өгсөн байна уу гэдэг бол асуудал биш. Яагаад гэхээр энэ чинь хувьцаат компани болохоор бизнесийн үйл ажиллагаа явуулна. Тийм болохоор бизнесийн агуулгаар нь илүү ойлгоосой гэж хүсэж байна.

-2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцаа байхгүй. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй гэж байдаг. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх юм бэ?

-2014 оноос хойш төрсөн иргэдэд буюу хүүхдүүдэд хувьцаа олгуулах асуудлыг зарим иргэн, ТББ санаачлаад тооцоо судалгаа хийсэн юм билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын түвшинд судлаад явж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 14.7 хувь нь иргэдэд бий. Тэгэхээр анх иргэдэд эзэмшүүлсэн 20 хувь байдаг гэхээр 5.3 хувь нь үлдэж байгаа биз. Энэ 5.3 хувийг төр аваад одоо нийт хувьцааны 85.3 хувийг эзэмшиж байна. Энэ 5.3 хувьд оногдох хувьцааг эргүүлээд 2014 оноос хойш төрсөн иргэдэд олгох санхүүгийн боломж бол байгаа. Өөрөөр хэлбэл, яг адилхан үнэгүй эзэмшүүлэх боломжтой. 1072 гээд хүнд нь хувилаад үзэхэд тийм боломж байгаа юм билээ. Засгийн газар шийдвэрээ гаргах юм бол хүүхдүүддээ өгөх бололцоотой. Энэ бол Засгийн газрын эрх хэмжээний асуудал.

-Коронавирусийн тархалттай хол­боотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон. Гол нь нүүрсний экспорт багасчихлаа, тасалдчихлаа гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг та бүхэн хэрхэн тооцоолж байна?

-Бизнесийн байгууллагын хувьд бол энэ маш том эрсдэл. Гэхдээ хүний аминаас илүү эрсдэл гэж байхгүй. Монгол хүний амь нас аюул, эрсдэлгүй байх нь манай компанийн нэг номерын зарчим. Тиймээс хорио цээрийн хүрээнд гаргасан дүрэм, журам эрх зүйн зохицуулалтуудыг бид дагаж, хангаж ажиллаж байна. Гуравдугаар сарын 2-н хүртэл энэ хорио үргэлжилж байгаа. Нөхцөл байдлаас харахад цаашид ч үргэлжлэх төлөвтэй юм билээ. Манай компанид эрсдэлийн төлөвлөгөө гэж бий. Энэ эрсдэлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд явна. Эрсдэлээс сэргийлэхийн тулд хэд хэдэн томоохон алхам хийх ёстой. Цагаан хадан дээр тээвэрлэлт хийгээд агуулахад овоолго хийж байгаа. Манай гаалийн хяналтын бүсээс гараад борлуулагдаж байгаа нүүрс бол манай орлого болдог. Цагаан хадны тэр нөөцийг бид ашиглах тал дээр ажиллаж байна. Нүүрс урьдчилан борлуулах хэлбэрүүдийг ашиглахыг бодож байна. Маш их хэмжээний нүүрсийг худалдан авах хүчин чадалтай, санхүүгийн чадавхтай компаниуд манайхтай харилцдаг. Эдгээр компанитай бид хамтран ажиллаж орлогоо тасалдуулахгүй байх хүрээнд ажиллах боломжууд байгаа. Дээрээс нь худалдан авалтын үйл ажиллагаануудаа ер нь зогсоох гэж байна. Учир нь эрсдэл бий болох учраас бид санхүүгийн нөөцөө зөв тооцож байх ёстой. Тэгэхээр хэмнэлтийн систем, хэт өндөр худалдан авалтуудаас зайлсхийх гэх мэтчилэн хэд хэдэн төлөвлөгөөт ажил үр дүнтэй хийгдэнэ гэж бодож байна. Бид эрсдлийн төлөвлөгөөгөөрөө бол тавдугаар сар хүртэл бизнесийн үйл ажиллагаагаа хол тасруулахгүйгээр бариад явчих бүрэн боломжтой гэж харж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ