МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: 96 мянган төгрөг тараах нь оновчтой, зөв хуваарилалт биш
2020.02.20
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: 96 мянган төгрөг тараах нь оновчтой, зөв хуваарилалт биш

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-2019 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар олон асуудлыг хэлэлцэж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Таны хувьд ямар дүгнэлтийг хийж байна вэ?

-Анх 2000 онд “Дордуулсан долоон заалт” гэдэг зүйл орж түүнээс хойш өөрчлөгдөөгүй явж ирсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр томоохон өөрчлөлтүүд орсон. Баялаг төрийн болон нийтийн өмч байна гэдгийг тодорхой зааж өгсөн. Хот, тосгоны байдлын хуульд тодорхой хот гэдэг зүйл байхгүй байсан. Хотуудыг статустай болгосон. Сонгуулийн системийг тэгш, шударга явуулах маш олон заалтыг тусгаж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Энэ зорилгын хүрээнд парламент завсарлахгүй ажилласан. Орсон өөрчлөлтүүд цаг үеэ олсон зөв өөрчлөлтүүд байсан.

“Монголын төрөөс авсан нэг оновчтой арга хэмжээ нь тус ордыг хувьчлаагүй явдал байсан”

-Тавантолгойн хувьцааны ногдол ашгийг иргэдэд хуваарилах шийдвэр гарлаа. Нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож олгохоор боллоо шүү дээ?

-Тавантолгой бол хосгүй орд. Монголын төрөөс авсан нэг оновчтой арга хэмжээ нь тус ордыг хувьчлаагүй явдал байсан. Хувьчлал гэж дандаа хуйвалдааны шинжтэй л юм болдог шүү дээ. Энэ нь Монголын төрдөө байгаа юм. Ийм учраас миний мэдэж байгаагаар хоёр их наяд орчим төгрөгийн хуримтлал үүссэн. “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгаараа төмөр зам барьж байгаа. Үлдсэн мөнгөнөөс нь Монголын нийт иргэддээ 96 гаруй мянган төгрөгийг тарааж байгаа юм байна. Хувьцаа эзэмшиж л байгаа бол ногдол ашиг авах ёстой. Энэ утгаараа зөв. Гэхдээ цаашид ногдол ашгаа ямар хэлбэрээр өгөх вэ, эсвэл томоохон бүтээн байгуулалтаа дэмжиж, санхүүжүүлэх үү, ирээдүйд тодорхой хугацааны дараа ногдол ашгийг өгөх үү гэдгийг нарийн тооцооны үндсэн дээр судалж, гаргах ёстой.

“96 мянган төгрөг хүнд ямар бодитой хөрөнгө оруулалт болж чадах вэ дээ”

-Тавантолгойн хувьцааны ногдол ашгийг иргэдэд тарааснаар бодитой хөрөнгө оруулалт болж чадах уу?

-96 мянган төгрөг хүнд ямар бодитой хөрөнгө оруулалт болж чадах вэ дээ. Хуучны тооллоор бол шинэ он гарах гэж байна. Энэ үед боломжийн амьдралтай нэг хэсэг хүмүүс нь амьдрал ахуйгаа аваад явна. Нөгөө хэсгийн амьдрал хэцүү байгаа шүү дээ. Хувь хүнээс шалтгаалж байгаа боловч төр, засгийн оновчтой зөв бодлого улс, эх орноо авч явах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Иймд иргэдэд нэг удаа ногдол ашиг хуваарилахыг буруу гэж үзэхгүй байна. Гэхдээ жилд нэг хүнд 90 орчим мянган төгрөг өгөх нь оновчтой зөв хуваарилалт биш. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийх ёстой. Цаашид төмөр замаа үргэлжлүүлж барих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага Монголд байна. Иргэдээ ажилтай, орлоготой болгох, ажлын байр бий болгох, дэд бүтэцдээ томоохон хөрөнгө оруулалтыг хийх, аж ахуйн нэгжүүдэд тодорхой бага хүүтэй зээлүүдийг олгох хэрэгтэй. Түүнчлэн дэлхийн зах зээлд хаана эрэлт, хэрэгцээ байна түүнийг хайж, түүнд тохирсон үйлдвэрлэлийг явуулж, хүний хэрэгцээг хангах чиглэлд Монголын төрийн дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгжүүд ажиллах шаардлагатай. Эдийн засгаа өргөн хүрээнд нь харж, төрийн зохицуулалтыг зөв хийсэн тохиолдолд ногдол ашгийг цаашид ч авах боломжтой. Яагаад гэвэл асар их байгалийн баялагтай орон. Баялгийн менежмэнтээ зөв хийх хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн баялгийн менежмент маш муу байсан. Зарим хүмүүс “30 гэр бүл”-ийн талаар ярьж байна. 30 гэр бүл авчихсан байгаа нь үнэн. Монголын бүх ашигт малтмалын 30, 40 лицензтэй гэр бүлүүд байна. Өөрсдөө ашигладаггүй, ард түмэнд ашиглуулдаггүй. Монголын хөгжилд хувь нэмэр оруулдаггүй. Хийсэн томоохон гэрээ нь буюу Оюутолгой гэхэд Монгол Улсад ашиггүй. 2041 оноос эхлэн ногдол ашиг авна гэж байгаа. Ийм байж болохгүй л дээ. Яаралтай засах шаардлагатай.

“Төр, засгийн шийдвэрийг хүндэтгээд гадуур айл хэсэхгүй байх хэрэгтэй”

-Та цагаан сарын баярыг иргэнийхээ хувьд тэмдэглэх үү?

-Төр засгаас Цагаан сарын баярыг тэмдэглэж болохгүй гээд тодорхой заачихсан. Маш аюултай халдварт өвчин гарсан байгаа. Үүнтэй холбогдуулан төр засгийнхаа шийдвэрийг дагана. Энэ шийдвэрийг хүндэтгээд иргэд маань аль болох гадуур айл хэсэхгүй байх хэрэгтэй. Айхтар өвчин дэлхий даяар тархсныг бүгд мэдэж байгаа. Энэ бол нэг талаараа тахал гэсэн үг шүү дээ. Ийм нөхцөлд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, цугларалт үүсгэхгүй гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ