​Б.Ганхуяг: Нас барсан иргэдийн 1072 ширхэг хувьцааг сэргээх боломжтой
2020.02.20
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

​Б.Ганхуяг: Нас барсан иргэдийн 1072 ширхэг хувьцааг сэргээх боломжтой

Эрдэнэс Тавантолгой" кампанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах болсонтой холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа. 

-"Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашгаа авахын тулд иргэд хамгийн түрүүнд бүртгүүлэх ёстой гэж хэлж байсан. Хэзээнээс яг иргэд ногдол ашгаа авч эхлэх вэ?

-Ямар ч хувьцаат компани үйл ажиллагаа явуулахдаа хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө үйл ажиллагаагаа ашигтай явуулах үүрэг хүлээдэг. Ашигтай ажиллаад ямар хэмжээний цэвэр ашиг гаргахаас үл хамаараад хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг өгөх хуулиар хүлээсэн хатуу үүрэг бий. Гэхдээ компани ногдол ашиг өгөхдөө өр төлбөргүй байх хэрэгтэй. Ногдол ашиг өгсний дараа төлбөрийн чадвартай байх ёстой гэсэн хоёр гол зүйл байдаг. Манай компани 2017, 2018 онд хэдий цэвэр ашигтай ажилласан ч өрөө төлсөн. Тодруулбал, 2017 онд Чалкогийн өрийг, 2018 онд Хөгжлийн банкны үндсэн өр болон үү, хүүгийн төлбөрийг дарж дуусгаснаар гадаад, дотоодын ямар ч өргүй болсон. Ингээд 2019 онд ямар ч өр төлбөргүй үйл ажиллагаа явуулсан. Жилийн нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой төрийн өмчит анхны компани болж бүртгэгдсэн. Нөгөө талаар нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа. 670 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Ашигтай ажилласан учраас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах ёстой. Нэгж хувьцааг 90 төгрөг буюу 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авах төслийг боловсруулсан. Ингээд компанийнхаа ТУЗ-д танилцуулж, дэмжсэн. Үүний дараа хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдана. Энэ хурал тавдугаар сарын 1-нээс өмнө хуралддаг. Бид дөрөвдүгээр сард хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Үүний дараа нийт ногдол ашиг авах иргэдийн жагсаалыг гаргана. Иргэд 14.7 хувь буюу 2.5 сая иргэн хувьцаа эзэмшдэг. Үүний жагсаалтыг гаргаад Төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтраад ногдол ашиг олгох ажлын зохион байгуулна. 2020 онд багтаж иргэдийн дансанд нь хувьцааны ногдол ашгийн мөнгийг шилжүүлнэ.

-Ногдол ашиг тараах болсонтой холбоотойгоор иргэд данс нээлгэх гэж очер, дугаар үүсгэх байх. Үүнийг иргэдийг олноор нь цуглуулахгүй зохион байгуулах боломж бий юү?

-Хөл хориотой үед энэ ажил зохион байгуулагдаж байна. Гэхдээ манай компани хоёр сая 511 мянган хувьцаа эзэмшигчтэй. Үүнийг зохион байгуулахын тулд нэлээд хэд хоног бэлтгэл хангаж ажилласан. Ингээд гар утсандаа апплекейшин татаж аваад мэдээллээ харах боломжийг бүрдүүлсэн. Бүртгэл нь байвал тэр иргэн хувьцаагаа нээлгэсэн гэсэн үг. Хувьцаагаа нээлгэсэн тохиолдолд данс руу нь мөнгө нь орно. Нээлгээгүй иргэд 64 брокер, деллерийн компанийн аль нэгэнд хандаж нээлгэх ёстой. Зарим компани онлайнаар нээж байналээ. Зайлшгүй тохиолдолд очиж нээлгэнэ. Нэмэлт мэдээллийг 18001072 мэдээллийн лавлахаас авах боломжтой. Мөн өнөөдөр өдрөөс эхлээд иргэдэд гар утсаар мэдээлэл өгнө.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2014 оны аравдугаар сарын 10-наас хойш төрсөн 600 мянга гаруй хүүхдэд хувьцаа олгох боломжтой гэдгийг хэлж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-2014 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгоогүй. Олгох эсэхийг Засгийн газар өөрөө шийднэ. Их хурал болон Засгийн газрын тогтоолын хүрээнд 1072 ширхэг хувьцааг иргэдэд олгосон учраас Засгийн газар шийднэ. 2014 оноос хойш  төрсөн иргэддээ 1072 ширхэг хувьцаа олгоё гэдэг санаачилга зарим газруудаас гарч байгаа. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын төвшинд яриад холбогдох судалгаа бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг хийе гэж ярьж байна.

-1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч амжаагүй нас барсан хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсийн ногдол ашгийг яах вэ?

-Нас барсан хүний бичиг баримт гэж байдаг. Ар гэрийнх нь бичиг баримтыг нь бүрдүүлээд Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт холбогдох бусад байгууллагуудаар мэдээллээ шалгуулах бүрэн боломжтой. Хувьцаа нь хадгалаастай байгаа. Төр ямар нэгэн байдлаар худалдаж аваагүй л бол байгаа. Хасалт хийгээгүй. Тиймээс тодорхой бичиг баримтыг нь бүрдүүлээд сэргээх боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ