МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Гэрээний үүргээ биелүүлсэн бол төр дипломыг нь буцааж олгох ёстой
2020.03.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Гэрээний үүргээ биелүүлсэн бол төр дипломыг нь буцааж олгох ёстой

Эх сурвалж: Өглөөний сонин, сэтгүүлч Ж.Баярсайхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хурал­даанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөр­сөн пүрэв гарагт өргөн барьсан юм. Үүнээс улбаалан зээлийг хөнгөлөх, чөлөөлөх нь зөв, буруу гэх маргаан ялангуяа цахим орчинд өрнөсөн билээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.


-Оюутнуудын сургалтын зээлийг тэглэх гэж байна гэсэн яриа гарлаа. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Боловсролын зээлийн сан Сургалтын төрийн сан нэртэйгээр анх 1993 онд байгуулагдсан байдаг. Зорилго нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой эсвэл өнчин өрөөсөн, эцэг эх нь тэтгэвэрт суудаг, өрх толгойлсон амьдралын бололцоо муутай гэх мэт айл өрхийн Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсөж Элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгч магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд орсон хүүхдийн төлбөрийг төрөөс зээлээр олгож төгсгөдөг журам юм. Энэ ажил хэрэгжээд 27 жил өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд 2004, 2008 онд энэ зээлийн сангаар суралцаж төгсөөд гэрээнийхээ үүргийг биелүүлсэн залууст дипломыг нь өгөх асуудлыг журмаар шийдсэн байдаг. 

Тэр ажлын хүрээнд 26 мянган залуусын дипломыг өөрсдөд нь олгосон. Зүгээр зээлээр суралцсан болгоныг төлбөрөөс чөлөөлөхгүй шүү дээ. Зээл авахдаа Сургалтын зээлийн сантай гэрээ байгуулдаг. Тухайн үеийнхээ журмаар бол гэрээ байгуулахдаа төгсөөд таван жил эх орондоо мэргэжлээрээ ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна гэх мэт олон төрлийн үүрэг хүлээлгэдэг. Энэ гэрээгээ биелүүлээгүй бол зээлийг нь эргэн төлүүлэх асуудал яригддаг. Бас хүний амьдрал баян болохоор зээлээр суралцсан хүн нас барсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол хөнгөлөх, чөлөөлөх асуудал үүснэ.

-Тэгэхээр одоо өргөн бариад байгаа журам бол цаг хугацааны хувьд хийгдэх ёстой ажил гэсэн үг үү?

-Ерөнхийдөө гэрээгээр хүлээлгэх үүрэг, хариуцлага гээд бүх зүйлийг цогцоор нь өөрчилж байгаа журам юм. 2012 онд Дээд боловсролын байгууллагад суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль батлагдсантай холбоотойгоор журмаа шинэчилж батлах ёстой байсан. 2008-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөөд, ажиллаад зээлийнхээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлчихсэн олон мянган оюутны диплом манай Боловсролын зээлийн санд хадгалагдаад байж байна. Тэдгээр төгсөгчид нотариатаар баталгаажуулсан дипломны хуулбараа ажил олгогчиддоо өгчихөөд яваад байгаа. Монголын төр суралцах хүсэл тэмүүлэлтэй, сурлагатай ч боломж нөхцөл муутай хүүхдүүдийн өргөдөл хүсэлтийг хүлээж аваад, сургуулиудад хяналтын тоог нь баталж өгөөд сургаж байсан юм аа. Суралцагч гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлсэн бол төр дипломыг нь буцааж олгох ёстой юм. 2016 оноос хойш бол Оюутны хөгжлийн зээл гэсэн нэртэйгээр явж байгаа.

-Гэхдээ л зээлийг чөлөөлнө гэдэг өөрөө олон нийтийн шүүмжлэлд ороод байгаа юм?

-Үүнийг ЖДҮ-ийн зээл гэдэг шиг бусад зээлтэй холих аргагүй. Ялангуяа зарим нэг хүн сонгууль дөхөж байгаатай холбоотой юм уу буруугаар мушгин гуйвуулж иргэдэд буруу ойлголт төрүүлж байна. Үеийн үед Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа амжилттай төгсөөд Монголынхоо өнцөг булан бүрт ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа олон мянган залуус бий. Сүүлийн жилүүүдэд жилд 10 гаруй мянган оюутан Сургалтын зээлийн сангаас сургалтын төлбөрийнхөө асуудлыг шийдээд явж байгаа. Энэ жил гэхэд дахиад 10 мянган оюутны асуудал яригдаж байна. Энэ л оюутнуудын асуудал шүү дээ. Одоо 2008-2016 оны оюутнуудын асуудал яригдаж байна. Тэдэнд төр хуулиараа дипломыг нь олгох ёстой юм. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй оюутнуудыг зээлийг нь төлүүлэх асуудлыг ярина. Жишээлбэл, мэргэжлээрээ ажиллаагүй, сургуулиа төгсөөд гадагшаа явчихсан нийгмийн даатгал төлөөгүй хүмүүс бол буцааж төлнө. Аваарь осолд орсон, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн байвал 50 хувийг чөлөөлөх гэх мэт зээлийн хөнгөлөлт яригддаг юм. Нас барсан хүн байвал хүчингүй болгодог. Үүнийг цогцоор нь оруулж журмаа батлах гэж байгаа л явдал. Энэ бол манай хийх ёстой ажил. Үүнийг улстөржүүлж болохгүй. Ялангуяа улстөрчид үүнийг нийгэмд буруу ойлгуулж байх шиг байна лээ. Жишээлбэл, тэр талхны үнэ мэддэггүй хүн “Боловсролын зээлийн сан гэж байдаг гэдгийг мэдэхгүй байна, ийм зүйл байдгийг одоо сонсож байна” гэх нь аргагүй шүү дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дор улсаас олон тэрбум төгрөг зүгээр авсан, улсаас нэг удаа уучлах нууцын зэрэглэлтэй хууль батлуулж олон их наядын хөрөнгөө баталгаажуулсан хүмүүстэй холбоотой асуудлын дэргэд энэ бол Монголын төр иргэдийнхээ сурч боловсрох эрхийг нь дээдэлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх том бодлогын хүрээнд 27 жил явж ирсэн ажил юм. Бүх судалгаа юм нь ном журмынхаа дагуу байгаа. Тогтоол батлагдах ёстой. Тогтоол батлагдсаны дараа төлүүлэхийг нь төлүүлээд, хөнгөлөхийг нь хөнгөлөөд, чөлөөлөхийг нь чөлөөлнө. Дээр нь зээлийн эргэн төлөлтөөр бүрдэх мөнгөөр эргээд сурлагын чанар сайтай, амьдралын бололцоо тааруу хүүхдүүд сурах нөхцөлийг бүрдүүлээд явна. Энэ чинь сангийн процесс байхгүй юу.

-Сургалтын зээл аваагүй бусад хүнд гомдолтой юм биш үү?

-2008 онд сургуулиа төгссөн хүн гэхэд 12 жил болчихсон байгаа биз. Дипломныхоо барааг хараагүй, төрийн санд үлдээгээд нотариатаар баталгаажуулсан хувийг нь аваад явж байгаа. Сэтгүүлч та нарын дунд ч Боловсролын зээлийн сангаас төлбөрөө зээлж суралцаж төгссөн хүн байгааг үгүйсгэхгүй. Өмнөх журмаараа таван жил эх орондоо болон эх орноо төлөөлж гадаадад ажиллаад нийгмийн даатгалаа төлсөн тохиолдолд зээлийг нь тэглээд дипломыг нь олгох гэрээтэй. Тэр л яваад байгаа. Яахав цахим орчинд “Би өөрөө төлбөрөө төлчихсөн шүү дээ. Одоо яах юм” гэж бичсэн хүмүүс байна лээ. Өөрсдөө боломжтой, төлбөрөө төлсөн хүн өчнөөн олон дахин их бий. Заавал бүх хүн өргөдлөө өгөөд төртэй гэрээ байгуулаад төлбөрөө төлүүлэх албагүй шүү дээ. Тийм боломж ч төрд байхгүй. 2016 оноос хойш МАН эрх барьсанаас хойш Оюутны хөгжлийн зээл гэж гаргаад оюутнуудаас заавал барьцаа авдаг, зээлд хүү тооцдог байсныг нь болиулчихсан. Барьцаагүй, хүүгүй болгосон. Оюутан өргөдлөө өгөөд шаардлагыг нь хангаж байвал зээлд хамрагдах боломжтой. Зээлд хамрагдах хамгийн гол шалгуур бол сургалтын голч оноо юм. Түүнээс тааруухан, хариуцлагагүй сурч байгаа бол зээл өгөхгүй ийм л дүрэмтэй.

-Нийт хэчнээн хүний хэдэн төгрөгийн зээлийг чөлөөлөхөөр байгаа вэ?

-2004, 2008 онд 26 мянган иргэний 11.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, дипломыг нь буцааж олгосон байдаг. Одоо 2008 оноос 2016 оны хоорондох 14 мянган иргэний диплом манай Боловсролын зээлийн санд хадгалагдаад байна. Энэ нь 16 орчим тэрбум төгрөгийн авлага үүсч байна гэсэн үг. Тэр нь шийдвэр гараагүй болохоор зээлийнхээ гэрээг дүгнэж, эцэслэж хааж болохгүй болчихсон байгаа л гэсэн үг байхгүй юу.

-Гол юм нь Боловсролын сангийн зээлээс улстөрчид болоод улстөрчдийн хүүхдүүд зээлээр суралцчихаад зээлээ төлөөгүй байна гэсэн шүүмжлэл яваад байна шүү дээ?

-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад төрийн сангийн зээлээр суралцдаг асуудал 1990-ээд оноос эхлээд яваад ирсэн. Нарийн тоог нь санахгүй байна. Өнгөрсөн хугацаанд1800 орчим залуус тэр зээлийн санд хамрагдаж өндөр хөгжилтэй орнуудад тэргүүлэх чиглэлээр суралцаж төгссөн байна. Яг л үүнтэй адил гэрээтэй. Төгсөөд заавал эх орондоо тэдэн жил ажиллах ёстой, тэгж байж гэрээний өр биелэгдсэн гэж тооцогдоно гэж. Тэгээд өнгөрсөн жилийн сүүлийн байдлаар 160-170-аад хүний л асуудал байсан. Тэд зээлээ эргэн төлөөгүй буюу хаяг нь тодорхойгүй гээд ингээд зээлийн сантай холбогдохгүй гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Үүнийг бол яамнаас чиглэл өгсний дагуу Боловсролын зээлийн сан эргээд тэр хамт батлан даасан хүмүүс буюу ар гэрийнхэнтэй нь холбогдож зээлийг эргэн төлүүлэх процесс явагдаж байгаа. Яг өнөөдрийн байдлаар хэдэн хүн ямар хэмжээний зээлээ төлснийг Боловсролын зээлийн сангаас тодруулаарай. График гаргаад төлөөд явж байгаа байх. Үлдсэн 1600 орчим хүн бол бүгд эх орондоо ажиллаад, гэрээнийх нь хугацаа биелээд гэрээгээ дүгнүүлчихсэн хүмүүс гэж ойлгож болно. Энэ бол сүүлийн 23 жилийн турш явж байгаа хөтөлбөр. Бидэнд мөнгөний боломж байвал гадаадын тэргүүлэх их, дээд сургуулиудад хүүхэд залуусаа суралцуулах шаардлагатай байна шүү дээ. Мэдээж, боломжтой айлын хүүхдүүд нь өөрсдөө төлбөрөө төлөөд явчихаж байгаа байх. Гэтэл үнэхээр хэл ус сайтай, мундаг дэлхийн топ сургуулиудад суралцах чадвартай хүүхдүүдэд яаж жилийн тэр олон мянган долларын төлбөрийг төлөх вэ. Үүнийг цаашдаа улам сайн дэмжих ёстой гэж боддог.

-Одоо өргөн барьсан журмаар чөлөөлөх жагсаалтад гадаадад өндөр хөгжилтэй оронд суралцсан хүмүүсийн зээл багтаж байгаа юу?

-Гадаадынх тусдаа явдаг. Жилд арав, хорин хүний зээлийн эргэн төлөлт нь болж байна уу, гэрээний өр биелсэн бол диплом олгох гээд жил тутамд маш цөөхнөөр явдаг. Одоо яриад байгаа журам бол дотоодын их, дээд сургуулийг төгсөгчид гэрээний үүргээ биелүүлсэн бол дипломыг нь өгөх асуудал байхгүй юу. Гэхдээ журам дотроо бол гадаадад суралцагчдын журмыг шинэчлэх асуудал багтаж байгаа. Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх журмыг цогцоор нь шинэчилж байгаа үйл явц шүү дээ. Хууль нь 2012 онд гарчихаад журам нь батлагдаагүй явсаар байгаад найман жил болчихсон байна. Энэ хугацаанд хуримтлагдсан олон мянган залуусын гэрээг дүгнэхээс өөр арга байхгүй. Харин эх орондоо ажиллаж байгаа энэ олон мянган залуусын дипломыг олгох асуудлыг ямар хүмүүс ямар зорилгоор эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ