МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Манайд гадаад худалдаа хөгждөггүй нь "ДАРГА"-ын тогтолцоо хэвээр байгаатай холбоотой
2020.03.11
Улстөр

Ж.Ганбаатар: Манайд гадаад худалдаа хөгждөггүй нь "ДАРГА"-ын тогтолцоо хэвээр байгаатай холбоотой

Сэтгүүлч Х.Доржпалам

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.


 

Монгол Улсын гадаад харилцаа улс төрийн салбарт өндөр түвшинд байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Батлан хамгаалахын салбарын харилцаа сайн хөгжсөн. Харин эдийн засаг, худалдааны харилцаа жаахан сул байдаг шүү дээ. Худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Энэ маш чухал асуудал. Жишээлбэл, өнөөдөр бид яаж татвар хурааж авах талаар маш сайн мэдэж байгаа. Хэн ч татвараас бултах боломжгүй байгаа шүү дээ. УИХ-ын үйл ажиллагаа, Засгийн газрын үйл ажиллагааг харж байхад бид татварыг өндөр хэмжээнд хурааж авч чадаж байна. Үйлчлүүлсэн газар болгоноосоо бид билл авдаг. Түүгээрээ дамжуулаад НӨАТ-ыг цогц хурааж авдаг улсуудын тоонд Монгол Улс багтдаг. НӨАТгүй улсууд дэлхийд зөндөө бий. НӨАТ-ыг орлогоос авдаг болохоос бус ашгаас авдаг татвар биш л дээ. Бид орлогоо авч чадаж байна. Дарга, цэргээ томилж үнэхээр чадаж байгаа. Бүр чадахын дээдээр чадаж байгаа. Үүн дээр маш том хэрүүл, тулаанууд болдог. Геополитикийн салбарт Монгол Улс хэнтэйгээ яаж харилцах талаар үнэхээр олон талын мэдлэгтэй мундаг хүмүүс манай Монгол Улсад олон байна. Соёл, урлаг, спортын салбарт бол бид хэнээс ч дутахгүй. Батлан хамгаалахын салбарт ч ярихгүй. Энхийг сахиулагчдаараа гадаадад гайхагдаж, Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон шүү дээ? Тэгсэн. Яг одоо бидэнд орхигдоод байгаа салбар бол үнэхээр худалдаа, эдийн засаг. Бусад орнуудтай бид эдийн засгийн хувьд ашигтай ажиллаж чаддаггүй. Гадаад худалдаа хөгждөггүй энэ асуудал бол Монгол Улс ерөнхийдөө даргын тогтолцоогоор яваад ирсэн, социализмын үеийн тогтолцоо өөрчлөгдөөгүй л гэсэн үг. Бид мөнгө босгоё гээд явж байгаа хүнээ ад үздэг. Хүн болгон зурагтаар ярихдаа “Би мөнгөний араас яваагүй төрийн хүн” л гэж байгаа шүү дээ. “Би ёстой мөнгөний араас явдаггүй урлагийн хүн” ч гэх шиг. Нэг дуучин хүү телевизээр өөрийгөө танилцуулаад, дуулахаасаа өмнө ярьж байгаа юм. “За би тэр аймгийн харьяат тийм хүн байна. Манай нутгаас тэдэн гавьяат төрж гарлаа, манай нутгаас тэдэн УИХ-ын гишүүн гарлаа” гээд л баахан гавьяа шагналууд ярилаа. Түүн дотор нь Хөдөлмөрийн баатар дурсагдсангүй. Уг нь бол тэр нутагт Хөдөлмөрийн баатар бий. Тэр нутгаас төрж гарсан бизнесмен ч бий. Харин тэр хүүхэд бол ерөөсөө тэгж ярих ёстой л гэж ойлгосон байна. Хамгийн гавьяатай хүн нь л бөх, дуучин, УИХ-ын гишүүн, сайд дарга гээд ойлгочихсон. Уг нь бол хамгийн түрүүнд манай нутагт тэдэн тэрбум төгрөгийн татвар улсдаа төлсөн тийм мундаг бизнесмен бий гэмээр. Ер нь өндөр хөгжилтэй улсууд татвар их төлдөг хүнээ хүндэлдэг. Татвараар бид цалинждаг биз дээ. Энэ байдлаараа гадна талдаа ч эдийн засгийн харилцаа үнэхээр хоцрогдсон. Намайг 2016 онд УИХ-д орж ирэхэд Засгийн газрын бүтэц яригдсан. Тэр үед би Гадаад харилцааны яамыг Гадаад харилцаа, эдийн засаг, гадаад худалдааны яам болгож нэрийг нь өөрчлөх санал гаргасан. Тухайн үед шинэ гишүүн байсан юм чинь. Хуучин гишүүд хажуугаас шоолох маягаар харилцдаг, “Чи ямар том санал гаргадаг юм, тийм биш шүү” гэж л байсан. Дан миний ч санал биш, дээр үед зөндөө гардаг л байсан санал. Би Элчин сайдуудад тодорхой санал хүсэлтүүдийг байнга тавьдаг. “Та нар хэдэн дарга ирэхийг хүлээгээд, айлчлал хүлээгээд, эсвэл соёлын харилцаа яриад л, эсвэл тэнд байгаа 3000 монгол хүнээ 30,000 хүн болгож яриад л, танай ажил үүнээс цааш гардаггүй. Та нар хувийн компаниудын эрх ашгийн төлөө яваач. Энэ компаниудаа наад сууж байгаа улсдаа экспорт хийлгэхийн төлөө яваач. ЖДҮ гэдгийг зүгээр л нэг арьсан түрийвч, эсгий улавч гэж битгий ойлго. Монгол Улсад ЖДҮийн хувьд тодорхой бараа, бүтээгдэхүүнүүд байна. Үүнийг нь та нар яаж экспортод гаргах вэ гэдэг дээр нь туслаач” гэж хэлдэг. Элчин сайдууд болохоор өөдөөс “Та нар ийм маягаар тодорхой үүргүүдээ өгөөч ээ. Та нар 2014 оноос хойш Элчин сайдуудынхаа уулзалтыг хийгээгүй байна шүү дээ” гэдэг.

Элчин сайдууддаа “Монголын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тухайн орондоо экспортлох талаар сайн ажиллаач” гэж байнга хэлдэг

Тэгээд би Элчин сайд нар томилогдсон чуулганы хуралдаан дээр Элчингүүдийн уулзалт хийх талаар ярьж, сая тэр уулзалт боллоо. Тэр уулзалтын үеэр УИХ-ын дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, манай ЭЗБХ, Гадаад харилцааны яам хамтарсан уулзалт хийсэн. Тэр уулзалт дээр ЖДҮ-ийн асуудлаар бараг хичээл заасан л даа. Зарим нь бараг “Энэ нөхөр бид нарт баахан үүрэг даалгавар өгдөг хэн бэ” л гэсэн байх. Гэхдээ би өнөөдрийн хууль, эрх зүйн хэмжээнд хүсэлт тавьж байгаа юм. Ирээдүйд бол гадаад эдийн засгийн хүрээнд үүрэг өгдөг хууль эрхзүйн орчин нээлттэй байх ёстой. Гадаад харилцааны яамны хувьд ч Эдийн засаг, гадаад харилцааны яам, Гадаад эдийн засгийн төлөвлөлтийн яам ч гэдэг юм уу, нэртэй болох ёстой. Энэ бол зайлшгүй байх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголоос оёмол бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлье гэсэн санал гаргаж, Конгрессоор яриулахаар ярилцаад байгаа шүү дээ. Энэ гадаад эдийн засгийн чиглэлээрх бас нэг санал мөн биз?

-Энэ зөв. Ийм санал санаачилгууд гаргаж байх ёстой.

Монголд төр, засгаасаа эхлээд энгийн иргэдээ хүртэл мөнгө олдвол юуны түрүүнд үрэх сэтгэлгээтэй байдаг. Үүнийг яаж өөрчлөх ёстой вэ?

-Хүмүүс ямар ч бизнес эрхэлж байсан, өрхийн бизнес ч ялгаагүй, санхүүгийн баталгаагүйгээр урагшаа хөдлөхгүй. Одоо бол санхүүгийн мэдлэггүй гэр бүл урагшаа явахад хэцүү. Хүүхдүүдэд санхүүгийн талын мэдлэг, нягтлан бодохын мэдлэг багаас нь суулгах ёстой. Мөнгөө яаж зарцуулах юм. Цалингаа авангуутаа бүгдийг нь үрээд дуусгачихдаг хүн бол бизнес хийж чадахгүй. Цалингаа аваад тодорхой хэмжээгээр энэ хэсгийг ийм зүйлд зарцуулна гээд хуваарилж чаддаг тийм ойлголтуудыг хүүхдүүдэд багаас нь суулгах ёстой. Улс ч бараг тийм сэтгэхүйтэй байна. Олонгуутаа шууд үрдэг. Байнгын хороонуудыг хар л даа. Дандаа үрнэ гэдэг шийдвэр гаргадаг.

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1450 ЗӨВШӨӨРЛИЙГ 450 БОЛГОЖ БУУРУУЛНА

 

Намрын чуулган завсарлахаас өмнө амжиж батлуулах ёстой ямар хуулийн төслүүд дээр та, танай байнгын хороо ажиллаж байгаа вэ?

-Oдоо амжиж батлуулахаар хүлээгдэж байгаа хоёр гурван том хууль байна. Нэгийг нь би өөрөө гардаж ахалж байна, ажлын хэсэгт нь ороод ажиллаж байгаа хуулиуд бас бий. Нэгдүгээрт, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл. Өнөөдөр Монгол Улсад нийт 1450 гаруй зөвшөөрөл байна. Аж ахуйн нэгжүүд, иргэд тэдгээр зөвшөөрлийг төрөөс авч байж үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болно гэсэн үг. Хэтэрхий олон зөвшөөрөл байгаа биз дээ. Үүнийг эсэргүүцэж, энэ зөвшөөрлийг багасгая гэж зарим хүн цаас урж хогийн саванд хийж шатааж зурагтаар гарч байсан. Тэр бол үр дүнд хүрээгүй. Ингээд Зөвшөөрлийн тухай хууль гаргая. Зүгээр нэг удаагийн шийдвэр гаргаад, цаас урж хаяж тэмцэж байхаасаа илүү хууль гаргая гэж шийдсэн. Зөвшөөрлийн тухай хуулиар одоо 1450 байгаа зөвшөөрлийг 450 болтол нь буулгах гэж байгаа юм. Үлдсэн 1000 зөвшөөрөл нь байхгүй болно гэсэн үг. Зөвшөөрөл авъя, түүнийгээ сунгуулъя гээд төрийн байгууллагуудыг тойрч, хаалга үүдийг нь тогшиж явдгаа цөөлье л гэсэн. Зарим агентлагууд, яамд, дарга нар хуучнаа санагалзаж зөвшөөрлөө дахин нэмүүлэхийн төлөө “Үүнийг нэмэхгүй бол манай үйл ажиллагаа доголдоно, манай байгууллага болохгүй болно” гэцгээж албан бичгүүд ирүүлж байна. Тэгэхээр 450 чинь өсөх гээд байна. Зөвшөөрлийн тухай хуулийг баталснаар гол нь иргэдийн чөлөөтэй хөдөлмөрлөх орчныг бүрдүүлж байгаа юм. Жишээлбэл, Азийн орнуудаар явж байхад хүмүүс гудамж талбайдаа худалдаа эрхэлж, хоол унд хийж, бүжиг цэнгээн явуулж байдаг. Зарим гудамжууд нь ийм чөлөөтэй байдаг шүү дээ. Тэр юуг харуулж байгаа вэ гэвэл тэнд, тодорхой хэсэг газарт зөвшөөрөл авах шаардлагагүйгээр үйл ажиллагаа явуулж болдог гэсэн үг. Мэдээж хотынхоо төвийн талбай дээр бол болохгүй. Эсвэл том худалдааны гудамжинд болохгүй. Харин тодорхой гудамжинд хоол хийж болно, хувцас зарж болно гээд улсаас нь зөвшөөрдөг гэсэн үг. Тийм зорилгоор тэр зөвшөөрлүүдийг багасгаж 450 болгож байгаа гэсэн үг. Ирээдүйд нэмэгдэхээр бол Засгийн газрын тогтоолоор УИХ батална. УИХ зөвшөөрлийг нэмж хасна. Зөвшөөрлийн жагсаалтыг их олон талаас нь ярина гэсэн үг. Одоо яадаг вэ гэхээр нэг агентлагийн дарга, сум, дүүргийн дарга, хотын дарга шууд гарын үсгээрээ зөвшөөрөл бий болгочихож байгаа. Үүнийг л цэгцэлье гэж байгаа юм. Энэ бол том ажил. Маш олон талын маргаантай зүйл ч энэ дотор байгаа. Эдгээрийг засахын төлөө ажиллаж байна. Хоёрдугаарт, Худалдааны хууль гэж их том хуулийн төсөл явж байна. Худалдааны хууль гэхээр зах, бөөний худалдааны дэлгүүр, найман нэрийн барааны дэлгүүрүүд, хими цэвэрлэгээний тухай хууль гэж ойлгохгүй ээ. Худалдаа гэдэгт зэс, алт, нүүрс, Оюутолгой ч хамаарагдана. Худалдааны хууль гарснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр худалдааны салбарт ажиллаж байгаа бүх байгууллагууд бүгд Монгол Улсаар төлбөр тооцоогоо дамжуулан хийнэ. Өмнө нь Оюутолгойн мөнгийг Монгол Улсаар дамжуулна гээд УИХ-аас шийдвэр гаргасан чинь Олон улсын валютын сангийн хөтөлбөр зогсох нь гээд тэр шийдвэрээсээ буцсан шүү дээ. Нэг хоногийн өмнө ч билүү, нэг хоногийн дараа ч бил үү, буцсан. Дахиад ийм байдалд хүрэхгүйн тулд хууль гаргах гэж байгаа юм. Амжиж ярих бас нэг хууль бол Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл явж байгаа. Энэ бас их чухал хууль.

Дээр ярьсан зээлийн хүүгийн хязгаартай холбоотойгоор гадаадын банкийг Монгол Улсад оруулах тухай асуудал энд тусах юм. Гадаадын банк орж ирснээр Монгол Улсад өрсөлдөөн бий болно. Гэхдээ дотоодын банкуудынхаа үйл ажиллагааг бид хамгаалах ёстой. Хамгаалахгүй бол Монгол Улсын бүх баялаг, Монгол Улсын бүх хүн гадаадын банкинд өртэй болчих магадлалтай. Тийм ч учраас гадаадын банк хэрвээ орж ирвэл тодорхой хязгаартай байх учиртай. Тухайлбал, тэр банк 100 тэрбумаас дооших зээлийг олгоно. Ийм, ийм салбарт гадаадын банк зээл олгож болохгүй. Ийм ийм салбарт зөвхөн дотоодын банкууд зээл олгоно гэдэг ч юм уу. Ийм зүйл. Энэ хууль манай Эдийн засгийн байнгын хороон дээр 2020 онд яригдахаар хүлээгдэж байна. Би бас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Тэр чиглэлээрээ хуулийн салбарын хуулиудын төсөл дээр бас ажиллаж байна.

 

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын

2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс

ШИНЭ МЭДЭЭ