МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: 670 сая төгрөг хувиасаа гаргаж ГЭР ХОРООЛОЛ ДУНД ЗАМ байгуулсан
2020.03.23
Зам, Тээвэр

Ж.Ганбаатар: 670 сая төгрөг хувиасаа гаргаж ГЭР ХОРООЛОЛ ДУНД ЗАМ байгуулсан

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.

Та Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүнийхээ хувьд тойрогтоо ямар гол ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн бэ?

-Анх 2016 онд УИХын гишүүн болоход Монгол Улс дефолт болох гэж байна гээд улсын төсвийн хөрөнгө оруулалт 0 байлаа. Бүгд гацчихсан. 2017 оны төсөв яригдаж байсан шүү дээ. Тэгэхэд орон нутгийн хөрөнгө оруулалтын зардал 0 байсан. Монгол Улсын бүх данс хоосроод улайчихсан. Үүнийг би шинэхэн гишүүний хувьд үнэн байна л гэж ойлгосон. Миний сонгогдсон тойргийн хоёр хорооны дундах гэр хорооллын зам шороо тоос боссон үнэхээр хэцүү байсан. Тэнд зам тавьж өгнө гээд амлачихсан байдаг.

Гэтэл улсын төсөв хэцүү байгаад байдаг. Тэгээд хувийнхаа хөрөнгө оруулалтаар 670 гаруй сая төгрөг гаргаж зам бариулсан. Уулын бэлд тавьсан учраас үер усны аман дээр таарсан. Сүүлийн хоёр жил дараалан их хуртай байлаа. Гэхдээ өнөөдөр 2020 он болоход үер усаа даагаад зам маань сайхан хэвээрээ л байна. Одоо Ганбаатарын зам гээд нэршчихсэн, дэд бүтэцтэй болсон учраас хавь ойрын айлуудын хашаа хорооны үнэ ханш нэмэгдсэн, эдийн засгийн эргэлт сайжирсан, хүмүүс хашаа байшингаа 20-30 сая төгрөгөөр зардаг байсан бол өнөөдөр 70-80 саяд хүрдэг болсон байна. Бас өгөөжтэй байна л гэж би харж байгаа. 10 дугаар хороолол хавийн байшин хорооллын айлуудын дундах замд 1991-1992 оноос хойш бараг засвар хийгээгүй, усанд автдаг, машин тэрэг нүхнээс нүхний хооронд явдаг байсан.

Одоо энэ замуудыг 2020 он гэхэд шинэчилж дуусна. Ерөнхийдөө 80 хувийг нь шинэчилж дуусаж байна. Үүнийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Мөн 10 дугаар хорооллын айлуудын байшингийн ханын дулаалга хийж байна. Дулаан алдалт ихтэй учраас тэндхийн айлууд өвөл гэртээ бараг пальтотой сууж байдаг байсан. Одооны хүүхдүүд бараг мэдэхгүй байх. Намайг 1991 онд дөнгөж оюутан болчихоод хороололд найз нарындаа ирэхэд гэртээ ноосон цамцтай л байдаг байсан. Тэр айлуудын дулаан алдалтыг шийдэхийн тулд 10 дугаар хороолол, хорооллын айлуудын байшингийн хананд дулаалга хийж туршиж үзсэн.

Хийж болох юм байна. Цаашдаа байшингуудын дээврийн асуудал байна. Ус гоождог. Үүнийг шийдэх ёстой. Манай Баянгол дүүргийн хойд хэсгийн гэр хорооллын айл өрхүүдэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ маш бага. Сурагчид гурван ээлжээр хичээллэдэг, цэцэрлэгийн хүртээмж байхгүйгээс сугалаагаар орох эсэхээ шийддэг байлаа.

Сүүлийн жилүүдэд, тодруулбал, 2017, 2018 онд хийсэн хамгийн гол ажил бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. Энэ онд ашиглалтад орно. Захирал, эрхлэгч нар нь томилогдсон сураг байна лээ. Бид ямар ч гэсэн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж байна. Гэхдээ маш том нэг бэрхшээл бий. Гэр хороолол дунд баригдсан учраас дэд бүтцийн асуудал байна. Утаагаа шийдвэрлэж байхад сайжруулсан түлш байх уу, уламжлалт түлш байх уу, цахилгаанаар шийдэх үү, шийдлээ гэхэд өртөгийг сургууль дийлэх үү зэрэг асуудал байна.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалт хязгаарлагдмал, хүнд суртал ихтэй. Гэхдээ бид үүнийг даван туулна. Ойрын хугацаанд бид ойрхон байрлалтай барилгуудаас дулаан, бохироо татахаар төлөвлөж байна. Заримдаа өөрийнхөө хувийн зүйлийг хөөцөлдөж байгаа мэт гуйж нэг үзнэ, загнаж нэг үзнэ, аргадаж нэг үзнэ. Үнэндээ ингэж хөөцөлдөхөөс өөр арга байхгүй. Заримдаа бүр Төрийн ордонд авчирч хурал хийж байж зорилттой даалгавар өгч, шахаж ажиллаж байна.

Мэдээж хэрэг хойшоо, гэр хорооллын дундуурх зам харгуй, камер зэрэг асуудлыг УИХ-ын гишүүний хувьд нийслэлийн төсөвт суулган ажиллаж байна. Энэ жилийн хувьд дөрвөн тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгуулсан. Энэ хөрөнгөөр ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, цахилгаан шат зэрэг асуудал цэгцрэх байх. Цаашдаа миний хүсэж байгаа зүйл бол Баянгол дүүрэгт чөлөөтэй амрах бүсийг сонгодог утгаар нь байгуулах хүсэлтэй. Зүгээр л гурав, дөрөвхөн тоглоом авчирч тавьчихаад, хэдхэн сагсны талбай хийгээд ногооноор будчихаад соёл амралтын бүс гэж нэрлэдэг байж таарахгүй.

Баянгол дүүрэгт байгаа нэг асуудал бол сул газар алга л даа. Бусад дүүрэгт цэцэрлэг, сургууль барья гэвэл амархан. Зай, талбай томтой барьж болж байна. Манай дүүрэгт сөөм ч газар байхгүй. Сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлөхийн тулд иргэдтэй тохиролцъё гэхэд бэрхшээл бас бий. Нийслэлээс тогтоосон үнийн санал дээр тохирохгүй байна. Сайн компани шалгараасай, сайн компани сонгогдоосой гэж залбираад л сууж байна. Шалгарсан компанийг харахад гаднах засвараа хийж байгаа л харагдах юм. Түүнээс биш гүйцэтгэх засаглалын ажилд оролцоод л энэ компанийн оронд үүнийг тавьж өг гэж болохгүй. Өмнө нь гишүүд иймэрхүү ажилд оролцдог асуудал байсан юм шиг билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд төрийн ажил ч гэсэн жамаараа засрах тал руугаа л явж байгаа гэж хардаг.

Сонгогчидтойгоо хэр зэрэг уулзаж байна?

-Бараг хамгийн их уулзаж байгаа нь би байж магадгүй байх. Гишүүнээр сонгогдсоноосоо хойш UB Palaceн зааланд жилдээ дөрвөн удаа гэж тооцвол 15-16 удаа уулзалт зохион байгуулжээ. Уулзах болгонд энэ заал дүүрэн байсан шүү. Зөвхөн том зааланд уулзахаас гадна хороо, хороогоор явж уулзаж байгаа. Иргэд бол намайг мэднэ ээ. Учиргүй чулуу нүүлгээд байхгүй байх.

Иргэдээс ихэвчлэн ямар хүсэлт тавьдаг вэ?

-Би таны асуултад шууд л хариулъя. Ийм асуудал шийдэж өгөөч, манай хүүг сургуульд оруулж өгөөч, мөнгө санхүүгийн тусламж үзүүлээч, гэр шийдэж өгөөч гэсэн хүсэлт л байдаг даа. Гэвч Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ийм асуудалд анхаараарай, МАН-ын хувьд ийм асуудалд анхаараарай, чуулганы танхимд хэлж байгаа үг чинь ийм байна шүү гэж цаашдын ажилд чиглэл болохуйц зөвлөгөө өгдөг иргэд ч бас бий. Дандаа л юм гуйгаад байна гэж юу байх вэ.

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын

2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс

ШИНЭ МЭДЭЭ