МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2020.04.08
Эдийн засаг, Худалдаа

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 29 минутад эхэлж, “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар, Монголбанкны холбогдох албан тушаалтнаас хариулт, тайлбар авсан юм. Тухайлбал, тогтоолын төслөөр иргэдийг 6 сарын хугацаанд хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, улмаар хорио цээрийн улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн даатгуулагчид 3 сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас cap бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгох зохицуулалтыг тусгасан.

Үүнд өөртөө ажлын байр бий болгодог жолооч, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарагдах эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, М.Оюунчимэг нар тодруулж асуулаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй 5.1 их наяд төгрөгийн өртөг бүхий арга хэмжээнүүдийн үр өгөөжийг бичил бизнес эрхлэгчид, өөртөө ажлын байр бий болгон, орлого олдог хүмүүст хүргэх чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг саналыг хэлж байв.

Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдвэр гарсан ч тэдгээрийг дунд болон доод шатанд хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх арга хэмжээнд төрийн их дээд сургуулиудыг хамруулахаар болсныг М.Оюунчимэг гишүүн дурдаад, оюутнуудын сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад хөдөлмөр эрхэлдэг оюутнуудын асуудалд анхаарал хандуулах, зарим зохицуулалтыг хийх шаардлагын талаар санал хэлсэн. 

Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж хөдөлмөр эрхлэн, холбогдох татвар, нийгмийн даатгал болон бусад төрлийн шимтгэлээ төлж буй иргэн бүрд нийгэм, эдийн засгийн хүндрэл үүссэн үед улсын төсөв, төрөөс зохих хэмжээний дэмжлэг үзүүлдэг зарчмын дагуу дээрх зохицуулалтуудыг тогтоолын төсөлд тусгасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарласан юм.

Аж ахуйн нэгжийн ажиллагсад 0.2 хувиар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд энэ харилцааны үндсэн дээр ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчдадаа 200.000 төгрөгийн дэмжлэгийг олгож байгаа. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дээрх дэмжлэгийг авах боломжгүй  гэдгийг С.Чинзориг сайд тайлбарласан.

Сайн дураараа нийгмийн даатгал төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох эрүүл мэндийн даатгалаас бусад нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сарын хугацаанд төр өмнөөс нь төлөх зохицуулалтыг төсөлд тусгасан. Энэ арга хэмжээнд 186 мянган иргэн хамрагдах тооцоо байгаа гэв. Ажилгүйдлийн даатгалын сангаас 3 сарын хугацаанд cap бүр олгох 200.000 төгрөгийн дэмжлэгийг хэрхэн олгох талаарх гишүүдийн тодруулгад “Шууд иргэнд олгохоор төсөлд тусгасан ч хэлэлцүүлгийн явцад аж ахуйн нэгжээр дамжуулах нь зүйтэй гэдэг санал гарсан” хэмээн Сангийн сайд хэлж байв.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой заалтыг төсөлд тусгайлан оруулах шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар хэлж байв. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр эргэн төлөлттэйгөө нийлээд 48 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан, үүн дээр АНУ-аас жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор 12 сая ам.долларын туслалцааг үзүүлж байгаа, Япон Улсаас жижиг, дунд бизнесийг дэмжих хоёр үе шаттай зээл гэх зэрэг, үүн дээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс багагүй хөрөнгө хуваарилсан. Эдгээр санхүүжилтийг нэгтгэн, бизнес эрхлэгчдэд татаас, дэмжлэг байдлаар хүртээмжтэйгээр олгох санал хэлж байв.

Засгийн газар энэ чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа, энэ төрлийн санхүүжилтийн эх үүсвэрүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд төвлөрүүлэх ажил хийгдээд дуусч байгааг Ч.Хүрэлбаатар сайд мэдээллээ. Иймээс нэг цэгээс холбогдох зохицуулалтыг хийх боломж бүрдээд байна. Цаашдаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, санхүүгийн туслалцааг бодитоор хүргэдэг тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулан, хяналтын механизмыг бий болгосноор олон улсын дэмжлэг туслалцааг татан, төвлөрүүлэх боломж бүрдэнэ гэдэг тайлбарыг хэлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва төслийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилтод хүнсний салбар чухал тулгуур болох ёстой гээд дэлгэрэнгүй тайлбарлаад зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж буйгаа танилцуулсан юм. Мөн тэрбээр цар тахалын үед бүх нийтээрээ хорио цээрийн дэглэм сахиж дэг журамтай, иргэн бүр сахилга хариуцлагатай байснаар өрхийн хэмжээнд, эрүүл мэндийн салбар, эмийн хэрэглээ гэх зэргээр улс орны хэмжээнд ямар хэмнэлт давуу тал гарсныг тооцоолох нь зүйтэй гэдэг байр суурийг хэлж байв.

Малчин өрхүүдийн 6-8 настай хүүхдүүдийг цахимаар сургах гэх мэт шийдлийг хорио цээрийн дэглэмийн үед туршсан болохыг тэмдэглэж байв. Иргэн, аж ахуйн нэгж гээд бүхий л шатандаа сахилга, хариуцлагатай байснаар хүндрэлийг даван туулахад чухал нөлөө үзүүлж буйг Сангийн сайд дэмжээд “Нэг хүн л хорио цээрийн дэглэм зөрчихөд үүнээс улбаалан тэрбум тэрбумаар хэмжигдэх зардал гарах уршигтай. Иймд иргэн бүр, байгууллага бүр цар тахлын сөрөг үр дагаварыг өндөр ухамсарлаж, сахилга хариуцлагатай байх нэн чухал” гэлээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд авах хамгийн чухал арга хэмжээ бол томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, хэвийн явуулах нь чухал байгааг хэлэв. Тухайлбал, гадаадаас ажиллах хүч хүлээн авах боломжгүй улмаас Дарханы автозамын бүтээн байгуулалт, цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын эргэн тойрон дахь гүүр зам, зарим аймгийн автозамын ажлууд, зарим боомтын томоохон төслүүд зэрэг зогсоод байгаа.  Эдгээр ажлууд үргэлжлэх юм бол ажлын байрууд хадгалагдаж, эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй гэв. Тиймээс хорио цээрийн дэглэмийг бүрэн сахиулаад, холбогдох шаардлага, стандартыг хангуулаад ажлуудыг явуулах нь чухал байна гэв. Түүнчлэн төсвөөс худалдан авах, захиалах ажлуудыг дотоодын аж ахуйн нэгжүүд орсон байхаар зохицуулалтыг хийх шаардлага бий гэдгийг Сангийн сайд хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийг 12 сараар царцаах саналыг танилцуулж, Монголбанкнаас тодруулга авсан юм.

Ийнхүү “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Дараа нь төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргасан ба нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо 

ШИНЭ МЭДЭЭ