МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Төгсөх ангийн сурагчдыг хичээллүүлэх эсэх асуудлыг судалж байна
2020.04.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Төгсөх ангийн сурагчдыг хичээллүүлэх эсэх асуудлыг судалж байна

Их, дээд сургуульд элсэх гэж буй төгсөх ангийн сурагчдыг хичээллүүлэх талаар судалж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тодорхой шийдвэр гарна гэж УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УИХ-ын чуулганы өнөөдрийн цахим хуралдааны үеэр мэдээлэв. 

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, гадаадад байгаа, дотуур байрнаасаа хөөгдсөн оюутнуудын асуудалд Засгийн газраас хэрхэн хандахыг лавлахын зэрэгцээ, хэрвээ сургууль, цэцэрлэгийн сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулбал, их дээд сургуульд элсэх гэж буй төгсөх ангийн сурагчдын элсэлтийншалгалтын бэлтгэлд хүндрэл гарахыг  анхааруулсан юм.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, цар тахлын улмаас дэлхийн 190 гаруй улс үндэсний хэмжээний хөл хорио тогтоосон, нийт 1.7 тэрбум хүн хөл хорионд байгааг мэдээлэв. Нөхцөл байдлаас хамаарч хүүхэд залуусын сурах боломжийг таслахгүй байх үүднээс онлайн, теле хичээл явуулж буйг ЮНЕСКО-гоос сайшаасан. Тавдугаар сарын 30-наас хичээлийн жил дуусах ёстой ч есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулах хүртэл ямар зохицуулалт хийх талаар УОК-т танилцуулахаар бэлтгэл хангаж байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас санал авахаар бичиг хүргүүлсэн гэлээ. Төгсөх ангийн хүүхдийн хичээллэх боломжийг судалж байгаа бөгөөд 28 мянган хүүхдэд DVD хэлбэрээр хичээлийг хүргэж буйг онцлов. Үүнээс гадна цөөн тоогоор бүлэг болгон давтлага өгөх боломжтой эсэхийг судалж байгаа бөгөөд ирэх долоо хоногт яамнаас тодорхой шийдвэр гарган танилцуулна гэдгийг мэдээллээ. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаадад байгаа монгол иргэдээ татан авахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд нийт 6650 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан гэдгийг танилцуулав. Үүнд хүндэтгэн үзэх шалтгаантай ахмад настай, эмчилгээнд явсан, хүүхэдтэй, оюутан зэрэг хүмүүс байгааг дурдав. Онгоцны суудал хязгаартай, онгоц тэр бүр нисээд байх бололцоо муу байна.  Гэхдээ Засгийн газар боломжоороо тухай бүрт нь шийдвэр гарган ажиллана гэдгийг тайлбарлав. 

ШИНЭ МЭДЭЭ