МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
2020.05.06
Эдийн засаг, Худалдаа

Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.05.06/ хуралдаан 11.55 цагт, 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Санхүүгийн хэлэлцээрийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх зээлийг олгох боломжтойгоо мэдэгдээд байгаа аж. Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.0076 хувь юм байна.

Эхнийх чиглэл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой шугам бөгөөд өртөг нь 35.4 сая евро аж. Мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий 3 зогсоолтой шугам барихаар төлөвлөсөн бөгөөд тус хоёр дахь шугамын холбогдох тооцоолол бүрэн хараахан дуусаагүй, төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах аж. Нийт өртөг 25.3 сая евро байхаар төлөвлөжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар асуулт асуусан. Гишүүд ямар судалгаа, шаардлагаар ийм төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, нийслэлийн нийтийн тээврээр өдөрт 600-650 мянган зорчигч зорчдог бөгөөд цаашид ачааллыг бууруулахын тулд олон төрөлт нийтийн тээврийн хувилбарт шилжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үзсэн аж. Баянхошуу, Дарь-Эх, Чингэлтэйд амьдардаг иргэд агаарын дүүжин тээврээр үйлчлүүлнэ гэж тооцжээ. Агаарын дүүжин тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал нь бага, метро, трамвайнаас зардал нь 5-8 дахин бага гэсэн дүгнэлт гарсан хэмээлээ.

Мөн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Ундармаа нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь санхүүгийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ