"Нэг сая орчим иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг ҮЦТХТ-рүү шилжүүлсэн"
2020.05.11
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"Нэг сая орчим иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг ҮЦТХТ-рүү шилжүүлсэн"

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа онлайнаар зохион байгуулж, мэдээлэл өглөө. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр 

"Тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашиг өгөх ажлыг зохион байгуулна хэмээх төлөөлөн удирдах зөвлөлийн  шийдвэр гарсан. Түүнээс биш тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний  дансанд шилжүүлнэ гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас албан ёсоор мэдэгдээгүй.

Гэхдээ аль болох ногдол ашгийг иргэддээ хурдан өгөхөөр компани ажиллаж, бэлтгэл ажлаа хангасан. Мөн иргэд өөрсдөө их хариуцлагатай хандах хэрэгтэй. Одоогийн байдлаар нэг сая 700 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн. Үүнээс 425 мянган хүн л банкны дансаа баталгаажуулсан байна.

Бүртгэлийн асуудалгүй иргэдийн ногдол ашгийг өмнөх долоо хоногт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-ийн дансанд шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл, бид 425 мянган хүн болон банканд дансаа нээлгэсэн боловч ҮЦТХТ-д мэдээлэл нь очоогүй байгаа 193 хүн буюу нийт 693 мянган иргэний ногдол ашгийг ҮЦТХТ-рүү шилжүүлсэн. Үүн дээр нэмээд банкны дансаа холбож баталгаажуулсан иргэдийг тооцоод сая орчим иргэний ногдол ашгийг шилжүүлсэн" гэв. 

"БАНКАНД ДАНСТАЙ ЭСЭХИЙГ НЬ ШҮҮХ, ТУХАЙН ДАНС НЬ Е-БАРИМТ АПП ДЭЭР БАЙГАА ЭСЭХИЙГ ХЯНАХ АЖЛЫГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД ХИЙЖ БАЙНА" 

Ногдол ашгийг олгохгүй удаж буй шалтгааны талаар тэрбээр үргэлжлүүлэн “Хоёр сая 512 мянган хүний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил гэдэг амаргүй. Банканд данстай эсэхийг нь шүүх, тухайн данс нь е-баримт апп дээр байгаа эсэхийг хянах, нэрсийг нь шивээд арилжааны банкууд руу явуулах, банк нь Монголбанк руу явуулах, Монголбанк эргүүлээд төрийн сан руу явуулах зэрэг олон ажил шат дараатайгаар хийгдэж байна. Жишээ нь, овог нэр нь давхардсан өөр регистртэй хүмүүс ч гарч байна. Энэ болгоныг цэгцлэх ажлыг холбогдох байгууллагууд хийж байгааг ойлгоорой. 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд үүргээ биелүүлээд, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашгийг нь чирэгдэлгүй олгох тал дээр байнга анхаарч ирсэн. Тиймдээ ч бүртгэл бичиг баримтын асуудалгүй сая орчим иргэний ногдол ашгийг шилжүүлсэн” хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ