МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхий нийтийн хамтын ажиллагаанд цахим харилцааг ашиглана
2020.05.13
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Дэлхий нийтийн хамтын ажиллагаанд цахим харилцааг ашиглана

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулахаар заасны дагуу төслийг боловсруулжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2005 онд 60/21 дүгээр тогтоолоор баталсан Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц нь дэлхий нийтийн худалдаа, хамтын ажиллагааны цахим орчны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, оролцогч талуудын шууд болон шууд бус зардлыг бууруулах, хил дамнасан цахим харилцаа, экспорт, импорт, олон улсын худалдааг дэмжихэд чиглэсэн эрх зүйн бичиг баримт гэлээ. Өнөөгийн байдлаар энэхүү конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор манай олон талт хамтын ажиллагаатай улс орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ багтаж байгаа бөгөөд 10 орчим улс нэгдэн орохоор ажиллаж байгаа аж.

Монгол Улс энэхүү конвенцыг соёрхон баталснаар дээр дурдсан цахим харилцааны давуу талыг манай улсад олгохоос гадна цахим болон цаасан суурьтай мэдээллийн хэрэгслийн эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдал, цахим гарын үсэг болон ердийн гарын үсгийн ижил тэнцүү нөхцөлийг тогтоох, цахим харилцааны баримт бичгийг илгээх, хүлээн авах, хадгалах, автоматжуулсан мэдээллийн системийг ашиглах нөхцөл боломж бүрдэх юм байна. Энэхүү конвенцд нэгдсэнээр гишүүнчлэлийн татвар байхгүй тул аливаа улс ямар нэг санхүүгийн үүрэг хүлээхгүй бөгөөд тус конвенцыг төлөөлөх байгууллагыг дотооддоо байгуулах шаардлагагүй, түүнчлэн хэрэгжилтийн талаарх ямар нэг тайлан, илтгэл гаргах шаардлага тавигдахгүй гэдгийг тэрбээр танилцуулгын төгсгөлд дурдав.

Гадаад харилцааны сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Манай иргэний эрх зүйн харилцаан дахь гэрээний эрх зүйн харилцаанаас өөр эрх зүйн зохицуулалт орж ирж байна. Иргэний хуульд тавьсан шаардлагаар цахимаар гэрээ байгуулсан тохиолдолд тоон гарын үсгээр баталгааждаг” гээд холбогдох заалтыг уншиж танилцууллаа. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурж илгээснийг гэрээний нөгөө тал нь хүлээн зөвшөөрч тоон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг байна. Харин конвенцд эдгээрийг өөр байх боломжтой хэмээн зохицуулж байгааг хэллээ.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ