1072 хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалж байж өгөөж нь гарна
2020.05.15
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

1072 хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалж байж өгөөж нь гарна

  • Хөрөнгийн зах зээлд 1072 хувьцаа шиг шинэ бүтээгдэхүүн үгүйлэгдэж байна
  • “1072 хувьцаа иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” сонгодог утгаараа хувьцаат компани болох хэрэгтэй

Хөрөнгийн зах зээлийн хөтөч индекс ТОП 20 энэ он гарснаас хойш буурсаар. Дотоодын зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд төгрөг болж, сүүлийн таван жилийн түүхэн доод түвшинд ирлээ. Эдийн засгийн уналт хувьцааны зах зээлийг ниргэж, хөрөнгө оруулагчдын идэвх суларсаар. Шинэ бүтээгдэхүүний нийлүүлэлт хумигдаж, өсөлттэй зах зээл агшлаа. Энэ онд хоёр ч компани IPO хийхээр зэхэж байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

COVID-19 цар тахлын уршгаар санхүүгийн зах зээл бүхэлдээ хохирол амсаж байна. 2019 онд ашигтай ажилласан компаниуд ногдол ашгаа тарааж эхэлсэн. Үүний нэг нь “Эрдэнэс Таван толгой”. Тус компани нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 10 жилийн хугацаанд анх удаа ногдол ашиг тараахаар болсон. Ногдол ашгийн дийлэнх хэсэг буюу 80 орчим хувийг нь төр авна. Тодруулбал, 800 гаруй тэрбум улсад үлдэнэ. Үлдсэн 200 хүрэхгүй тэрбум нь 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд хүрнэ. Хэдий тийм боловч дотоодын хөрөнгийн зах зээлд 200 тэрбум гэдэг бага мөнгө биш. 

“Эрдэнэс Таван толгой” энэ сарын 1-ний өдрөөс ногдол ашгаа олгох байсан ч техникийн бэлэн бус байдлаас болж хугацаа хоцорч байна. Үнэт цаасны компаниуд бэлтгэл тааруу, анх удаа ийм их дүнтэй ногдол ашиг 2.5 сая хүнд олгохоор болсон нь хүний нөөцийн болон техник технологийн хурдыг шалгах болжээ. Үүнээс гадна иргэдийн хариуцлагагүй байдлаас болж ногдол ашиг олгох ажил удаашрах шинж тэй байна.

Хувьцааны нэрийн дансаа нээлгээгүй, нээлгэсэн ч банкны дансаа уг данстайгаа холбоогүй, дансны нэр зөрөх зэрэг зөрчил гарч байгаа нь ногдол ашиг олгоход улам хүндрэл үүсгэсээр. 1072 хувьцаа эзэмшигч хүн бүр 90 гаруй мянган төгрөгийн ногдол ашиг авахаар байгаа. Компани жил ирэх тусам ашигтай ажиллавал дээрх дүн нэмэгдэнэ гэсэн үг.

Харин компанийн ашиг буурч, алдагдал хүлээвэл ногдол ашиг олгох боломжгүй. Хөрөнгө оруулагч хувьцааны ногдол ашгаас гадна хувьцааны үнийн өсөлтөөс өгөөж хүртдэг. Тэгвэл 1072 хувьцааны хувьд хоёр дахь боломж нь зах зээлд бүрдээгүй байна. Иргэд хувьцааны өсөлт, уналтаар дамжуулан хөрөнгийн зах зээлийн мэдлэг боловсролоо ахиулах учиртай. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцаанд 90 төгрөг ногдож буй бөгөөд 1072 хувьцаатай иргэн 96,480 төгрөг авахаар байгаа.

1072 хувьцааны өгөөжийг иргэдэд хүртээх, ногдол ашиг тараах, хэмжээг нь нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн төсвийг үр ашигтай байлгах нь чухал болоод байна. “Ойрын хугацаанд арилжаа нээгдэнэ гэсэн хүлээлттэй байна” хэмээн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцолсон. Тэрбээр “1072 хувьцаа иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” сонгодог утгаараа хувьцаат компани болох хэрэгтэй. 

Хэрэв ногдол ашиг тараахаас өмнө 1072 ширхэг хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг нь нээсэн бол эдийн засагт илүү бодитой мэдрэгдэх байлаа. Тэр тусмаа хөрөнгийн зах зээлд энэхүү нөлөө харагдах байсан. Гэхдээ ойрын хугацаанд энэ арилжаа нээгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Эдийн засгийн өсөлт саарсан, аж ахуйн нэгж, хувь хүний орлого багассан, бараа бүтээгдэхүүний борлуулалт тааруу байгаа энэ үед ногдол ашиг тарааж байгаа нь ажлын байраа хадгалах, худалдаа, үйлчилгээний салбараа дэмжихэд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ.

Гэхдээ хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн болгоё гэвэл дотоодын зах зээлд арилжаалах эрхийг нь нээж байж өгөөж нэмэгдэнэ” гэв. Харин Cover Mongolia компанийн үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл “1072 хувьцааг дотоодын биржээр арилжаалж эхэлснээр дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөө нь шууд мэдрэгдэнэ. Бирж дээр хувьцаа нь одоогоор арилжаалдаггүй болохоор нөлөө нь бага байна гэсэн үг. Арилжаа бий болсноор иргэдийн дунд хувьцааны талаарх ойлголт нэмэгдэнэ” хэмээн онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ