Хар массын гай буюу Монгол Улс хөгждөггүйн шалтгаан
2020.05.13
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Хар массын гай буюу Монгол Улс хөгждөггүйн шалтгаан

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг анхдагч зах зээлд гаргаж хөрөнгө босгох төлөвлөгөө ээлжит удаагаа нураад байгаа билээ. Өмнө нь энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлого мөн энэ маягаар нурж байсан түүхтэй. Eagle.mn энэ удаа Монголын уул уурхайн хөгжлийн чиг хандлага хийгээд түүнийг улс төржилтөөс ангид байлгах боломжийг хөндөж байна. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Гэсэн ч өнөөдрийг хүртэл Эрдэнэтээс өөр орд дээр ашиглалт явуулж, үр ашгийг нь хүртэж чадаагүй байна. Ашигтай ажиллаж, улсын төсөвт их хэмжээний хөрөнгө төвлөрүүлэн ногдол ашиг хүртэл тарааж байгаа Эрдэнэс Тавантолгойг үүнд яагаад оруулаагүй вэ гэдгийг энд бичнэ.

Хөгжлийн тушаа нь баялаг уу эсвэл бид өөрсдөө юу

Монгол Улс баялагтай. Үүнийг бид өөрсдөө ч мэддэг, гадныхан ч хэлдэг. Гэтэл баялгаа ашиглаж чадалгүй 30 жил өнгөрсний гол шалтгаан юу вэ. Зарим улстөрч энэ асуултад Оюутолгойгоор жишээ авч “Технологи, хөрөнгө мөнгө байхгүй” гэж хариулах нь бий. Зарим нь Тавантолгойгоор жишээ авч “Улс төржилт, баялгийг дангаараа эзэмших, захиран зарцуулах гэсэн шуналаас болсон” гэх нь ч байна. Энэ бол аль аль нь үнэн. Гэхдээ бид одоо энэ асуултын хариултыг бид өөрсдөөсөө эрэх цаг болжээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг анхдагч зах зээлд гаргаж хөрөнгө босгох төлөвлөгөө ээлжит удаагаа нурлаа. Монгол Улсын Засгийн газар зургаан Ерөнхий сайд дамнуулан энэ ажлыг хийх гээд бүтсэнгүй. Засгийн газар чадамжгүй муудаа юу, Ерөнхий сайд нь бүтэлгүйдээ тэр юм уу. Үгүй. Харин ард иргэдийн туйлшрамтгай, аливааг бодож эргэцүүлж чаддаггүй байдлаас болсон гэж дүгнэлт хийх байна.

Энэ хооронд юм, юм л болсон. Ордыг эзэмших гэсэн гадны улсуудын шахалт дарамтад өртөж, эрх ашгийг нь тэнцүүлэх гэж зовж байсан үе ч бий. 2010 онд Баруун Цанхи дээр зарлагдсан шалгаруулалтад БНХАУ, АНУ, ОХУ, Япон-Солонгосын консорциумыг шалгаруулж, дараа нь /бас л хэний ч юм бэ дарамт шахалтаар байж мэднэ/ ҮАБЗ-өөр хүчингүй болгуулж байлаа.

Буддын шашинтны тэргүүн далай ламыг айлчлуулсантай холбоотойгоор БНХАУ-тай харилцах харилцаа эрс муудсан үед, гадаад валютын нөөц шавхагдаж, ам.долларын ханшийг тогтоон барих хүч шавхагдсан, Чингис бондын төлбөрийг хийх хугацаа тулсан байдалтай, дөрвөн тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл гуйж байх үедээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцээ хийж байлаа. Үүний хажууд энэ удаагийн шалтгаан өчүүхэн жижиг юм. Гагцхүү Д.Цэгмэд гэгч этгээдийг дагаж шаагилдсан масс, чухамдаа бол монголчууд бид өөрсдөө төслөө ээлжит удаагаа нураачихлаа.

Бид мэдлэггүйгээсээ болж боломжоо алдчихлаа

Д.Цэгмэд тэргүүтэй этгээдүүд Тавантолгойн IPO-г саатуулахдаа “Тавантолгой майнинг” компани Тавантолгойг ашиглах эрх мэдлээ бүхэлд нь Хятадад өгч болох мэтээр мушгисан. Үнэн хэрэгтээ Тавантолгой бол бүлэг орд бөгөөд бүтнээрээ эр­гэлтэд орох өдий байна. 

“Гэр хорооллыг барилгажуулья гэвэл захаас нь, ашигт малтмалын ордуудаа шиглая гэвэл жижгээс нь эхэлье” гэсэн миний хувийн бодол байдаг юм. Өнгөц харахад эрх баригчид Оюутолгой, Тавантолгой гэсэн мега төсөлтэй л зууралдаад өөрсдийн хүчээр эргэлтэд оруулах боломжтой бусад төслүүдээ хаяад байгаа мэт харагдаж байж магадгүй. Үнэндээ бол тийм биш. Таван толгойн аварга ордын зөвхөн нэг дээр нь хөрөнгө оруулалт татаад дараа нь бүхэлд нь хөдөлгөх зорилготой, үе, үеийн Загийн газар энэ л бодлогоор явж байгаа. Гагцхүү хэн нь эрх мэдлийг атгаж байхдаа энэ ажлыг хийх вэ гэдэг дээр зөрчил үүсч, нэг нь нөгөөгийнхөө хийх гэж байгаа ажлыг санаатайгаар хойшлуулсаар өнөөг хүрч байна.   

Тавантолгойн бүлэг ордод хамаарах Ба­руун Цанхи нэртэй 11943А тус­гай зөвшөөрөл бүхий 2037 га, Зүүн Цанхи нэртэй 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га, Шар тээг нэртэй 11955А тусгай зөвшөөрөл бүхий 24532 га, Бор толгой нэртэй 11953А тус­гай зөвшөөрөл бүхий 12871 га, Бор тээг-1 нэртэй 11954А тусгай зөвшөөрөл бү­хий 23479 га талбай газрын ашиг­лал­тын зөвшөөрөл төрийн өм­чит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн мэ­дэлд байдаг. Эдгээрээс Шар тээг, Бор толгой, Бор тээг-1-ийг хэр­хэн ашиглах талаар яриг­даагүй байгаа. Эдгээрийг бүгдийг нь ашиг­лаж байж л Тавантолгой бүрэн ут­гаа­раа эргэлтэд орох юм. Харин энэ боломж Зүүн Цанхи дээр IPO гаргаж байж бүрдэх байв. “Тавантолгой майнинг” Зүүн Цанхи дээр IPO гаргах ажлыг л хариуцаж байсан билээ.

Бид Тавантолгойг авч үлдлээ, гэхдээ олигархиудад өгөх гэж авч үлдлээ

IPO-г зогсоосон нөхдүүд “Тавантолгойг хятадуудад өгөх гэж байна” гэсээр санасандаа хүрсэн. Үнэндээ бол IPO гаргах үйл явцыг гадарладаг хүнд бол энэ инээдтэй асуудал. Хувьцааг анхдагч зах зээл дээр гаргасны дараа худалдан авагчдаас санал ирүүлдэг. Хэнийх нь захиалгыг биелүүлэхээ “Тавантолгой майнинг” шийднэ. IPO босгох 30 хувийг 100 хувь гэж үзвэл 100 хөрөнгө оруулагчид нэг, нэг хувиар нь өгсөн ч болохоор байсан. Хоёрдогч зах зээлд гарсан хойно бол хятадуудын хувьцаа цуглуулахыг нь хэн ч зогсоож чадахгүй нь мэдээжийн асуудал байв. Ер нь бол Хятадууд Тавантолгойн тендерт байнга давуу байдалтай оролцож ирсэн. Баруун Цанхийн тендер хоёр удаа болоход БНХАУ-ын “Шенхуа” хоёуланд нь ялсан төдийгүй дээр өгүүлсэн далай багшийн айлчилсан хүнд үед хийсэн хэлэлцээрийн үеэр Тавантолгойд бүхэлд нь цогц төсөл хэрэгжүүлэх санал тавьж байсныг дурдаж болно.        

Тэгэхээр бид Тавантолгойгоо хэнээс аварч үлдсэн хэрэг вэ. Хятадуудаас лав биш гэдгийг эрхэм уншигч ойлгосон гэж найдна. Харин ч олигархи бүлэглэлд үлдээчихсэн байж мэднэ.

Санаж байгаа бол УИх “Стратегийн ордын жагсаалт”-ыг анх батлахад 15 ордыг багтааж, ард нь 39 ордыг жагсаасан байдаг. Зүй нь, өнгөрсөн 13 жилд эдгээр ордууд ээлж дараалан ашиглалтад орж, бид өнөөдөр Тавантолгойн 1072-оос 90 000 төгрөг авч байгаа жишгээр өөр 14 ордоос мөн ноогдол ашиг аваад зогсож байх байв. гадныхан Монголыг “Ирээдүйн Катар болно” гэсэн нь ердөө энэ боломжийг л харсан хэрэг.

Гэтэл олигархиуд баялгийн төлөө тэмцэж эхэлснээр монголчуудын мөрөөдөл ч замхарсан юм. Төр стратегийн орддоо заавал хөрөнгө оруулж байж хувь эзэмшихээр болгож зальдаад Цагаан суваргын ордыг хэрхэн авсныг бүгд санаж байгаа байх. Энэ ов мэхнээс болж төр Цагаан суварга дээр 350 сая ам.доллар гаргах хэрэгтэй болж, улмаар хувь эзэмшихээс татгалзсан билээ.

Цагаан суваргыг дундаж гэж үзвэл Монгол Улс Стратегийн ордын жагсаалтад багтсан 39 орд дээрээ 15 тэрбум ам.доллар төлж байж бүх ордынхоо 34 хувийг цуглуулах болсон. Энэ бол үнэнийг хэлэхэд энэ зуундаа ч бүтэхгүй, монголчуудыг басамжлан доромжилсон зүйл байсан юм. Тэгэхээр бид Тавантолгойг өөрсдөдөө авч үлдээгүй, харин сонгуулийн дараа эрх мэдлийг гартаа авахаар санаархаж байгаа олигархи бүлэглэлд л авч үлдсэн гэдгийг баттай хэлэх байна.

Засгийн газраас Баялгийн сан байгуулах, Стратегийн орд газрын жагсаалтыг шинэчилж, нэр бүхий ордуудыг нэмэх, улмаар Тавантолгойг хөдөлгөсөн орлогоороо тэдгээр ордыг ээлж дараалан ашиглах ажил эхэлж байх эгзэгтэй цагт ийм зүйл болсон нь харамсалтай. Монгол Улсын иргэд Стратегийн бүх ордынхоо хувь эзэмшигч болох энэ ажлыг түр саатуулсныхаа төлөө Д.Цэгмэд мэтийн нөхдөд хариуцлага тооцох цаг ирнэ. 

ШИНЭ МЭДЭЭ