Дэлхийн эрүүл мэндийн 73 дугаар ассамблей виртуал хэлбэрээр хуралдаж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 халдварыг дэлхийн хэмжээний цар тахал гэж зарласантай холбогдуулан энэ жилийн ээлжит 73 дугаар ассамблейг энэ сарын 18-19-ний өдрүүдэд виртуал хэлбэрээр зохион байгуулж байна.
ДЭМБ-ын шийдвэр гаргах хамгийн дээд түвшний механизм нь Дэлхийн эрүүл мэндийн ассамблей бөгөөд түүнд 194 гишүүн улс багтдаг. ДЭМБ нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хувьд гишүүн улс орнуудын эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бодлого, арга зүйгээр хангах, хүний эрүүл мэндийг сахин хамгаалж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын байгууллага юм.
Уламжлал ёсоор жил бүрийн 5 дугаар сарын 3 дугаар 7 хоногт Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн ассамблей чуулдаг боловч энэ жилийн хувьд дэлхийн бүх улс орон, нутаг дэвсгэрийг хамарсан COVID-19 халдварын тархалтын улмаас анх удаа мэдээллийн технологийг ашиглан виртуал хэлбэрээр чуулж байна. Гишүүн улс орнуудад халдвар дэгдэж, нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед хэлэлцэх асуудлын жагсаалтыг хураангуйлж, зөвхөн COVID-19 цар тахлын сэдвээр төлөөлөгчдийн тэргүүн үг хэлэх ба Ассамблейн бусад хороод чуулахгүй юм.
Энэ удаагийн чуулганд онлайнаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэ удаагийн Ассамблейн үйл ажиллагааг өмнөх Ассамблейн Ерөнхийлөгч нээж, шинээр Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгч нарыг сонгов. Энэ удаагийн Ассамблейн Ерөнхийлөгчөөр Бахамасын худалдааны яамны сайд Кева Бейнийг сонгов. Энэ жилийн Ассамблейд БНХАУ-ын дарга Си Жинпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Мүн Жи Ин, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель зэрэг хүндэт зочид оролцлоо. Ассамблейн гол сэдэв нь КОВИД-19.
БНХАУ-ын дарга Си Жинпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үг хэллээ. Ерөнхийлөгч нар энэ аюулыг хамтын хүчээр давах, КОВИД-19-ын эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ удирдах ёстой гэсэн бол Мүн Жэ Ин:-хувь хүний эрх чөлөөг бүгдийн эрх чөлөөгөөр сольж бид Коронавирустэй амжилттай тэмцэж байна. Бид 29 сая сонгогчоо маш хатуу дэглэмийн дор санал өгөх боломж бүрдүүлж парламентын сонгуулиа хийлээ гэв. А.Меркель нэг улс дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэж мэдэгдлээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус COVID-19 цар тахлын дэлхий нийтийн чиг хандлага, өвчлөлийн явц, тулгарч буй сорилтуудын талаар товч илтгэл тавьлаа. Тэрээр хэлэхдээ:- Дэлхий цаашдаа хэзээ ч хуучин шигээ байхгүй. КОВИД-19 эхэлж байхад улс орнууд бүх зүйлээ мэдэж байгаа гэж бодож байсан. Гэвч аль ч улс орон бэлэн биш байжээ. Нөхцөл байдал амаргүй байна. Урт хугацаа ч шаардах байх. Коронавирустэй тэмцэх шидэт арга бидэнд алга. Гар барих төдийд л амь насанд аюул учрах ийм нөхцөлд бид байна.
Геополитик, цөлжилт, цаг уурын өөрчлөлт биш өчүүхэн жижиг вирус биднийг "байранд" нь тавьлаа. Бидний ертөнцөд хүн амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус харанхуйд ч чимээгүй "ажлаа" хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж огт болохгүй. ҮНДЭСНИЙ ТҮВШИНД ЭВ НЭГДЭЛ, ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь хэзээ хэзээнээс илүү чухал байна. Эрүүл мэнд бол тансаглал биш хэрэгцээ юм. Хэн эрүүл мэндэд хөрөнгө оруулна тэр хөгжинө. Энэ бол зардал биш зүгээр л хөрөнгө оруулалт. Эв нэгдлийн бүрээг илүү чанга үлээх нь бүх зүйлийг боломжтой болгодгийг та бид 40 жилийн өмнө цагаан цэцэг өвчнийг устгахдаа баталсан . Илүү аюулгүй, илүү шударга, илүү эрүүл дэлхийн төлөө хамтдаа зүтгэцгээхийг уриаллаа.
Өнөөдөр 18 цагаас эхэлсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей цагийн зөрүүгээр маргааш өглөөний 06 цаг хүртэл үргэлжилнэ. Ассамблейд 194 орны 3000 төлөөлөгч онлайнаар оролцож байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 02 цагт коронавирусийн нөхцөл байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.