МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа
2020.06.02
Улстөр

МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлт яг одоо /2020.06.02/ Тусгаар тогтнолын ордонд болж байна. Намын удирдлагууд 76 нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулж өглөө.

МАН-ын 76 нэр дэвшигчээс 40 гаруй  нэр дэвшигч өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бол үлдсэн нь орон нутагтаа очиж  сурталчилгааны нээлтээ нэгэн зэрэг хийлээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигчдэдээ хандаж хэлсэн үгэндээ  "Монгол ахан дүүсээ та бид төрийн эрх дээд байгууллага УИХ-ыг сонгох байгуулах хариуцлагатай цаг үетэй учран золгож байна. Дөрвөн жилийн өмнө Монгол Улс дэлхийн нийтэд дампуурлаа зарлахад бэлэн, төр засаг тархай бутархай, төрийн сүлд бөхийж, түмний нуруу хотойсон хүндхэн цаг үе байсан.

Шийдэх ёстой олон тулгамдсан асуудалтай манай Засгийн газар нүүр тулж байсан. Тэгвэл төсөв санхүүгийн чанга бодлого явуулсны үр дүнд эдийн засаг 7.3 хувь болж өслөө. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын өр зээл таван их наяд төгрөгийн өрийг дарлаа. Бид үр хүүхдэдээ өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байна. Улсын эдийн засаг ч босож байна. Манай гадаад худалдааны эргэлт, экспортын хэмжээ 2018, 2019 онд дээд хэмжээндээ хүрлээ. Энэхүү ололт амжилт ахиц дэмжлэгийг хамтдаа бүтээсэн татвар төлөгчдөдөө баярлалаа.

Манай Засгийн газар энэ хугацаанд газрын тосны болон гангын үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, төв цэвэрлэх байгууламж, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ард түмнээ соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарч ажиллалаа. Соёлын яамны шинээр байгуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Хүүхдийн мөнгө, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмлээ. Алдагдсан Салхитын мөнгөний ордоо төрийн мэдэлд авлаа. Энэ бол газар нутагтаа эзэн болж байгаагийн илрэл гэж бодож байна.

Улаанбаатарын утааг 50 хувь бууруулж чадлаа. Энэ жил Сайн түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатарын утааг 80-90 хувь бууруулна. Нийт ард иргэддээ Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж байна. Бид нам дамжсан бизнес, олигархуудтай тэмцэж байна. Энэ бол ард түмний захиалга гэж ойлгодог. Энэ хүсэлтийг биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байх ёстой. Байгалийн орд газруудаа төр, улсдаа эргүүлж авлаа. Энэ удаагийн сонгууль амаргүй үед явагдаж байна. Коронавирустэй тэмцэх шидэт арга алга. Сонор сэрэмжээ огт алдаж болохгүй. Гэвч дотооддоо алдалгүй барьж, эрүүл мэндээ хамгаалж байгаа чадаж байгаа цөөхөн улсын тоонд багтаж байна. Тангараг өргөсөн бүх хүмүүстэй гүн талархал илэрхийлж байна. Цаашид ч мэргэжлийн өндөр түвшинд ажиллах болно. Монгол Улсынхаа төлөө хамтдаа хүчээ нэгтгэе. Эхэлсэн ажлаа дуусгахад надад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй байна.

Утаанбаатар гэж цоллогдож байсан нийслэл хотоо Улаанбаатар хот болгон эргүүлэн авчрах их үйлсийн төлөө зориг гарган зүтгэсэн бидний зүтгэлийг дэмжиж, сэтгэл зүрхээрээ хамтдаа байсан ард түмэн, нийслэлчүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье. Цаашид төрөлх сайхан нийслэл хотоо Азийн цагаан дагина болгохын төлөө хамтдаа хүчээ нэгтгэн зүтгэцгээе. Эрхэм хүндэт иргэд, сонгогчдоо Улаанбаатарын утаа сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэллээ. Нам дамжсан улс төр бизнесийн олигарх, бүлэглэлүүдтэй бид тэмцэж байна. Энэ бол ард түмний захилга. Энэ бол улсын аюулгүй байдал. Энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл гэж би ойлгодог.

Энэ тэмцлийг манай иргэд уухайлан дэмжиж, тэсгим хүйтэн өвлийн 30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа их жанжныхаа талбайд цуглаж шударга ёсны салхийг сэвэлзүүлснийг та бид санаж байгаа. Тэр үед бид ядарч байна, өлсөж цангаж байна, цалин мөнгө тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүл гэж огт шаардаагүй. Тэд ганцхан зүйлийг шаардсан нь шударга ёс. Шударга сайхан нийгэмд л амьдрахыг ард түмэн минь хүссэн юм. Тэд баялагтаа, эх орондоо эзэн нь байхыг хүссэн юм. Тэд ирээдүй үр хүүхэддээ сайхан Монгол орныг үлдээхийг хүссэн юм. Энэ хүсэлтийг биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байх ёстой" гэлээ. 

Булган аймагт нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Булган хангай нутагтаа дахин итгэл дааж, ачаа татах их үүрэг хүлээж Монгол ардын намаас нэр дэвших батлахаа гардлаа. Нутгийн зон олон, аавын минь хүй цөглөсөн өвгөдийн нутаг Намнан хайрхандаа сүслэн очино. УИХ-ын сонгуульдаа жудагтай сайхан өрсөлдье. Би бусдыг муулахгүй бас гүтгэхгүй, аав ээж, ах дүү, нутаг усыг нь доромжлохгүй. Бодлого, зарчимтай өрсөлдье гэж бусдадаа урилж хэлмээр байна. Сонгуульд нэр дэвшин өрсөлдөх бүх хүмүүстэй амжилт хүсье. Монгол төрийн босго өндөр билээ. Намынхаа мөрийн хөтөлбөрт хэн итгэж, хэн багаараа ажиллаж чадах вэ тэр хүн нийгэмдээ илүү ихийг хүргэж чадна гэж би хувьдаа боддог. Нийгэмд хамгийн их өгөөж өгдөг зүйл бол эрдэм шингэсэн аж үйлдвэрийн салбар, үйлчилгээний салбар, ХАА гээд эрдэм шингэсэн аливаа юм  бүхэн илүү олон хүнд хүрч чадна. Тэгэхээр энэ асуудлуудад би илүүтэй төвлөрч ажиллана.

Нэр дэвшигч Д.Цогтбаатар: Өнгөрсөн хугацаанд миний бие тойргийнхоо залуучуудыг гадаадын их, дээд сургуулиудад хамруулах тал дээр нэлээд анхаарч ажиллаж, олон залууст гаднын сургуулиудад суралцах боломжийг нь нээж өгсөн. Энэ бүхнээ үргэлжлүүлэх болно. Яагаад би энэ асуудалд анхаардаг вэ гэвэл боловсрол эзэмшсэн хүн өөрөө өөрийгөө аваад явчихдаг. Мөн гэр бүл үр хүүхэд, цаашлаад нийгмийнхээ боловсролд анхаарч тэр хэрээр нөлөөлөл нь олон хүнд  хүрдэг учраас  боловсролын хөрөнгө оруулалт бол хамгийн урт хугацааны хамгийн үр өгөөжтэй нь. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулалтыг хийж, илүү олон залуучууд  гаднын боловсролыг тогтолцооноос мэдлэг олж авах тал дээр би анхаарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ