МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Арц суурь боомтыг авто замаар холбох төлөвлөлтийг Тэсийн иргэд дэмжиж байна
2020.06.11
Улстөр

Арц суурь боомтыг авто замаар холбох төлөвлөлтийг Тэсийн иргэд дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар Завхан аймгийн Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сумдад иргэд, сонгогчидтой уулзлаа. Эдгээр сумд нь тус аймгийн хойд хэсэгт хамаарах бөгөөд төвөөсөө алслагдсан учраас эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээ хүртээмжтэй байж чаддаггүй байна. Тиймээс төрийн шийдвэр энд ч энгийн нэг малчны гэр бүлд хүрдэг, залуучууд ч хот хөдөөгийн ялгааг амсахгүй зэрэгцэн хөгжих боломжийг бүрдүүлэх цаг болсон гэдгийг иргэд онцолж байна. 

Түдэвтэй суманд сургууль, соёлын төв шинээр барих нэн шаардлагатай байгаа бөгөөд нэр дэвшигч Б.Баярсайхан нь боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын салбарт ажиллаж байсан туршлагатай хүний хувьд энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж өгөхийг иргэд хүслээ. УИХ-ын сонгуулиас өмнө улс орон даяар явуулсан судалгаагаар Завханчууд шударга, ёс зүйтэй, хариуцлагатай шинэ хүнийг сонгохыг хүсэж буй нь судалгааны дүнгээр харагдсан байна. Монгол Улсын Ерөнхий сайдын багт энэ шаардлагыг хангасан, улс төрд удаагүй, шинэ хүмүүс багтаж, Завхан нутагт нэр дэвшиж ирсэнд нутгийн иргэд талархан хүлээн авч байна.

Баянхайрхан сум уул, гүвээ толгод ихтэй тал хээр нутагтай тул мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой сум юм. Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Монгол мал-2, Монгол Малчин, Атрын 4 дүгээр аян зэрэг мал аж ахуй, газар тариалангийн салбарын томоохон аян, төслүүд тусгагдсанд малчид, иргэд талархаж байна. Тус суманд 2018 онд суманд 160 хүүхдийн хичээлийн байр, спорт заалыг улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан. Шинэ хичээлийн байранд 260 орчим хүүхэд суралцаж байна. Өмнө нь хуучин байрандаа хоёр ээлжээр анги танхим хүрэлцээ муутай хичээллэдэг байсан бол шинэ байр ашиглалтад орсноор нэг ээлжээр хичээллэдэг болсон тухай сургуулийн удирдлагууд хэллээ. Мөн 70 жил тасралтгүй иргэдээ соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж байсан Соёлын төвийн байрыг шинээр барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Малчдын хүүхдүүд сургуулийн дотуур байрандаа тав тухтай амьдарч, сурч хөгжих боломжийг бий болгох чиглэлд нэр дэвшигч Б.Баярсайхан салбарын яамны төрийн нарийн бичгээр ажиллах хугацаандаа гол анхаарлаа хандуулж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөрт ч алслагдмал аймаг сумдад байгаа сургуулийн дотуур байрны хүүхэд амьдрах орчинд анхаарч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах тухай тусгасан нь хамгийн нүдээ олсон ажил болохыг онцоллоо.

Завхан аймгийн Тэс сумын нутаг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улстай хиллэн, хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай автозамын Арц суурь хилийн боомт байрладаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт Арц суурь боомтыг Нөмрөг сумтай, Улиастай хотыг Алтай хоттой, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдыг Тосонцэнгэл – Улаангом чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замтай холбохоор тусгаад байна. Ингэснээр тус боомтоор нэвтрэх бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж, үүнийгээ даган ОХУ-аас импортолж байгаа худалдаа, хүнсний болон ахуйн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагтаа хямдрах боломжтой болох юм.

Тэс сумын иргэд мал, малчид нь уг сумандаа байдаг ч газар нутаг нь Баянтэс суманд харьяалагддаг тул сумдын хилийн заагийг тогтоож өгөхийг хүсэж байлаа. Мөн нэгэн үе Тэсийн тэжээлийн аж ахуй байх үед газар тариалан эрчимтэй хөгжиж байсан үе бий. Өнөөдөр тариа тарих газаргүй болсон тухай иргэд хэлж байна.  

Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сумын иргэд, сонгогчид МАН-ын дарга У.Хүрэлсүхийн багийг дэмжиж, өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлж эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх, шинэ бодлого, шинэ ирээдүйг хүсэж байгаагаа илэрхийлж, ерөнхий сайдтайгаа хүчээ нэгтгэнэ гэдгээ хэлж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ