МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
2020.07.02
Улстөр

Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж дэмжив.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо ажилладаг.

Дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Харин Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй, онцлог дэд хороо юм.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.

Дэд хорооны бүрэлдэхүүний талаарх МАН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, хуульд заасны дагуу тус дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон гишүүдээс бүрдэх, тэгэхдээ сонгогдсон дарааллыг нь харгалздаг өмнөх жишгийг баримтлах нь зүйтэй гэж бүлэг үзэж буйгаа дурдав.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хуралд 6 удаа сонгогдсон гишүүн Н.Энхболд, 5 удаа сонгогдсон гишүүн С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, харин 4 удаа сонгогдсон 8 гишүүнээс сонгогдсон дарааллын нь дагуу Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тогтжээ. Мөн өмнө нь Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Улсын Их Хуралд 4 удаа сонгогдсон бие даагч гишүүн Н.Алтанхуягийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан ч өөрөө татгалзсан гэдгийг МАН-ын бүлгийн дарга хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд /6 удаа сонгогдсон/, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ /тус бүр 5 удаа сонгогдсон/, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил /тус бүр 4 удаа сонгогдсон/ нарыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар санал нэгтэй дэмжив.

Энэ асуудлыг Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ