МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Энх-Амгалан: Дарханы замын ажлыг дотоодын компани гүйцэтгэх боломжгүй
2020.07.03
Зам, Тээвэр

Б.Энх-Амгалан: Дарханы замын ажлыг дотоодын компани гүйцэтгэх боломжгүй

Эх сурвалж. Үндэсний шуудан, Б.Бадралмаа

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Та  парламентад хоёр дахь удаагаа сонгогдлоо. Ирэх дөрвөн жилд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Нутгийн ард түмэн минь надад итгэл үзүүлж, УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонголоо. МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа олон эрдэмтдийн санаа бодлыг сонсож, хэлэлцэж боловсруулсан. Монгол Улсаа урт, дунд, богино хугацаанд хөгжүүлэхээр төлөвлөсөн. Бид “Хөгжлийн хөтөлбөр-2050”-ийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Улс оронд тогтвортой хөгжил хэрэгтэй. Энэ удаагийн сонгуульд ард түмэн бидэнд итгэл үзүүлж, У.Хүрэлсүхийн багийг багаар нь сонголоо.

Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. Тиймээс бид хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ үе шаттай хийхээр төлөвлөж байна. Ялангуяа хөдөө орон нутаг руу чиглүүлсэн олон бүтээн байгуулалтын ажил бий.

-Говь-Алтай аймгийн иргэд танд итгэл хүлээлгээд дахин сонгожээ. Иргэдтэй уулзаж байхад ямар санаа илэрхийлж байх юм?

-Баруун нутгийн хөгжлийн төлөө ажиллах хариуцлагатай ажил ногдсон. Манай тавдугаар тойрог Говь-Алтай аймаг алслагдсан, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай газрын нэг. Иймд Говь-Алтай аймаг руу чиглэсэн томоохон ажил хийнэ. “Нутгийн зам” хөтөлбөрөө хэрэгжүүлж, Говь- Алтай дулааны цахилгаан станц барих, томоохон үйлдвэр барихаар төлөвлөсөн. Мөн дэд бүтцийн олон ажлыг шат дараатай хийх юм. Түүнчлэн алслагдсан сум сууринд ерөнхий агаарын тээврийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд жижиг оврын онгоц нисэж эхэлсэн. Энэ нь Алтайн өвөр говьд амьдарч байгаа алслагдсан хязгаар нутагт буй иргэдийн аюулгүй орчинд зорчих, тэдэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх бололцоо боломж бүрдэж байгаа юм.

-МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах, банкны салбарт шинэчлэл хийх талаар тусгасан байсан. Үүнийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой юу?

-Банкны шинэчлэл хийж байж, зээлийн хүүг бууруулна. Урт хугацааны тогтвортой хөгжлийн зээл олгох асуудлыг шат дараатай шийдэх ёстой. Үүний дараа ард иргэдээ орон сууцжуулах, бага дунд орлоготой иргэдийг ипотекийн зээлд хамруулах, хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангах, бага зардлаар дэд бүтэцтэй болгох, орлогод нийцсэн орон сууцтай болгохоо амласан. Мөн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд шинэ дагуул хотууд байгуулна. Бүсчилсэн хөгжилд анхаарч, хөдөөнөөс Улаанбаатар руу чиглэсэн нүүдлийг багасгах, хөдөө рүү суурьших бодлого баримтална. Дагуул хот байгуулахад дэд бүтэц, ложистикийн зэрэг олон ажлыг хийх шаардлагатай.

-Өнгөрсөн онд УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Засгийн газрын гишүүд төсвөө баталж, зарцуулахаар байгаа шүү дээ. Энэ талаарх таны байр суурийг сонирхоё?

-Үндсэн хуульд бид маш зоригтой өөрчлөлт оруулж, өмнө нь байсан дордуулсан долоон заалтаа зассан. Засгийн газрын тогтвортой байдлын хангах чиглэлээр тодорхой заалтууд орсон. Өмнө нь Засгийн газар 1.8 жил настай, тогтворгүй байлаа. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох эрхтэй болсон. Мөн УИХ-ын гишүүдийн давхар дээлний асуудлыг цэгцэлж, гишүүдийн төсөвт оролцдог, өөрийн тойрогтоо их төсөв татдаг байдал байхгүй болж байгаа. Шүүх засаглалын ажил тогтвортой болсон. Шүүхийн тогтвортой, хараат бус байдлын бүрдүүлснээр нийгэмд  шударга ёс тогтоох нөхцөл бүрдэж байгаа юм.

-Шинээр байгуулагдах Засгийн газар юунд анхаарах ёстой вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйтэй, өндөр боловсролтой, төрийн ажлын дадлага туршлагатай хүмүүсийг Их хуралд дэвшүүлсэн. Энэ багт ард түмэн итгэлээ. Одоо мэргэжлийн Засгийн газар, мэргэжлийн сайд нар ажиллана. Дээр нь дөрвөн бодлогын яам давхартай дээлтэй байна.

-Энэ хугацаанд та Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллалаа. Цаашдаа энэ салбарт хийж хэрэгжүүлэх ямар ажлууд үлдсэн бэ?

-Зам, тээврийн салбарт 133 томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусах шатандаа орсон. Бүх аймгуудаа хатуу хучилттай автозамаар холбосон. Томоохон төсөл хөтөлбөр болон төмөр замын Үндэсний бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж байгаа. Мөн хоёр, гурав дахь шатны томоохон бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Одоо Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажил дууссаны дараа Алтанширээт-Сүхбаатар, Сүхбаатар-Дорнод руу чиглэсэн хэвтээ тэнхлэгийн төмөр замын ажил эхэлнэ. Мөн баруун босоо тэнхлэгийн замууд бий. Энэ мэтчлэн зам, тээврийн салбарт хийх олон ажил байна.

-Улаанбаатар-Дарханы замын ажил удааширч, олон нийтийн дургүйцлыг төрүүлж байгаа. Энэ замыг хэзээ ашиглалтад оруулах вэ?

-Дарханы зам олон улсын төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. Тиймээс ерөнхий гүйцэтгэгчээр гаднын компани ажиллаж байна. Харин туслан гүйцэтгэгчээр ажиллах саналаа манайхаас өнгөрсөн жилд 24, энэ жил 11 компани өгсөн. Туслан гүйцэтгэгч компаниудаас 3000 гаруй ажилтан алба хаагч, инженер техникийн ажилтнууд, 600 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Замын ажил коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогссон.

Гол санхүү, технологио мэддэг хүмүүс нь гүйцэтгэгч компанийнхан. Тэгэхээр энэ хүмүүс ирж байж ажил үргэлжилнэ. Олон улсын төсөл хөтөлбөрийн дундуур орж, дотоодын компаниар ажлыг нь хийлгэх боломж бидэнд байхгүй. Өөрийн гэсэн дүрэм журамтай. Үүнийхээ дагуу явна. Ажил нь зогсож, хойшлоод эсвэл энэ ажлыг хийхгүй алга болчихсон юм биш. БНХАУ-аас тус ажлыг гүйцэтгэх компанийн ажилчдад манайх ирүүлэх зөвшөөрлөө өгөөгүй байгаа юм билээ. Ажлын гэрээ нь нэг жилийн хугацаатай байсан. Гэхдээ гэрээнүүд дахин сунгагдах байх. Графын дагуу ажиллавал энэ хугацаандаа хийж, гүйцэтгэх боломж бий.

ШИНЭ МЭДЭЭ