Эрүүл мэндийн салбарын ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай хэлэлцүүлэг боллоо
2020.07.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Эрүүл мэндийн салбарын ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр буюу /2020.07.29/-нд Эрүүл мэндийн яамны "А" танхимд “Эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны дарамт, хүчирхийлэл”-ийн тухай судалгааны дүнг танилцуулж, цаашид авах арга хэмжээний чиглэлээ гурван талаараа тогтсон хэлэлцүүлэг боллоо.

Тодруулбал Европын холбооны дэмжлэгтэйгээр МҮЭ-ийн холбоо, ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байрны төлөө” мэдээллийн кампанит ажлын хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос явуулсан судалгааны дүн, эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны дарамт, хүчирхийлэлд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн уулзалт болов.

Тус хэлэлцүүлэгт МҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, МЭМАҮЭ-ийн холбоо, МХХЭМБНХ-дын удирдлага, ажилтан, ҮЭ-ийн сонгуультнууд оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нар нээлтийн үг хэлж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг болох ажлын байрын дарамт, хүчирхийллийн тухай асуудалд нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллаж дорвитой арга хэмжээ авах ёстой талаар дурдаж байлаа.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенц, 206 дугаар зөвлөмж мөн энэ хүрээнд хийгдэж буй мэдээллийн кампанит ажлын талаар” танилцуулж, Төслийн үндэсний зөвлөх Н.Монголмаа “Эрүүл мэндийн салбар дахь ажлын байрны дарамт, хүчирхийллийн судалгаа”-ны үр дүн, зөвлөмжийн талаар тус тус мэдээлж оролцогчдын сонирхсон асуултад хариулав.
Ийнхүү нийгмийн түншлэгч талууд тус хэлэлцүүлгээс гарах зөвлөмжид өөрсдийн байр сууриа илэрхийлж зөвлөмжийн төслөө хэлэлцэн баталснаар энэ удаагийн эрүүл мэндийн салбарын ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай хэлэлцүүлэг өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ