Дорноговь аймагт ажиллалаа
2020.08.11
Орон нутгийн хөгжил

Дорноговь аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймгийн Алтанширээ сумаас Баруун-Урт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай 2020 оны 8 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарсан боловч Коронавирусын цар тахлын улмаас “Эхийн алдар” одонг эх үрсийн баяраар гардуулаагүй хойшлуулсаар Монгол улсын Ерөнхийлөгч Дорноговь аймгийн 203 ээжид “Эхийн алдар” одонг өөрийн биеэр гардуулан өглөө.

Тэрээр"Хүүхэд бол бидний залгамж ирээдүй, Монгол Улсын хамгийн үнэт баялаг, өрх бүрийн гэрэл гэгээ, аз жаргал, утга учир болсон эрхэм нандин эрдэнэ билээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм. Мөнх тэнгэрийн хүчин дор өрх гэр бүхэнд энхрий үрсийнх нь аз жаргалтай дуу хадаж, эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болж өсөн торних болтугай" гэж алдарт эхийн одон авсан эхчүүдэд хандаж баяр хүргэлээ.
Тус аймагт ажиллах үеэрээ тэрбээр тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Тус өдрүүдэд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн хамт Сайшанд сумын 1,2 дугаар багуудад Америкийн элчин сайдын яам болон Арабын нэгдсэн Эмират улсын хөрөнгө оруулалтаар баригдаж буй цэцэрлэгүүд, мөн орон нутгийн төсвөөр 6-р багт хийгдэж байгаа нийтийн талбайн бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцлаа.
Улмаар гүйцэтгэгч компани болон холбогдох албаны хүмүүст чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай хийж ашиглалтад оруулахыг чиглэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ