Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
2020.08.14
Улстөр

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн саналыг үндэслэн боловсруулсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй.

Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодитой нөхцөл байдал бий болно. Дунд хугацааны зорилтууд хэрэгжсэнээр ард иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй чанартай хүргэх, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, байгаль орчныг хамгаалан, бүс, орон нутгийг хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Мөн эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн МЕГА төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ