МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: БОАЖЯ “агаарт ажилладаг”, аргадаж учирлахаас өөр эрхгүй байж болохгүй
2020.08.17
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Д.Сарангэрэл: БОАЖЯ “агаарт ажилладаг”, аргадаж учирлахаас өөр эрхгүй байж болохгүй

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


Эх сурвалж: Өглөөний сонин  Сэтгүүлч: Ц.Цэвээнхэрлэн

БОДЛОГЫН АЛДААНЫ ХОХИРОГЧ НЬ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БОЛДОГ

-2000 оны үед БОЯ-нд газрын алба гэж байсан. Гэтэл Ерөнхий сайдын мэдэлд очоод, дараа нь БХБЯ руу шилжсэн. Удалгүй МХЕГ-т байгаль орчны хяналтыг бас нэгтгэсэн. Ингэснээр яам “шүдгүй арслан, эхгүй хүүхэд” шиг өнөөдрийг хүрч байна. Тодорхой хэлбэл, өнгөрсөн 20 жилд байгаль орчны салбарт энэ тогтолцоо үр дүнгээ өгөхгүй байгаа нь харагдлаа. Энэ алдааг засах талаар олон жил ярьж байгаа ч шийдэж чадахгүй, магадгүй шийдүүлэхийг хүсэхгүй байна. Та ямар алхам хийх вэ?  

-Байгаль орчны яамыг газраас нь салгаж ойлгож яаж болох вэ дээ. Энгийн түвшинд ч ойлгогдохгүй. Агаарт ажилладаг болж таарч байна. Яамны бодлогыг сүүлийн найман жил барьж ажилласан газрын дарга маань гавъяаныхаа амралтанд гарах гэж байгаа юм байна.

Тэгээд шинэ сайддаа сануулж хэлсэн хэдэн чухал зүйлийн нэг энэ. Шүүмжлэл нь бүгд яаманд хаяглагддаг ч газрын асуудлыг гол нь Барилга, хот байгуулалтын яам, нийслэл, орон нутаг гээд олон байгууллага зэрэг мэддэг, зөвшөөрөл олгохоос гадна хоорондын уялдаа холбоо хангалтгүй явж иржээ. Үүний горыг иргэд, аж ахуйн нэгж амсаж, эрсдэлд ордог.

Хоёр жишээ татъя. Хойшоо зуслангийн замд татмын нугад  үйлчилгээний төв барьсан нь барилгын бат байдалд эрсдэлд үүсэхээс гадна голын усны нөөцийг даржээ. Үерийн усны далан буулгаж барилга барьсан учраас бороо орохоор хороолол усанд автдаг явдал ч байна.

Энэ бол зөвхөн энэ орон сууцны асуудал биш. Хамгаалалтын далангийн урд барьсан  учраас их хэмжээний үер хот руу орж ирэх аюултай. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй, дураараа дургиж газар олголт хийх нь ямар эрсдэлтэй болохыг энэ хоёр баримт илтгэнэ. Мэргэжилтний хэлсэн үг энэ.

Хамгийн аюултай нь ийм баримт хоёроор тогтохгүй. Тиймээс БХБЯ хот суурин газрын асуудал дээр л яамтай хамтарч ажиллах нь оновчтой гэж мэргэжлийн хүмүүсийн хэлээд буйг бид чихнийхээ хажуугаар өнгөрөөж боломгүй. Барилга, байгууламжуудыг барьж байгуулах, ашиглалтын ангиллаар нь тооцож нягтлах зэрэг асуудлыг хариуцдаг утгаар нь газрын албыг БХБЯ-нд шилжүүлсэн байдаг.

Ой, ус, амьтан, ургамал, эрдэс баялаг гээд байгаль орчны бүхий л үзэгдэл  юмсын оршин тогтнох гол нөхцөл, эх суурь нь газар юм. Тиймээс газрын бодлого яамны салшгүй, маш чухал асуудал. БОАЖЯ аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэрийн газрыг товлох, улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг удаа дараа тавьсан ч шийдэгдээгүй байна. Энэ мэтчилэн яамны дэргэд газрын асуудал хариуцсан алба байх шаардлага бодитой бий.

Бид яамны шинэ бүтэц хийж байна. Үүнд, байгаль орчны хамгаалал, зүй зохистой ашиглалтад ач холбогдолтой газрын асуудал, бодлого хариуцсан нэгжтэй болно. Үүнээс гадна байгаль орчинд хяналт тавих, гарсан зөрчлийг таслан зогсоох чиг үүрэг яаманд алга. Энэ нь МХЕГ-ын эрх хүрээний асуудал болж, харин шүүмжлэлийг нь яам үүрдэг зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагааны уялдааны хүрээнд том эрх ашгаа тооцож шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Жишээ нь, уул уурхайн компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааг илрүүллээ ч техник, тоног төхөөрөмжийг лацдаж түдгэлзүүлэх эрхгүй. Энэ асуудлыг ул суурьтай судалж, шийдвэрлэх шаардлагатай.

-Салбарынхны хамгийн их эмзэг­лэдэг, шүүмжлэлтэй ханддаг асуудал нь БОАЖЯ-ны хүний нөөцийн бодлого. Мэргэжлийн, туршлагатай боловсон хүчин нь үе үеийн сайд нарын үзэмжээр халагдаж, солигдсоор чадваргүй багтай үлдсэн гэж. Та ЭМЯ-ыг хэрхэн зангидаж, чадварлаг баг бий болгосонтой адил энэ удаад бас зоригтой өөрчлөлт хийж чадах уу?

-Ажиллаад үзэхээр мэдэгдэнэ дээ. Байгаль орчин бол асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг, хамгийн гол нь эх оронч, газар шороогоо хамгаалдаг, ирээдүй хойчоо боддог үр хүүхэддээ хайртай хүн ажиллах ёстой салбар. Бид үр хүүхэд, ирээдүй хойчдоо хөгжил дэвшил, унаган байгаль үлдээх үүрэгтэй. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньрүйтэй уулзах үеэр урд хөрш нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх таван цогц бодлогыг тодорхойлохдоо байгаль орчныг онцолжээ. 

БНХАУ-ын дарга Си Жинпин “Ногоон уул-Цэнхэр ус” хэмээн тодотгоод, “Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд байгалийг золиослох ёсгүй. Эрүүл саруул, аз жаргал­тай амьдралын үндэс нь Ногоон уул-Цэнхэр ус” гэсэн байна. Хятадууд байгаль орчноо маш сайн хамгаалж буй талаар Элчин сайд ярьсан.

Улс орнууд байгаль орчиндоо хэрхэн анхаарч, ач холбогдлыг нь чухалчилж буй нэг л жишээ энэ. Цаашид сэтгэлтэй, чадварлаг, мэргэжлийн баг, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд, аж ахуйн нэгжтэй  хамтран ажиллаж тулгамдаж буй асуудлаа шийдвэрлээд явна. Энэ бол миний үүрэг. Тэр тусмаа Засгийн газарт мэргэжлийн, хийж бүтээх эрмэлзэлтэй залуучууд, чадварлаг баг бүрдсэн. Тэдэнтэйгээ үг хэлээ олж, ногоон хөгжлийн бодлогыг хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг маш чухал хэсэг буюу хүнээр бол зүрх нь юм. Тэрхүү үнэлгээ хэрхэн хийгдэж, хэрхэн батлагдаж, хэрхэн дагаж мөрдөхөөс их зүйл шалтгаалдаг. Гэтэл өнөөдөр БОАЖЯ-ны үнэлгээний асуудал хариуцсан хүмүүс нь өөрсдөө үнэлгээний хувийн компанитай талаар яригддаг. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж үзэх үү?

-Ер нь манай салбарын, тэр дундаа яамны боловсон хүчин, хүний нөөцтэй холбоотой асуудал их яригдаж байна. Та ч бас ноцтой асуудал хөндлөө. Мэдээлэл ч багагүй ирж байна. Танилцаж, бодитой эсэхийг судалж, баталгаажуулж байж асуудалд хандана. Үнэлгээний  асуу­дал хариуцсан төрийн албан хаагч бизнес­тэй, тэр тусмаа өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр хувийн компани­тай байх нь хуулиар хориотой, эрх ашгийн зөрчил гэж үздэг.

Ийм зөрчил бай­гаа бол таслан зогсооно. Байгаль орчны ашиглалт, хамгаалалтыг хянах гол механизм нь нөлөөллийн байдлын үнэлгээ юм. Ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнээс сэргийлэх арга зам, шийдэл, зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг энэ үнэлгээний үр дүнд гаргадаг. Аж ахуйн нэгж, байгууллага үнэлгээний дүгнэлт, арга аргачлал, таван жилээр баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Цаашид үнэл­гээний байгууллагын мэргэжлийн ур чад­варыг сайжруулах, хууль, журмын дагуу шударга ажиллаж буй, эсэхэд хяналт тавьж ажиллана.

“УРТ НЭРТЭЙ” ХУУЛЬ, УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ,

УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫГ ХАМГААЛАХ ТАЛААР ХАТУУ БОДЛОГО БАРИМТАЛНА

-Байгаль хамгаалагчийн ажлыг малчин, эсвэл нутгийн жирийн нэг идэвхтэй хүн хийнэ гэсэн ойлголттой байдаг. Мэдлэг чадвартай, боловсролтой залуу­чууд уулын мухарт очиж ажиллахгүй гэж ярьдаг. 2012 оны үед байгаль хамгаа­лагчийг чадавхжуулж, хүчтэй болгох асуудал нэлээн яригдаж байсан ч одоо бүр мартагдчихлаа. Унааны ганц морь, мотоциклтой, хэрэг зөрчлийг зогсоох, шаардлага тавих, сануулахаас өөр эрх мэдэлгүй байгаль хамгаалагчаас хэн ч айхгүй байна. Тэднийг илүү хүчтэй болгох ямар боломж байна вэ?

-Ажил аваад хамгийн түрүүнд анхаарч байгаа асуудлуудын нэгийг та хөндлөө. Байгаль хамгаалагч мэдлэг боловсролоос гадна орон нутгаа мэддэг, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн байх нь чухал. Улсын хэмжээнд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байгаагийн тал нь яамны, үлдсэн нь орон нутагт харьяалагддаг. Яамны шууд харъяа тусгай хамгаалалттай газар нутгийн  байгаль хамгаалагчдын хувьд жил бүр сургалтанд хамрагдаж, унаа, дүрэмт хувцас, аяны болон бие хамгаалах техник хэрэгслээр 3-5 жил тутамд хангагддаг.

Саяхан байгаль хамгаалагчдаа мотоциклиор хангасан. Ойрын үед машин бусад техник хэрэгслээр ээлж дараатай хангана. Мөн шалгалтанд хамруулж байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгож байна.

Бид  аймаг, нийслэлийн Засаг дарга нарт байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг хуулийн дагуу зарцуулж, байгаль хамгаалагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, орон тоог нэмэх, урамшуулал олгох шаардлага тавьж ажиллана. Яамны зүгээс МХЕГ-тай хамтран аймгуудын БОАЖГ-ын 112 байгаль хамгаалагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх өгсөн. Энэ асуудлыг 2014 оноос хойш хөөцөлдөж, энэ онд үр дүнд хүрсэн байна.

-УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн 50 гаруй хувийн эзэмшлийн “Аспайр Майнинг Лимитед” ХХК-ийн охин компани болох “Хургатай хайрхан” ХХК, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд буюу Тэсийн голын эх, ай савд нүүрс олборлолтын “Овоот” төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. Хэрвээ Тэсийн голын ай савд уул уурхайн томоохон олборлолт эхэлбэл Хөвсгөлийн мөн цэвдэгт бүс нутагт төдийгүй Завхан, Увс нуурын экосистемд сөргөөр нөлөөлж, хэтдээ асар их уршгийг дагуулахыг анхааруулдаг. БОАЖЯ энэ талд ямар байр суурьтай ажиллах вэ?

-Энэ талаар одоогоор мэдээлэлгүй байна. Яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс энэ асуудлыг хянах үүрэгтэй. Дээрх талбайнууд Усны тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу тогтоосон хамгаалалтын бүсэд хамрагдсан, эсэхийг харгалзах ёстой. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүн мөн чухал.

Тодруулаад танд хэлье. Ер нь “Урт нэртэй” хууль, Усны тухай хуулийг хэрэгжүүлэх, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, усны сан бүхий газрыг хамгаалах талаар хатуу бодлого баримтлан ажиллах болно. Ус бол амьдралын ундарга учраас хүн болгон энэ асуудалд хатуу чанга байна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар, БОАЖЯ уул уурхайн ашиглалт, хайгуулын цөөнгүй тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Засгийн газраас гарсан ямар нэг шийдвэрийн дараа ААН-үүд шүүхэд хандана, унана, ялагдана, дахин шүүхдэнэ гэх мэтээр “зууралддаг” тогтолцоо бараг ёс мэт боллоо. Тэрчлэн шүүхээр компани ялаад дахин ухдаг жишиг ч байна. Эсвэл цуцалсан лицензээ дахин өөр компанид олгодог зэрэг асуудлыг цаашид яах ёстой вэ?

-Ашиглах, хамгаалах асуудал давхар явах ёстой атал хамгаалах чиглэл хоцорч, улмаар хоцорч яваад байгаа гэж дээр хэлсэн минь энэ л дээ. Тухайлбал, Гутайн даваа-Хөмүүл голын эхийг улсын тусгай хамгаа­лалтад авсантай холбогдуулж яам дүгнэлт гаргасны үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны газраас хоёр компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Одоогийн байдлаар Архангай, Баянхонгор, Өмнөговь, Завхан, Увс, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч 34 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 43 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан байна.

Яам дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлдэг. Энд шийдвэр гарна. Гайгүй сайн хамтраад ажиллачихна гэсэн итгэл байна. Таны хэлж байгаатай санал нэг байна. Хууль зөрчсөн ч буцаад үйл ажиллагаа нь сэргэдэг жишээ олон. Захиргааны хэргийн шүүх байгаль орчныг хэрхэн яаж доройтуулж, нөхөн сэргээхгүй орхиж, гол усыг бохирдуулж, экосистемд хохирол учруулсныг газар дээр нь үзэж танилцсаны дараа шийдвэр гаргадаг байх нь чухал.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талд шийдвэр дийлэнх нь гараад байгаа нь учир дутагдалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тал талдаа дүгнэлт хийж хамтарч ажиллах шаардлагатай. Хан-Уул дүүрэгт гэхэд Туул голын орчимд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох чиглэлээр 84 компанид лиценз олгосноос 54-ийг цуцалсан ч 22 нь эргэж сэргэсэн тухай ХУД-ийн Засаг дарга мэдэгдсэн.  Аж ахуйн нэгжүүд голоос хайргыг шууд шанагадаад авч байна. Хайрга бол голын усны түвшинг хамгаалж байдаг гол давхарга.

Нөгөө талаас “...барилга болон бусад салбарын бизнест сөргөөр нөлөөлнө. Таван жилийн дараа л хайрга, дайрга олборлох өөр орд барилгынханд зааж өгөөд зогсоож болно” гэж Өргөдлийн байнгын хороон дээр Туул голыг хамгаалах асуудал хэлэлцэхэд албаны хүн хэлж байсан. Энэ бол хүлээх боломжгүй шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудал. Ажил хариуцсан хүмүүстэй ярьж хөөрч эхэлсэн.

ЗАЙСАНГИЙН АМЫГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ГАРГАХ САНАЛ ГАРГАХГҮЙ

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар УИХ “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” гэж заасны дагуу хилийн заагийг өөрчлөхөөр заасан байдаг. Зайсангийн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах уу?

-Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амыг Улсын тусгай хамгаалалтаас гаргах, хилийн заагт өөрчлөлт оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Өнөөдөр Богд уулын буга бусад амьтан буугаад ирж байгаа тухай иргэд тэр дундаа тэнд амьдарч буй оршин суугчид өөрсдөө ярихаас гадна зураг авч, бичлэг хийж, сошиал орчинд тавьдаг. Бэлчээрлэх, амьдрах, хооллох ундлах газар нь хумигдсан учраас амьтан уруудсан нь тэр.

Түүгээр ч зогсохгүй амьтдын цус ойртсон талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Бас л сэтгэл өвдмөөр асуудал шүү. Ер нь газар дэлхий дээр биднээс гадна араатан жигүүртэн, амьд амьтан амьдардаг. Бид түүнийг нь булаагаад байна гэдгээ тооцож, асуудалд хандахгүй бол хүн талаасаа бодсон ч нүгэл үйлдэж буй хэрэг. БОАЖЯ Зайсангийн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах санал гаргахгүй.

-Зайсангийн амны суурьшлын бүсийн асуудлыг яаж цэгцлэх вэ?

-Эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар судалж тодорхой арга хэмжээ авна. Одоогийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, барилга байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмж жил бүр орсон орлогыг дархан цаазат газрын экосистемийг тэнцвэржүүлэх, байгаль хамгааллын ажилд зарцуулах, Богдхан уулын зүүн болон баруун талд амьтан чөлөөтэй шил­жин нүүх гүүрэн экологийн гарцыг барьж байгуулах, сэргээн нутагшуулах зэрэг ажлыг зохион байгуулах саналыг газар, хэлтсээс танилцуулсан.

Мөн 118 аж ахуйн нэгж, иргэнд дархан цаазат Богд уул, Горхи-Тэрэлжийн аманд газар олгох, хугацаа сунгах, эрх сэргээх, хэсэгчлэн цуцлах зөвшөөрөлд тамга даруулахаар оруулж ирсэн. Нэг бүрчлэн судалж, мэргэжлийн баг, хуульчид ажиллуулж байж шийднэ. Газрынхаа төлбөрийг төлөхгүй луу унжиж, эрхээ албаар цуцлуулаад шинээр лиценз авдаг залилагчид ч байдаг юм байна.

Нэг зүйлийг онцлоход, 2013 онд УИХ-ын тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Зайсан орчмын газрыг орон сууц, олон нийтийн бүс болгон ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Газрын асуудлыг төрийн байгууллагууд, ялангуяа мэргэжлийн байгууллагын байр суурийг сонсож байж шийдвэрлэх шаардлагатайн бас нэг бодит жишээ энэ.

-Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 20,5 хувьд хүрлээ. Засгийн газраас 2020 онд багтааж 25, цааш 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Үнэндээ энэ нь тооны араас хөөцөлдсөн “шоу” биш үү. Учир нь УТХ-д авсан газар нутгийн хэмжээг га талбайгаар нь тооцвол 30 гаруй саяд хүрсэн. Гэтэл тэнд төрийн нүд, чих алга. Иймд тоогоо нэмэх бус, хамгаалалтын менеж­ментийг сайжруулах талд Та  бодлогын ямар өөрчлөлт хийх вэ? Жишээ нь, Хустайн БЦГ, Их Нартын БНГ-ын хамгаа­лалтыг Байгалийн нөөцийн хамтын менежментийн хувьчлалаар хувийн байгууллагад хариуцуулсан нь үр дүнгээ өгч байна. Иймэрхүү байдлаар зарим газрын хамгаалалтыг хувьд өгөх боломжтой юу?

-Улсын тусгай хамгаалалттай газар нут­гийг өргөтгөх, тоог нэмэгдүүлэх 30 хувьд хүргэх асуудал зүгээр нэг тооны араас хөөцөлдсөн зүйл биш. Тухайлбал, БОАЖЯ, Олон улсын Де Нэйчэ Консерванси байгууллага, салбарын эрдэмтэн судлаа­чид­тай хамтран экологийн ач холбогдолтой газруудыг олон шалгуураар улсын хэмжээнд тог­тоож, экологийн ач холбогдлоор нь гурван үе шаттайгаар ангилан 2030 он хүртэл улсын тусгай хамгаалалтад авах газруудыг нарийвчлан тодорхойлсон. Хамгааллын менежментийн хувьд Хустайн байгалийн цогцолборт газрын жишгээр төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэг­­дүүлэх, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. 

-Эзэнгүй орхигдож эвдэрсэн газар 9,0 мянгаад га талбайгаар хэмжигдэж байна. Эзэнгүй гэхээр төрийн толгой дээр буучихдаг. Гэтэл энэ газрыг нөхөн сэргээхэд 160 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?

-Ерөнхий сайд нөхөн сэргээлтийн ажилд онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн. Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогоор нөхөн сэргээх шаардлагатай эзэнгүй орхигдсон найман мянган га талбай байгаа гэж үзсэн. БОАЖЯ орон нутаг, хууль хяналтын байгууллага болон Экологийн цагдаагийн албатай хамтран нөхөн сэргээлт хийгээгүй орхисон талбайн эзэн холбогдогчийг тогтоох, хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн. Одоогоор улсын хэмжээнд 24,3 мянган га газрыг нөхөн сэргээх шаардлагатай. Нэг га талбайг сэргээхэд 20 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоонд үндэслэн төсвийг 160 тэрбум төгрөг гэж үзэж байгаа юм билээ.

Зарим нь ч социализмын үед олборлолт хийгээд орхисон, дийлэнх нь лиценз дамнуулан наймаалж эзэн нь олдохгүй болсон газар гэсэн тайлбар авсан. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг хууль, журмын дагуу Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлдэг. Өнөөдрийн байд­лаар 16 тэрбум төгрөг дансанд төвлөрсөн байна. Нөхөн сэргээлтийн ажил шат дараа­тай хийгдэнэ. Бидний анхаарч буй гол асууд­­луудын нэг нөхөн сэргээлт. Энэ бол амар­гүй бөгөөд хөрөнгө мөнгө шаардах ажил.

-Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Дүнд нь, өмнө нь 500 см3 багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмж ашигладаг байсан нь 3500 см3 болж нэмэгдсэн. Ингэснээр зарим компани олон хариуцлагаас мултрахын тулд бичил уурхайчид болон нөхөрлөл байгуулах замаар олборлолт хийж байна. Алсдаа асар уршигтай энэ журмыг яаралтай хүчингүй болгох ёстой гэдэгт санал нийлэх үү?

-Энэхүү журам нь эвдэрсэн газрын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзсэн. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагын шалгалтаар уул уурхайн компаниудын татвар нэмэгдэж буйн улмаас бичил уурхай болон нөхөрлөл байгуулах замаар олборлолт хийх, мөн онц­гой хортой химийн бодис болох мөнгөн ус, цианид натри зэргийг хууль бусаар ашиг­лах, нөхөн сэргээлт хийхгүй орхих зэрэг олон зөрчил илэрч байна. Энэ журамд өөрчлөлт оруулахаар яамдаас санал авч байгаа.

ШИНЭ МЭДЭЭ