МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: Цаг үеийн тулгамдсан асуудлаар тойрогтоо ажиллаад ирлээ
2020.08.17
Орон нутгийн хөгжил

Б.Баярсайхан: Цаг үеийн тулгамдсан асуудлаар тойрогтоо ажиллаад ирлээ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

 Эх сурвалж: Зууны мэдээ сонин   Сэтгүүлч:Т.Батсайхан

 -Та тойрогтоо ажиллаад ирлээ. Завхан аймгийн тухайд шийдвэрлэх олон асуудал бий. Томилолтын хугацаанд яригдсан чухал ажлуудаас дурдахгүй юу?

 -УИХ-ын гишүүн нь иргэд байгууллагаас ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг судлах, хариу өгөх, эсвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага албан тушаалтанд уламжилж, эргээд иргэддээ мэдээлэх үүрэгтэй. Энэ хүрээнд Завхан аймгийн иргэд сонгогчдоос “Улиастай суманд “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа зам засварын ажил удааширч, хугацаандаа ашиглалтад орохгүй байна.  Иргэд шороо, тоосон дунд амьдарч байна”,”Улаанбаатар хотыг Завхан аймагтай холбох Загастайн давааны 67 км автозамын ажил, МУИС-ийн харьяа Завхан сургуультай холбоотой гомдол санал олон тоогоор ирж байгаа тул УИХ-ын гишүүний хувьд тойргийнхоо сонгогчдоос ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын дагуу ЗТЯ, ХХААХҮЯ, МУИС-д хүсэлт тавьж, холбогдох албан тушаалтнуудтай хамтран эдгээр асуудалтай газар дээр нь танилцаж, ажиллалаа.

-Олон жил дуншиж байгаа Загастайн давааны замын ажлын явц ямар байна вэ?

 - Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км автозамын хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа болох Загастайн давааг дайран өнгөрдөг автозам юм. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан улсын хэмжээнд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажил бүрэн хэрэгжихэд ганцхан Завхан аймгийн төв Улиастай хот үлдээд байна. Ард иргэд маань Загастайн давааны автозам ашиглалтад орохыг чих тавин хүлээдэг.

Автозамын асуудал шийдэгдээгүй учраас Завхан аймгийн хөгжлийн асуудлыг ч ярихад хэцүү. 2008 оноос хойш хэд хэдэн компани зам засварын ажлыг гүйцэтгэж байсан боловч ямар нэгэн шалтгаанаар дандаа дутуу орхисон байдаг. 2018 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу БНХАУ-ын “Чайна Констракшн коммюникейшн” компани шалгаран ажиллаж байна.

Туслан гүйцэтгэгчээр монголын “Арж Роуд” ХХК, “Түм Арвижих” ХХК ажиллаж байна. Олон компанийн дутуу гүйцэтгэлийн улмаас их хэмжээгээр үүссэн шороон овоолго, ухагдсан газруудыг нөхөн сэргээх болон чулуун уулыг сэтлэх ажилд нэмэлт хөрөнгө шаардлагатай гэж хүсэлт тавьсаны дагуу Зам, тээврийн дэд сайд болон холбогдох мэргэжилтнүүдтэй хамт явж, ажил байдалтай танилцсан.

-Томилолтын бүрэлдэхүүн нэлээд өргөн хүрээнд ажилласан байна. Өөр ямар асуудлуудыг шийдвэрлэж ажилласан бэ?

-Улиастай хотын гол зам болох Явуугийн гудамжинд дөрвөн эгнээ автозам тавих ажилтай танилцлаа. Энэ хавар, зуны турш Улиастайчуудыг бухимдуулсан энэ замын ажил “Шарын голоос дэвсэгч машинаа авчирч чадахгүй байгаа” гэсэн шалтгаанаар хучилтын ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй байна.

Аймгийн Засаг даргын зүгээс ажил гүйцэтгэж байгаа “Төгс зам” компанид удаа дараа үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй. Зам тээврийн дэд сайд энэ ажилтай танилцаад энэ сарын 20-ноос өмнө автозамын хучилтыг хийж дуусгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Мөн Алдархаан суманд тавигдаж байгаа 6.7 км автозамыг хүлээлгэн өгөх хугацаа болоогүй ч асфальт байхгүй гэсэн шалтгаанаар зогссон байна. Бүтээн байгуулалтын ажлуудад эрчим хүчний асуудал тулгарч байна гэдгийг хэлж байна. Манай аймгийн бас нэг хүндрэлтэй асуудал нь эрчим хүчний асуудал байдаг.

Асфальтын завод эрчим хүчний өндөр хүчин чадлаар ажилладаг учраас өдөртөө тасалддаг эрчим хүч нь замын ажилд саад болж байгааг ярьлаа. Тиймээс Завхан аймгийн эрчим хүчний асуудлыг сайжруулах талаар холбогдох газруудад уламжлан ажиллаж байна. Өнгөрсөн жил Завхан аймагт өвөлжилт хүндэрч, хойд таван сум зуданд нэрвэгдэж, нэлээд хохирол амссан. ХХААХҮЯ-ны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн аймгийн хөдөө аж ахуйн газарт ажиллаж, аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлээ түргэн шуурхай хангах үүрэг өгсөн.

Мөн олон жил чадварлаг хүний нөөц бэлтгэж байсан МУИС-ийн харьяа Завхан их сургуулийн үйл ажиллагаа доголдож, сүүлийн жилүүдэд багшийн тоо цөөрч, өнөөдрийн байдлаар 50-60 оюутантай хичээллэж байна. Иймд МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг Завхан аймагт очиж, тус сургуулийн удирдлага, багш ажилчидтай сургуулиа хэрхэн хэвийн үйл ажиллагаатай болгох талаар хэлэлцэж, нилээн үр дүнтэй шийдлүүдийг олсон байгаа.

Үүнээс гадна нэг зүйлийг тодотгон хэлэхэд Завхан аймагт Улсын төсвийн хөрөнгөөр маш чанаргүй хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд байгаа. Энэ ажлуудыг гүйцэтгэсэн компани, хяналт тавьсан төрийн албан хаагчид нь тодорхой хэмжээгээр хариуцлагаа ухамсарлаж, алдаагаа засч, улсыг болон ард иргэдийг хохиролгүй болгох ёстой гэж үзэж байна.

 -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх товтой байна. Завхан аймагт аялал жуулчлалын цогцолбор барих асуудал тусгагдсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

- Манай Завханд аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Үзэсгэлэнт байгаль, онцгой зүй тогтол бүхий байгалийн тогтоц газар олон. Энэ зун дотоодын жуулчдын хөлд нэлээд дарагдлаа. Отгонтэнгэр хайрхан, Улаагчийн хар нуур зэрэг хэдхэн тодорхой маршрут байдаг ч үүнээс өөр монгол хүний үзэх ёстой газар манай аймагт олон бий.

Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Отгонтэнгэрийн байгалийн цогцолборт газар байгуулна гэдгийг тусгасан. УИХ-ын гишүүний хувьд Завхан аймагт хийгдэх ажлуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж, үр дүнтэй хэрэгжихэд нь анхаарч ажиллана.

 -Таныг тойрогтоо ажиллах хугацаанд цахим орчинд нэлээд шүүмжиллээ. УИХ-ын гишүүн бол үүрэг чиглэл өгдөг албан тушаалтан биш, хууль эрх зүйн хүрээнд ажиллахгүй байна гэлээ. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

 - Дээр дурдсан ажлуудтай газар дээр нь танилцаж, гарц шийдэл хайхаар холбогдох төрийн байгууллагуудын албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй хамт ажилласан. Тэд өөр өөрийн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж, үүрэг даалгавраа өгсөн. Үүнийг би гишүүний хувьд албан ёсны цахим хуудастаа мэдээлсэн. УИХ-ын гишүүн хүн ард иргэдийн төлөөллийн хувьд тэднээс ирж байгаа хүсэлт гомдлыг холбогдох байгууллагад нь уламжилж, эрх ашгийг нь хамгаалах тал дээр гүүр болж ажиллах ёстой.

-Дараагийн нэг асуудал нь таны хувцаслалт олны анхаарлыг татаад байна?

 -Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн дагуу төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудыг цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад хамруулдаг. Үүний дагуу Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа дэслэгч цол авч, бэлтгэл офицер болсон.

Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан байгаа энэ үед төрөөс өөрт олгогдсон хувцсыг өмссөн. Дахин хэлэхэд би зугаалж яваагүй, ажил хийж явсан. Олон жилийн турш орон нутагт ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтнууд энэ хувцсыг өмсөж л байдаг. Эмэгтэй хүн өмсөхөөр эмзэглээд байгааг ойлгохгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ