2020.08.17
Эдийн засаг, Худалдаа
С.Одонтуяа: Хямралын үед ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
“Түүхэнд байгаагүй их алдагдалтай төсөв батлах гэж байна. Энэ өр ард түмний нуруун дээр ирэх байх. Бүгдийг Ковид19 гэх хэрэггүй. Өмнө нь эдийн засгийн таатай нөхцөлд байсан. Улс орнууд төсвөө тодотгож байгаа гэхээр болно л гээд байсан. Энэ сонгуультай л холбоотой ажлаа хийж авсан байх.
Ямар ч тооцоололгүй хөрөнгө оруулалт хийгдсэн. Шаардлагагүй музей, хөшөө энэ тэр гээд л хийсэн. Сангийн сайд төсөвтөө хүн амын тоонд харьцуулж баталмаар байна. 2020 оны төсөвт Хэнтий аймгийн нэг иргэд 1,2 сая төгрөг ногдож байсан бол Увс аймагт 900,000, Баянгол дүүрэг 200 мянган төгрөг байх жишээтэй. Үүнийг бодитойгоор төсөөлж гаргах ёстой.
Та өмнө нь төсвийн алдагдлын тэнцвэржүүлсэн тэнцэл нь ДНБ-ий 2%-иас хэтрэх ёсгүй гэж байнга хэлдэг байсан. Гэтэл энэ одоо хамаагүй болжээ. 2016 оноос төсвийн төсөл өргөн барих бүртээ төсвийн тогтворжуулах сангийн хуулийг өөрчилдөг. Үүнийгээ болих хэрэгтэй.
Хямралын үед ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. 2 настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэж байна. Ээжүүд ажлаа яаж хийх вэ? Хүүхэд харах үйлчилгээ энэ үед их тохиромжтой. Ээж аав нь ажлаа хийнэ. Ажлын байр ч бий болно. Үүнд хэдэн төгрөг тусгасан бэ? Жижиг хэрнээ том асуудал энэ юм шүү.”
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.